Намрын чуулган мягмар гаригт нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.29-нд нийтлэгдсэн

Намрын чуулган мягмар гаригт нээлтээ хийнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан хуралдаж, нэг ч хуулийн төсөл баталж чадаагүй хэмээн шүүмжлэлд өртөж байгаа ч энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдаан амжилттай болсныг хэлэх хүн олон бий. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн чиглэлд ахиж гархуйц таван хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм. Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд бэлэн болж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлах үлдсэн. Энэхүү хоёр хуулийн төсөл дээр УИХ дахь намын бүлгүүд саналаа нэгтгэж, нэг байр суурьт хүрсэн нь энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдааны амжилт байсан гэдгийг УИХ-ын гишүүд болон намууд онцолж байгаа юм.

УИХ-ын намрын чуулган ирэх мягмар гаригт буюу аравдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ дарга захирамжилсан. Тэгвэл энэ удаагийн чуулганаар юу хэлэлцэх вэ. Намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь 2014 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2013 оны Монгол Улсын төсвийг баталсан. Ингэхдээ нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 37.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч Нэгдсэн төсвийн нийт зарлага 4.6 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолон баталсан билээ. Тухайн үед УИХ дээр 2013 онд бүсээ чангалах бус эдийн засгаа тогтвортой авч үлдэх бодлого барьж ажиллахаар баталсан билээ. Харин 2014 оны Төсвийг хэрхэн батлах нь өнөөгийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадах эсэх гээд олон хүчин зүйлээс шалтгаалахаар байгаа юм. 2014 оны Төсвийн тухай хуулийг дагалдан Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд батлагдах учиртай. Хоёр ч удаагийн УИХ дамнаад буй Газрын тухай багц хуулийн төсөл өнгөрсөн намраас яригдсаар Хаврын чуулган руу шилжсэн ч Газрын тухай хуулийг дагалдах хуулийн төслүүд өргөн баригдаагүй, боловсруулаагүй учраас энэ хуулийг багцаар авч үзэх ёстой хэмээн дахин Намрын чуулган руу шилжүүлсэн. Харин энэ удаад Газрын тухай хууль хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан бөгөөд багцаар хэлэлцэх эсэх нь чуулган эхэлсний дараа тодорхой болох юм. Энэ хуулийг дагаж, Газрын кадастрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Геодези, зурга зүйн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд намрын чуулганд багтжээ.

Хууль зүйн яамнаас боловсруулан хэрэгжүүлж буй шүүхийн тухай багц хуулийн төслүүдийн хоёр төслийг намрын чуулганаар хэлэлцэх юм байна. Тодруулбал, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцэх юм байна. Мөн чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

1.    Хилийн боомтын тухай хуулийн төсөл;
2.    Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
3.    Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
4.    Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5.    “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6.    Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
7.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
8.    “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9.    Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны зургадугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
10.    Бусад.

Дээрхи асуудлаас гадна хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдэхээр УИХ-ын дарга захирамжилсан. Өөрөөр хэлбэл, сүүлд өргөн барьсан болон хэлэлцүүлгийн шатанд үлдсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тухай бүрт шийдвэрлэх юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж