Сьерра Лион улстай дипломат харилцаа тогтоов

Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

Сьерра Лион улстай дипломат харилцаа тогтоов

САЙД Л.БОЛД БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД
ПАК КИЛ ЁН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ өдөр мөн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн дэд сайд Пак Кил Ёныг НҮБ-ын төв байранд хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцов.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэхийн хамт цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв. Тэрээр Монголын ард түмнээс Хойд Солонгосын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжинд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

Сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийх төрийн айлчлалд чухал ач холбогдол өгч, айлчлалын бэлтгэл ажлыг хангахад онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа тэмдэглэсэн юм. Монгол Улс Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд тэргүүлэх ач холбогдол өгдөг бөгөөд энэ асуудлаар “Улаанбаатарын  яриа хэлцээг“ эхлүүлэхийг санал болгосон бөгөөд ул саналыг дэмжиж хамтран ажиллахыг хүсэлт болгов. Мөн ирэх 11 дүгээр сард Зүүн хойд Азийн орнуудын Эмэгтэй парламентчдын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай мэдээлж, түүнд төлөөлөгчдөө оролцуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

БҮГД НАЙРАМДАХ СЬЕРРА ЛЕОН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООЛОО

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоолоо.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Бүгд Найрамдах Сьерра Леон Улсын Гадаад хэргийн олон улсын хамтын ажиллагааны сайд Самура М.В.Камара нар гарын үсэг зурсан байна.
    
Ийнхүү Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.

Манай улс өөрийн энхийг сахиулагчдыг Бүгд Найрамдах Сьерра Леон Улсад хэрэгжүүлсэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж ирсэн ба Монголын энхийг сахиулагчид хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, тус улсад энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэснийг сайд нар дипломат харилцаа тогтоох ёслолын үеэр онцлон тэмдэглэжээ.    

БҮГД НАЙРАМДАХ СУРИНАМ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООЛОО

Монгол Улс Бүгд Найрамдах Суринам Улстай 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоолоо. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Бүгд Найрамдах Суринам Улсын Гадаад хэргийн сайд Винстон Г.Лакин нар гарын үсэг зурав.
    
Mонгол Улс Латин Америкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байгаа бөгөөд үүний нэгэн илэрхийлэл бол Бразил Улсад ЭСЯ-аа нээхээр шийдвэрлэсэн юм. Тус ЭСЯ-аар дамжуулан Монгол, Суринамын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг ч урагшлуулах боломжтой болно хэмээн Гадаад харилцааны сайд Л.Болд гарын үсэг зурах ёслолын үеэр онцлон тэмдэглэлээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж