Монгол Улсын төлбөрийн тэнцэл сүүлийн үед алдагдалтай байгаа талаар холбогдох байгууллагуудаас анхааруулах болсон. Тиймээс эдийн засагт үүсээд буй эдгээр асуудалтай холбоотойгоор МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор, Б.Алтанцэцэгээс дараахь асуултад хариулт авлаа.
-Монгол Улсын төлбөрийн тэнцэл он гарснаас хойш алдагдалтай гарах болсон талаар эдийн засагчид, Үндэсний статистикийн хорооны тоон мэдээнд онцлох болов. Тэнцлийн алдагдал удаан үргэлжилбэл эдийн засагт ямар сувгаар яаж нөлөөлнө гэсэн үг вэ?
-Ер нь өнөөдөр ам.долларын төгрөгтэй харьцах ханш өсөж эдийн засагт нэлээд бужигнаан үүсгэж байна. Ханшид гарч буй энэ өөрчлөлт юунаас болсон юм бэ, яагаад ийм тогтворгүй байна вэ гэхээр төлбөрийн тэнцлийн алдагдал бий болсноос үүссэн үзэгдэл гэж болно. Гадаад худалдааны урсгал тэнцэл муу байгаагаас энэ байдал үүсдэг. Урсгал тэнцэл гэж юу юм бэ гэхээр монголчуудын гаднаас авдаг бараа бүтээгдэхүүнд буюу импортод зарцуулж буй зардал, экспортоос олдог орлого хоёрын зөрүү юм. Нөгөөтэйгүүр экспортын орлого гэдэг бол валютын нөөцийг нэмэгдүүлэх нэг том суваг. Манай улсын орлогын гол багана болсон уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх үнэ муу байгаа мөн хөрөнгө оруулалт 46 хувь хүртэл эрс татарсан энэ үед ам.долларын орох урсгал төдий чинээ багасчихсан байгаа гэсэн үг. Түүнчлэн импортын бүтээгдэхүүн худалдан авах гэж ам.долларын эрэлт ихэсдэг.
-Таны хийсэн судалгаанд төлбөрийн тэнцлийн алдагдлыг ДНБ-ий өсөлттэй холбон тайлбарласан байсан. Манай улсын ДНБ хөрш орнуудаас харьцангуй өндөр байгаа нь төлбөрийн тэнцэлд яагаад сөргөөр нөлөөлсөн юм бэ. Үүнийг тайлбарлаач?
-Манай улсын ДНБ өнгөрсөн 2010 оноос хойш өндөр хурдтай өсөж байгаа. Жишээлбэл, 2012 онд 12.4 хувь, энэ оны нэгдүгээр улиралд 7.1, гуравдугаар улиралд 11.3 хувиар өссөн байна. Түүнээс гадна 2012 оны байдлаар ОХУ-ын ДНБ 3.4 хувь, БНХАУ 7.8 хувь, дэлхийн ДНБ 2.2 хувиар өссөн байхад манайх 12.4 хувь өссөн эерэг нөлөө төлбөрийн тэнцлийн алдагдалд нөлөөлчихсөн. Яаж нөлөөлсөн юм бэ гэхээр урсгал тэнцлийн томоохон хэсгийг хэрэглэгчид тодорхойлж байдаг. Тэгэхээр ДНБ, эдийн засаг ингэж өсөж байна гэдэг нь бидний орлого нэмэгдэж буй гэсэн үг. Мэдээж хэрэг орлого нэмэгдэхээр бидний бараа, бүтээгдэхүүн худалдаж авах чадвар нь сайжирч эрэлт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий ч эрэлт өснө, гадаадад үйлдвэрлэсэн импортын барааны ч эрэлт өсөх юм. Эцсийн дүн нь ихэнх бараагаа гадаадаас авдаг монголчууд импортын барааг ихээр худалдан авсан болж таарна. Ингээд экспортынх нь орлого тасарчихсан улсад импорт нь хамаагүй давна гэсэн үг.
-Ер нь төгрөгийн ханшийн өөрчлөлтийн нөлөө төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах боломжтой юу. Хэрэв боломжтой бол яаж вэ?
-Зах зээлийн систем гэдэг чинь өөрөөр өөрийгөө зохицуулах, тэнцвэржүүлэх чадвараараа сайн байдаг. Тухайлбал, өнөөдөр төлбөрийн тэнцлийн алдагдал юун дээр илэрч байна вэ гэхээр дээр дурьдсанаар төгрөгийн ханшийн сулрал дээр илэрч байна. Төгрөгийн бусад валютуудтай харьцах чадвар нь муудахаар манай улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлд сайн борлогдоно. Нөгөө талаар гадаадаас орж ирдэг бараа, бүтээгдэхүүний үнэ Монголд өндөр болчих учраас хэрэглэгчид татгалзаж эхлэх юм. Энэ нь эерэг нөлөө буюу дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн механизм болж хувирах учиртай. Үндсэндээ дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн, инфляцийн эсрэг зогсох дархлааг бий болгож байгаагийн нэгэн илрэл.
-Төгрөгийн ханш суларлаа гээд үндэсний үйлдвэрлэгчдэд тийм ч сайн үр дүн авчрахгүй байна гэж байна. Учир нь ихэнх дайвар бүтээгдэхүүн нь импортынх болохоор алдагдалд хүрчихдэг гэсэн. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд бас л өндөр үнэтэй ирж байна гэх шүүмжлэл бий?
-Ийм яриа байгаа нь үнэн. Гэвч хэрэглэгчид үнэ ямар байхыг тогтоодог шүү дээ. Тэгэхээр үнэ нь өсөөд буй тухайн барааг худалдаж авахаа багасгачих л даа. Худалдан авалт нь муудчихсан барааны үнэ буурахгүй гээд яах юм бэ. Монголчуудад ийм нэг уялдаагүй байр суурь яваад байгаа юм. Саяхныг хүртэл “Монголд Голланд өвчин /инфляци/ нүүрлэх нь. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурлаа, улам шахагдах нь, болохоо байлаа” гэж баахан ярьцгаасан. Гэтэл ингэж төгрөгийн ханшийг сулруулах утгатай гомдол хэлчихээд өнөөдөр төгрөгийн ханш сулрахаар болохгүй байна гэдэг нь үнэн хэрэг дээрээ ямар ч логикгүй, бодит байдалтай нийцэшгүй байр суурь юм. Бид одоо сонголтоо хийх ёстой. Тэгж байж гэмээнэ Монгол Улсын эдийн засаг урт хугацаандаа тогтвортой байх боломж нь бүрдэнэ. Түүнчлэн төгрөгийн ханш сул байж цаашдаа Монголын гэх бүтээгдэхүүн олон улсад худалдаалагдана, тэр хэмжээгээр эдийн засгийн өсөлт бий болно. Юу ч зарахгүй зөвхөн төмөр, зэс, алт, нүүрсээ зараад байвал газрын баялаг нь нөхөн сэргээгдэшгүй учраас хэзээ нэгэн цагт дуусна биз дээ. Одооноос л энэ бүхнээ шийдэх, сонгох, цэгцлэх цаг болсон. Гаднаас их орлого олохын тулд экспортоо нэмэгдүүлэх бодлогыг түлхүү хэрэгжүүлэх хэрэгтэй. Эцэст нь монголчуудын үйлдвэрлэсэн бараа ч юм уу манай улсын экспорт нэмэгдэхээр өнөөх ам.долларын дутагдал аяандаа арилж, төгрөгтэй харьцах ханш нь тогтворжих юм. Нөгөөтэйгүүр төлбөрийн тэнцлийн алдагдал үүслээ гэж айх хэрэггүй, үүнийг урт хугацааны боломж гэж харах нь хамгийн зөв хувилбар.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин