УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой ярилцлаа.
-Та Ерөнхий сайд байсан хүний хувьд эдийн засгийн өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд ямар тайлбар өгөх вэ?
-Ер нь өнгөрсөн дөрвөн жилд, 2008-2012 онд бид улс орны хөгжлийн магадгүй, ойрын 10-20 жилийн эрчимтэй хөгжлийн үндэс суурийг тавьсан гэж боддог. Олон жил гацсан томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн шийдвэрүүд өнгөрсөн хугацаанд гарсан л даа. Хамтарсан Засгийн газар байгуулж, УИХ-аар дээрх асуудлуудыг оруулсан. Ингээд Оюу толгой, Таван толгой, төмөр замын асуудал мөн эдийн засгийн гол гол салбаруудын хувьд томоохон шийдвэрүүдийг гаргасан ийм дөрвөн жил болж өнгөрсөн.
Мөн бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье, компанийн засаглалыг сайжруулж шинэчилье, Европын стандартыг авч нутагшуулах асуудлыг дэвшүүлсэн. Ингэж эдийн засгийн төдийгүй, бодлогын томоохон асуудлуудыг ч гэсэн бид хөдөлгөж, суурийг нь тавьсан байсан.
Цаг хугацааны хувьд эхлэх үндэс суурийг нь тавиад энэ ажлууд эрч хүчээ 2012-2016 оны хооронд авч, Оюу толгойн төслүүдийн өмнөтгөл нь эхэлж, жигдрэх ийм боломж нөхцөл бүрдсэн байх ёстой юм. УИХ-ын шийдвэрийн дагуу Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг эхлүүлсэн. Зүүн цанхи дээр үйл ажиллагаа нь эхэлсэн байгаа. Баруун цанхийн үйл ажиллагааг олон улсын консерциум явуулах асуудал дээр ярвигтай олон талт яриа хэлэлцээнүүд нь эцэслэгдэж шийдэгдээгүй. Ингээд сонгууль дамжиж орж ирсэн. Баруун цанхийн үйл ажиллагааг Засгийн газраас эхлүүлж байгаа нь энэ ажлыг улам эрчимжүүлж буй ажил гэж боддог. Харин ямар зарчмаар, ямар шалгуур үндэслэлээр оператор компанийг оруулж ажиллуулж байгаа нь бидэнд ил тод, нээлттэй биш байгаа юм. Гэхдээ энэ үндэс сууриа тавьж, эхлүүлсэн төслүүд маань авах ёстой эрч хүчээ өнгөрсөн жил хагасын хугацаанд авч чадсангүй. Зарим төслүүд саатах, удаашрах байдалтай байна.
-Тухайн үед хийгдсэн гэрээ хэлэлцээрүүд муу, үр дүн багатайгаас Монголын эдийн засагт савлагаа үүсээд байгаа талаар зарим төрийн түшээд, эдийн засагчид мэдэгдсэн. Эдийн засгийн доктор хүний хувьд танаас тодорхой хариулт авмаар байна?
-Манай Засгийн газрын үед ч гэсэн ярьдаг байсан. Мэдээж төгс төгөлдөр болсон гэрээ гэж хэлэхгүй. Эхлэлийг нь бол тавьсан, сайжруулах л ёстой. Энэ утгаар нь бид хэд хэдэн удаа яриа, хэлэлцээр хөрөнгө оруулагч талтай хийж, зээлийн хүүг бууруулах, гуравдагч талд Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарахгүй байх. Манай оролцоо доошоо буухгүй байх гэх мэтийн өөрчлөлтүүдийг хувь нийлүүлэгчдийн гэрээнд нь оруулж, хийж, өөрчилж ирсэн. Цаашдаа Монголын талын хувь оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай яриа хэлэлцээр хийх ёстой гэж Их хурлаас бидэнд чиглэл өгсөн. Энэ дагуу яриа, хэлэлцээр хийж хугацааны хувьд тодорхой 30 жил биш, хөрөнгө оруулалтаа нөхөж дуусмагц хувь хэмжээг нэмэгдүүлэх ийм яриа хэлэлцээр хийх боломжтой.
-Тэгэхээр Монголын эдийн засгийн гол зүтгүүрүүд маань яавал асч, зөв гольдролд орно гэж та харж байгаа вэ?
-Гол гэсэн төслүүдийг өнгөрсөн дөрвөн жилд асаагаад тавьчихсан. Харин одоо миний түрүүчийн хэлдэгээр эрч хүчийг нь зөв авахуулж ажиллуулах хэрэгтэй. Энэ ажил маань бидний төлөвлөж байснаас удаж байна. Үүнийг эрчимжүүлэх ёстой.
-Та бүхэн 2013 оны эхний найман сарын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтийг сайн мэдэж байгаа. Эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг монголчууд хэрхэн давж гарах бол?
-Эдийн засаг хүндэрлээ гэдэг асуудал харьцангуй ойлголт л доо. 2008-2009 онд эдийн засаг хүндэрсэн, хямралын жилүүд байсан шүү дээ. Дэлхийн эдийн засагт өнөөдрөөс ч илүү хүчтэй хямралтай жилүүд байсан. Хамгийн гол нь бидний өөрсдийн хүчин чармайлт, хүч хөдөлмөр, зөв бодлого, бодлогын залгамж чанар, тогтвортой бизнес орчин, хөгжлийн нөхцөлийг хангах ёстой. Сүүлийн жил гарангийн хугацаанаас харахад, эдийн засгийн өсөлт буурсан. Үүнийг манайхан дэлхийн зах зээл, үндсэн түүхий эдийн үнэ ханштай холбож байна. Өмнөх Засгийн газрын алдаатай үйл ажиллагаатай холбодог. Европын эдийн засаг хямралаас гарах хандлагатай байна. АНУ-ын эдийн засаг үзүүлэлтүүдээ сүүлийн 2-3 жил нэлээн өөдрөгөөр төсөөлж байгаа. Хятадын эдийн засгийг тэгж үзэж байна. Өмнөх Засгийн үйл ажиллагаа бол нэгдүгээрт хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа байсан. Хоёрдугаарт УИХ-ын шийдвэр тогтоолыг хэрэгжүүлэх байлаа. Жишээ нь, өмнөх Засгийн газар өр тавьсан гэж яриад байдаг юм.
-Ингэхэд тэр өрийн асуудал хаанаас үүссэн юм бэ?
-Үнэнийг хэлэхэд Ардчилсан нам анх сонгуулийн амлалтыг гаргасан. Бэлэн мөнгө нэг сая төгрөг өгнө гэсэн. Тэгээд Ардын нам бас хувь хувьцаа, бэлэн мөнгө амлана гэж нэмсэн. Ингээд 2008 оны сонгуулиар 1.5 сая төгрөг амласан. Тэгэхээр хоёр нам хоёулаа сонгуулийн амлалтыг амлаж ирсэн байгаа. Тэгэхээр энэ зүйл бэлэн мөнгөний амлалт, бэлэнчлэх сэтгэлгээг гаргах зүйлийг улс төрийн намууд өөрсдөө сонгуулийнхаа мөрийн хөтөлбөр, уриа, лоозондоо оруулсан зүйл. Тэрийг нь УИХ хамтарсан Засгийн газар байгуулагдахад, Засгийн газрын мөрийн хөтөлбөр оруулж баталж, Хүний хөгжлийн сангийн хуулийг баталж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байдаг. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар ажилласан. Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу иргэн бүрт 21 мянган төгрөг олгоно гэсэн. Таван толгойгоос авсан урьдчилгаа төлбөрийг авахдаа бид нар ямар нэгэн Засгийн газрын баталгаа, бонд гаргаагүй. Засгийн газарт ачаалал үүрүүлээгүй. Тухайн компани нь нүүрснийхээ урьдчилгаа төлбөрийг аваад, тэр төлбөр нь Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу ард иргэдэд хүртээгдсэн зүйл. Эрдэнэтийн ноогдол ашгийн урьдчилгаа, мөн Оюутолгойн урьдчилгаа төлбөрүүдийг авч хүний хөгжлийн сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлууд явагдсан. Энэ өр маань Засгийн газар аваад, Засгийн газар дээр тавьсан өр биш. Тухайн аж ахуйн нэгжүүдийн ноогдол ашгийн эсвэл бүтээгдэхүүнээр төлөх төлбөр, урьдчилгаа байсан. 2011 онд бид 4,9 тэрбумын зарлагатай байсан. 2012 онд зургаан тэрбумд хүрсэн. Одоо бол 7.4 тэрбум болж байгаа. Өмнөх жилүүдээс өндөр, төсвийн зарлагыг батлуулсан. Хэдий өрийн тухай ярьж байгаа ч гэсэн бодитойгоор үлдээсэн илүү зүйл нь болбол бид Хөгжлийн банкинд 580 сая ам.долларын зээлийг сонгуулийн өмнөх нь тавдугаар сард аваад, тэр чигээр нь ашиглахгүйгээр дараагийн Засгийн газарт шилжүүлж өгсөн. 1.5 тэрбум ам.долларын дүнтэй “Чингэс” бондыг Засгийн газар гаргасан. Энэ бол өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны залгамж чанар, бий болгосон хөрс нөхцөлийг л олон улсын банк санхүүгийн зах зээл дэмжиж өгч байгаа зүйл. Ийм мөнгө гарч ирсэн. Монгол банкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гурван их наяд төгрөгийг эдийн засаг руу оруулсан байгаа. Дээр нь Засгийн газарт нэг тэрбум төгрөгтэй тэнцэх бондыг дотооддоо гаргасан. Тэгэхээр өмнөх Засгийн газарт ийм боломж, тансаглал байгаагүй.
-Таны хэлсэнчлэн ийм дэмжлэг байгаа мөртлөө яагаад эдийн засаг маань бууралттай, валютын ханш нь савлагаатай, үндсэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөлттэй байна вэ?
-Эдийн засгийг бид улам төлөвшүүлж явуулах ёстой. Энэ дээр хэд хэдэн зүйл байгаагийн нэг нь төрийн бодлого маань өөрөө залгамж чанараа хадгалдаг байх ёстой. Өмнө нь олсон ололтоо үгүйсгэх биш, улам баталгаажуулж явдаг зарчим байх ёстой гэж үздэг. Үгүйсгээд бодлогыг өөрчилсөн юм олон зүйл дээр байхгүй ч гэсэн эргэж харах, цаг хугацаа алдах, хөрөнгө оруулалтын орчинд нь үл итгэх байдал үүсгэж байгаа нь өөрөө болгоомжлол өгөөд байгаа дохио юм. Хөрөнгө оруулалт тэрнээс болж зогсонги байдалд орж, буурч байгаа. Жишээ нь 2012 оны эхний улирлаар хөрөнгө оруулалтыг 68 хувиар өсч байна гэж үзсэн. Гэтэл энэ оны эхний хагас жилийн дүнгээр гарсан тоо баримтаар шууд хөрөнгө оруулалт 46 хувиар буурч байна. Бодлогоор оруулж мөнгө байлаа гэхэд, шууд хөрөнгө оруулалт багасч байгаа нь зах зээлийн онолоор явах мөнгөний урсгалд сөргөөр нөлөөлж байгаа. Тийм учраас тогтвортой бизнесийн орчин, тогтвортой хөгжлийн бодлогыг хангах асуудал хамгийн чухал зүйл юм. Манай хөгжилд сонгуулиас сонгуульд ярьдаг бодлого гэхээс илүү үндэсний хөгжлийн тогтвортой цогц бодлого, өмнөх ололтоо улам баталгаажуулсан бодлого хэрэгтэй байна гэдгийг дүгнэх ёстой болов уу.
-Хөрөнгө оруулалтын талаарх таны байр суурь?
-Хөрөнгө оруулалтын хууль өөрчлөгдсөний маргаашаас хөрөнгө оруулагчид гүйгээд ирэхгүй л байх. Хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээг авах ёстой. Бидний чадвар ямар түвшинд байна вэ. Хөрш, төстэй орнуудтай харьцуулахад бид юун дээрээ ухраад, юун дээрээ урагшлаад байна вэ гэдгийг үзэх ёстой. Өрсөлдөх чадварын индекс дотор төрийн оролцоо огцом нэмэгдээд байна. Төрийн оролцоо эдийн засаг, бизнесийн салбарт хүчтэй орж байгаа нь өөрөө дахиад болгоомжлол төрүүлээд байна. Төр өөр рүүгээ “хөнжлөө” татаад байвал бизнесийн орчин нь хумигдана. Үүнийг буцааж либерал эдийн засгийн бодлого, тэр зах зээлийн үндсэн горим зохицуулалтан дээр байлгах ёстой юм байна. Энэ нь бол тогтвортой, хуулиараа хамгаалагдсан байх ёстой юм байна. Энэ нь өрсөлдөх чадварыг хангаж чадах ёстой юм байна. Таатай бизнесийн орчин гэхээр манайхан, эсвэл гадна, дотны хэн нэгэнд тусгай хөнгөлөлт чөлөөлөлт өгөх гээд байна гэдэг ойлголтыг авч хаях ёстой байгаа юм.
-Чалкотой хийсэн гэрээний хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ чинь нүүрсний урьдчилгаа төлбөрийг авсан асуудал. Нэг ёсондоо мөнгөөр өр төлнө гэсэн үг биш. Газар дор байгаа бүтээгдэхүүнээ зарна. Тэгээд урьдчилаад мөнгийг нь авахдаа УИХ-ын шийдвэртэй, хоёр намын сонгуулийн амлалттай, Хүний хөгжлийн сангийн хуулийг хэрэгжүүлэх, 21 мянган төгрөгийн амлалтыг хэрэгжүүлэх ажлыг л бид хийсэн. Энэ бол ард түмэнд өгсөн мөнгө. Гэхдээ үүнийг хамтарсан Засгийн газрын үед хийсэн зүйл шүү дээ. Тэргүүн Шадар сайд, Сангийн сайд бүгд АН-аас байсан. Ямар ч байсан энэ гэрээ Монгол, Хятадын төрийн өмчит, аж ахуйн нэгж хоёрын хооронд нээлттэй хийгдсэн олон улсын зах зээлийн жишиг, нүүрсний үнэ, томъёоллоор хийгдсэн гэрээ гэж ойлгож байгаа. Гэрээний хувьд зах зээлийн үнэ дээр тулгуурласан томъёогоор хийгдсэн гэрээ учраас энэ бол зөв зүйтэй зүйл. Бид мөн Оросоос авдаг бензин, нефтийг томъёогоор авдаг.
-Ээлжит бус чуулганаар өргөн барьсан нэр бүхий таван хууль Монголын эдийн засагт ямар үр дүн өгөх бол?
-Хөрөнгө оруулалтын хуулийн хувьд хөрөнгө оруулалтын орчинд дүгнэлт хийлгэх түүнийг тогтвортой болгоход чиглэгдсэн хууль гэж ойлгож байна. Тогтворжуулахдаа зөвхөн том эсвэл гадны компаниудад зориулсан биш, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг бүгдийг хамруулах, тодорхой шатлал, ангилалтай байлгаж жижиг дунд бизнесийг хамруулах улмаар хууль тэгш үйлчилдэг зарчимтай байх ёстой гэдэг зүйлийг бид ярьж байгаа л даа.
-Тогтвортой эдийн засгийг хөгжлийг хангахын тулд юу хйих хэрэгтэй вэ?
-Бидний сурах ёстой хоёр зүйлийг дурдмаар байна. Ерөнхийдөө сэтгэлийн хөдлөлөөр популизмаар асуудалд хандах, ялангуяа хуулиудыг санаачлах асуудал дээр нэлээд гардаг. Сайн тал бий. Зарим нэг цаг үеэ олсон шуурхай байх ёстой зүйл бий. Ихэнх тохиолдолд судалгаа, тооцоо, үндэслэл муутай. Тэрнээс болоод эргэж өөрчлөгдөх нөхцөл рүү ордог. Бид цаашид зах зээлийн нийгмийг улам төлөвшүүлж, хөгжүүлэхдээ, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхдээ, тогтвортой эдийн засгийг хөгжлийг хангахын тулд юу хэрэгтэй байна гэхээр шинжлэх ухааны үндэстэй, судалгаа тооцоон дээр үндэслэсэн, ийм шийдвэрүүдийг гаргаж байх ёстой. Тэдгээр судалгаа тооцоог мэргэжлийн хүмүүс гаргасан байх хэрэгтэй. Улс төрчид бол мэргэжлийн хүмүүсийн маш нарийн хийсэн судалгааг, тооцоог нухацтай авч үзэж, Их хурлаар хэлэлцүүлдэг тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Энэ бол цаашдын тогтвортой хөгжлийн, итгэлийг даах хөгжлийн алхам юм.
Мөн эдийн засгийн, бизнесийнхний санал бодлыг тусгасан бодлого улам хэрэгтэй болж байна. Ерөнхийлөгч хэлж байсан шүү дээ. Нээрээ л төрийн оролцоогоо эргэж харах цаг болж байна гэдэгтэй санал нэг байгаа юм. Төр орж ирээд бүх бизнес, эдийн засгийг зохицуулна, ханшийг барина гэдэг нь гажуудал руу оруулаад байна л даа. Тийм учраас төрийн оролцоо өөрийнхөө зохистой механизмаар хязгаарлагдаж байх ёстой. Төр хувийн хэвшлийн хил хязгаар маш тодорхой байх ёстой гэж бид ярьдаг.
Тэгэхээр энэ бүгд зүйлүүд дээр бид зөв дүгнэлт хийгээд, бодлогын асуудлуудаа сонсоод хамтарч улс орноо хөгжүүлэх асуудлыг тавих ёстой юм.
-Ардын намын залуу гишүүд намаа шинэчлэх гэж тэмцсээр л байгаа. Та энэ шинэчлэлийг хэр хүлээж авч байгаа вэ?
-Шинэчлэл гэдэг үг их моодонд орсон юм шиг байна. Бид уг нь хамтраад бүтээн байгуулалтын сууриудыг тавилцсан. 2012-2016 оны үйл ажиллагаа маань болбол улам эрч хүчээ аваад өргөжөөд явах ёстой гэж би үздэг. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар болно гэдэг нэр томъёо руу орсон шүү дээ. Нэр томъёо харьцангуй ойлголт юм байна гэж ойлгож байгаа. Түүнтэй адил манай намын хэсэг залуус шинэчлэл хийнэ гэж байгаа. Шинэчлэл гэдэг зүйлийн нэг эерэг хандаж байгаа зүйл нь урагшлуулах процесс гэж ойлгож байгаа. Намын үйл ажиллагаа, амьдрал өөрөө амьд процесс. Засч залруулъя гэж байгаа нөхдүүд өөрийн санал бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Намын үйл ажиллагааг идэвхжүүлэх процесс явагдаж байгааг би зөв зүйтэй гэж үздэг.
-Ардын намынхан олонх байхдаа гаргасан хамгийн том алдаа гэвэл таныхаар юу вэ?
-Яахав төгс төгөлдөр юм гэж байдаггүй. Бид нарын нэг алдаа гэвэл тал талыг ойлголцуулаад, зөвшилцөлд хүрч байж шийдвэр гаргая гэдэг зүйлийг түлхүү барьсан байна. Зарим асуудал дээр олонхийн зарчмаар явах ёстой зүйлийг бид нар илүү зөвшилцөл гэж явуулсан. Үүнээс болж зарим шийдвэрүүд цаг хугацаандаа гарч чадаагүй. Гол нь хугацаа алдсан. Тэрнээс болоод ач холбогдол нь буурсан зүйлүүд байгаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"