Дэд хурандаа П.Өлзийсайханд зохиомол хэрэг тулгасан гэв

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Дэд хурандаа П.Өлзийсайханд зохиомол хэрэг тулгасан гэв

Сэлэнгэ аймгийн эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн зохиомол хэрэг үүсгэж, цагдан хорьж байгаа талаар өнөөдөр түүний өмгөөлөгч Л.Баттогтох, болон ар гэрийнхэн нь сэтгүүлчдэд хандлаа. Тэдний хэлж байгаагаар дэд хурандаа П.Өлзийсайхан нь хэдэн жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын орлогч Ш.Болд-Эрдэнийг бусдаас авлига авсан гэх асуудлыг илчлэн АТГ-т хандаж шалгуулжээ. Ш.Болд-Эрдэнэ гэгчийн хувьд хэргийг нь цагаатгаж өгнө хэмээн бусдаас авлига авсан нь шүүхээс ял сонсч, нэг жил орчмыг нь биеэр ял эдлээд магадлангаар суллагдсан нэгэн юм байна. Улмаар гарч ирснийхээ дараа өөрийг нь шалгасан АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, дэд хурандаа П.Өлзийсайхан нарыг хууль бусаар нотлох баримт цуглуулсан, эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгуулсан ч гурван шатны шүүхээс хууль зөрчөөгүй болохыг нь тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Гэвч дахин өөр гомдлоор буюу долоон жилийн өмнө П.Өлзийсайханы Замын цагдаагийн байцаагч н.Мөнгөнхутгатай  ажлын шаардлагаас маргалдаж, нэг удаа  алгадсан асуудлыг сөхөн бусдад санаатайгаар хүнд гэмтэл учрууулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгүүлсэн аж. Харин хэргийн хохирогч гэгдээд буй Замын цагдаагийн байцаагч н.Мөнгөнхутга өөрөө гомдол гаргаагүй гэдэг тайлбарыг өгчээ. Хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлсэн бөгөөд П.Өлзийсайханы өмгөөлөгч, ар гэрийнхний зүгээс өс хонзон авах зорилгоор зориуд үүсгэсэн эл хэргийг шүүх үнэн шударгаар шийдэж өгөхийг хүсч байгаагаа дамжууллаа.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж