Эрүүл хооллолт эрүүл хэрэглээнээс эхэлдэг

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Эрүүл хооллолт эрүүл хэрэглээнээс эхэлдэг

“Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх өдөр ирнэ шүү” гэсэн үг бий. Өнөө цагийн хүн төрөлхтөн хийжүүлсэн ундаа ууж, хэдэн арав дахин боловсруулсан хүнс идэж, ширээний ард сууж цахилгаан дэлгэцийг өдөр шөнөгүй ширтэж хөдөлгөөнөөр “цангах” болсон. Энэ зуураа ходоод руугаа юу “шидэж” буй талаар анзааргаа ч ардаа орхиод мөнгөний хойноос улайран зүтгэж буй нь бидний үнэн билээ. Сүүлийн үеийн судалгаанаас харсан ч тэр өнөө цагийн дэлхийн хүн амын үхлийн шалтгаан нь дээрх хөдөлгөөний дутагдал болон зүй зохисгүй хооллолт, химийн бордоо аятай хүнсний үйлдвэрлэл болоод байна.

Эрүүл ба зохиомол хүнс

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон хүнсэнд бүл нэмж байгаа бүтээгдэхүүн дотор генийн өөрчлөлтөнд орсон, хүнс гэхээсээ хор болсон заримыг нь хүн төрөлхтөн өдий болтол анзаараагүй л байна. Элдэв чамин уут саваар боож баглаад, өнгө алаглуулж, хэлбэр хийцийг нь аргагүй л аазгай хөдөлгөмөөр урлачихаар хэн хүн татагдахгүй байхын аргагүй биз. Лаагаар өнгөлсөн алим, 45 хоногт бэлэн болдог салат навч гээд энд урт жагсаалт гаргаж болох юм.Гэвч бидний хэн нь ч ийм хүнс байдаг гэдэгт итгэхийг хүсдэггүй. Ялангуяа, хүнснийхээ 70 гаруй хувийг импортоор авдаг манай улсын хувьд сонголт гээд байхаар зүйл ховор. Хуучны хүмүүс алим хэчнээн тансаг үнэртэй байсныг дурсдаг бол өнөөдрийн супермаркетын лангуун дээр өрөөстэй гял цал жимснүүдээс ямар ч үнэр ханхлахгүй. Бас муудахгүй. Ийм генийн өөрчлөлттэй хүнс ямар сөрөг үр дагавар авчирдаг талаар дэлхийн эрдэмтэд одоог хэр нь нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй. Хэн ч түүнийг хортой гэж батлаагүй, бас хоргүйг нотлоогүй. Генийн өөрчлөлттэй хүнснээс болж эрүүл мэндээрээ хохирсон гэсэн тохиолдол, баталгаа байдаггүй ч алсдаа хүний удамшилд хор хөнөөл үзүүлнэ гэж үздэг эрдэмтэд бий аж. Тухайлбал, хүний идсэн хоол хүнс хоол боловсруулах замд орсноор ферментүүдийн үйлчлэлд орж эцэст нь аминхүчлүүд ба генүүд болж задардаг. Аминхүчлүүд нь хүний бие организмд хүч чадал өгдөг бол генүүд нь бие организмыг нөхөн бүтээхэд оролцдог. Энэ үйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генүүд шимэгдэж орохоос эхэлнэ. Генийн өөрчлөлттэй хүнсийг байнга хэрэглэснээс болж аюултай харшлууд шинээр үүсэх, хүнсний хүнд хордлогууд, өмөн үүгийн нэг гол шалтгаан болоод зогсохгүй хүний үр хөврөлийн болон бие эрхтний гаж хөгжил буюу дээр өгүүлсэн мутаци үүсэх шалтгаан, эрсдлийг нэмэгдүүлж байгаа, түүнчлэн хүний организмыг антибиотикуудад мэдрэмжгүй болох явдлыг ихэсгэж байгаа талаар олон эрдэмтэн судлаачид анхааруулдаг байна.

Эрүүл хооллолт биднээс шалтгаална

Хооллолтын талаар орон орны судлаачид өөр өөрийн судалгаа хийжээ. Тэдгээрийн нэг нь Дэлхийн хавдар судлалын сангаас хүний хооллолт ба хавдрын харилцан уялдааг судалсан байна.Тэд 7000 хүний дунд судалгаа явуулжээ. Эндээс гарсан хамгийн эхний дүгнэлт бол махны хэрэглээ хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж буй явдал байлаа. Тэдний судалгааны дүн дэлхий даяар тархаж гадаад, дотоодын хэрэглэгчдийнхээ дунд шуугиан тариад байна. Тэдний гаргасан судалгааны хариунд дараахь хүнснээс аль болох татгалзахыг сануулсан байна. Эдгээрээс монголчуудад илүү ойр сэдэв нь мах. Ядаж л өдөр бүрийн хоолны цэсэндээ шинэ, хөргөсөн мах хэрэглээд байвал монголчууд бидний хувьд эрүүл хооллолтын үндэс тавигдаж байна гэсэн үг юм.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж