Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

Обамагийн халамж

Барак Обама эрүүл мэндийн шинэчлэлийн хуулийг шинэчлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак  Обама өнгөрсөн 2010 онд эрүүл мэндийн салбарт шинэчлэлт хийнэ гэсэн амлалтандаа хүрч, шинэ хуулийн төслийг Конгресст өргөн барьж батлуулсан билээ. Нэгдсэн улсын иргэн бүрийг даатгалд хамруулахыг зорьсон Барак Обамагийн эрүүл мэндийн шинэчлэлийн тухай хуулийг тухайн үед сөрөг хүчин Бүгд найрамдахчууд батлахыг эсэргүүцэж байв. Бүгд найрамдахчууд Барак Обамагийн засаг захиргаанаас дэвшүүлсэн эрүүл мэндийн шинэчлэлийн тухай хуулийн дагуу АНУ зайлшгүй эрүүл мэндийн даатгалд хамрагдах журамд шилжих бөгөөд үүнд  900 гаруй тэрбум ам.долларыг зарцуулахаар тооцоолсныг эсэргүүцжээ. Гэвч Барак Обама эрүүл мэндийн даатгалын ач холбогдолыг Нэгдсэн улсад  эрүүл мэндийн даатгалгүй иргэд ямар нэгэн өвчин тусч, гэнэтийн осолд орох зэргээр эрүүл мэндийн асуудалд ороход л эдийн засгийн дампууралд орж байгаатай холбон тайлбарласан байна. Тэрээр “Өвчин тусах нь хэнд ч сүйрэл, мөхөл болох ёсгүй” хэмээн мэдэгдэж байв. АНУ-ын хүн амын 15 хувь  нь эрүүл мэндийн даатгалгүй бол даатгалтай ч энэ нь эмчилгээнд нь хүрэлцдэггүй 25 сая орчим хүн байдаг гэсэн судалгаа гарчээ. Обама Америкчуудыг яагаад эрүүл мэндийн даатгалгүй байдгийг хэд хэдэн шалтгааныг тодорхойлсон байна. Үүнд: ажил олгогчид нь даатгалыг нь олгодоггүй, биеэ дааж ажил эрхэлдэг хүмүүс даатгалын үнийг дийлдэггүй, мөн ямар нэгэн архаг өвчинтэй хүмүүст даатгалын компаниуд өөрсдөө даатгал олгодоггүй г.м.  Дээрхээс үүдээд Америкт өдөр тутам 14,000 хүн даатгалаа алддаг гэсэн тоо баримт байндаг аж. Иймээс Барак Обама эрүүл мэндийн даатгалыг шаардлагатай хүн бүрт хүргэж, даатгалтай иргэдэд баталгаат байдлыг бий болгохыг зорьжээ. Барак Обама энэхүү эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэлт нь АНУ-ын нийт гадаад өрөнд нөлөөлөхгүй, үр ашигтай, үр нөлөөтэй бус ажиллагаануудыг хүчингүй болгосноор санхүүжүүлэх болно гэж Конгресст баталгаа өгч байсан юм.

Эрүүл мэндийн шинэчлэлтийн хууль ба “Обамагийн халамж”

Барак Обамагийн засаг захиргаанаас санаачилсан эрүүл мэндийн шинэчлэлийн тухай хууль хэрэгжиж эхлээд гурван жилийн нүүр үзэж байна. Шинэчлэн баталсан эрүүл мэндийн хууль нь америкчуудад эрүүл мэндийн баталгаа өгч, даатгалын системийг шинэчилж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр  тусгажээ. Гэхдээ шинэчилсэн эрүүл мэндийн хуулинд халамжийн чанартай олон зүйл заалт багтсанаас “Обамагийн халамж” гэх нэрийг аваад байгаа юм. “Обамагийн халамж” хуулийн дагуу хүн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдах бөгөөд даатгалын компаниудыг хүнд өвчтэй хүмүүсийг даатгалд хамруулахаас татгалзах, жендерийн ялгаа гаргахыг хоригложээ. Иймд АНУ-ын иргэд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан эрүүл мэндийн даатгалд хөнгөлттэй нөхцөлөөр юмуу үнэ төлбөргүй хамрагдаж болохоор заасан байна. Үүний дагуу АНУ-ын 26 сая хүн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэхээр болжээ. Түүнчлэн 26 хүртэлх насны АНУ-ын иргэн эцэг, эхийнхээ эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой болсон байна. Үүний ачаар 26 хүртэлх насны 16 сая эрүүл мэндийн даатгалгүй иргэн даатгалын үйлчилгээг авах боломжтой болжээ. Мөн ирэх 2015 он гэхэд АНУ-ын томоохон ажил олгогчид үндсэн ажилчдаа гэр бүлийнх нь хамтаар даатгалд хамруулах үүрэгтэй болсон бол жижиг албан байгууллагууд ажилчдаа даатгалд хамрагдахад дэмжлэг үзүүлэхээр тусгаж өгсөн байна. Шинэчилсэн хуулийн ахмадууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг үнэ төлбөргүй авах ба хөнгөлттэй үнээр эм авах гэнэ.  Энэ мэтээр иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ, даатгал авахад илүү олон боломж гаргаж өгсөн Барак Обамагийн эрүүл мэндийн шинэчлэлийн хууль 10 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд 900 гаруй тэрбум ам.долларыг зарцуулах аж.

“Обамагийн халамж”-ийгн санхүүжилтыг батлахаас татгалзав

“Обамагийн халамж”-ийн хууль дахин АНУ-ын улстөрчдийн хооронд халуун маргаан дэгдээв. АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим ирэх аравдугаар сарын нэгнээс эхлэх санхүүгийн шинэ жилийн төсвийг хэлэлцэх үеэр бүгд найрамдахчууд Обамагийн эрүүл мэндийн шинэчлэлийн хуулийн санхүүжилтыг батлахаас татаглзсан аж. Анхнаасаа “Обамагийн халамж”-ийн хуулийг эсэргүүцэж байсан бүгд найрамдах намын гишүүд өчигдөрийн хуралдааны үеэр эрүүл мэндийн шинэчлэлийн хууль нь улсын гадаад зээлийг нэмэгдүүлнэ хэмээн эсэргүүцэж, хойшлуулахыг шаардсан юм. Харин үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бүгд найрамдахчууд эрүүл мэндийн шинэчлэлийн хуулийн эсрэг засгийн газрын үйл ажиллагааг зогсоохыг оролдож байгаа нь “улс орныг тэр чигт нь барьцаалж буй хэрэг” хэмээн буруутгажээ. Хэдийгээр АНУ-ын ирэх санхүүгийн жилийн төсвийг Төлөөлөгчдийн танхим олонхийн саналаар баталсан боловч бүгд найрамдахчууд Сенатын танхимд үүнийг батлахгүй хэмээн мэдэгджээ. Хэрэв Сенатын танхим Нэгдсэн улсын төсвийг хэлэлцээд батлахгүй бол АНУ түүхэндээ анх удаа гадаад зээлээ төлж чадахгүйд хүрч, засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орох юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью Конгресст захидал илгээж, төсвийн алдагдлыг нөхөхийн тулд гадаад өрийн хэмжээг 16.7 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай байгааг онцолжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж