Л.Болд сайд Лоран Фабиустай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

Л.Болд сайд Лоран Фабиустай уулзлаа

САЙД Л.БОЛД ФРАНЦЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД
ЛОРАН ФАБИУСТАЙ УУЛЗЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиустай НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцлоо. Францын Гадаад хэргийн сайд Монгол Улс эдийн засгийн хөгжил, ардчиллыг хөгжүүлэх чиглэлд олсон ололт амжилтаараа өөрийн бүс нутагт үлгэр жишээ улс болж байгааг онцлон тэмдэглэж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд Францын тал онцгойлон сонирхож байгааг нотлон илэрхийлэв.

Сайд Л.Болд Монгол, Францын хамтын ажиллагааг цааш өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэг дээр санал нэгтэй байгаагаа цохон тэмдэглэхийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны эхээр Бүгд Найрамдах Франц Улсад хийх айлчлал энэ чиглэлд хийх чухал алхам болно гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажилд чухал ач холбогдол өгч байгаагаа дурдаад үүнд Францын Гадаад хэргийн сайдын Монголд хийх айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа мөн илэрхийллээ.

САЙД Л.БОЛД БРИТАНИЙН ПАРЛАМЕНТЫН ЛОРДЫН ТАНХИМЫН ГИШҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд Британийн Парламентын лордын танхимын гишүүн, Гадаад хэргийн төрийн сайд Х.Свире-г өнөөдөр Нью-Йорк хотноо хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцаж санал солилцлоо.

Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс хоооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгааг Гадаад харилцааны сайд Л.Болд дурдаж, Британийн Гадаад хэргийн Төрийн сайд Виллам Хэгие Монгол Улсад айлчилна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Энэ жил боловсрол, соёлын салбарт үр дүнтэй ажил хэрэгжиж байгаагаад таатай байгаагаа дурдаж, түүнийг улам бүр эрчимжүүлэх, оюутны солилцоо, оюутны тэтгэлэгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Л.Болд уулзалтын үеэр хүссэн байна. Түүнчлэн консулын харилцааны хүрээнд иргэд визгүй зорчих асуудлаар гэрээ байгуулах саналыг Английн талд тавилаа.

Британийн Парламентын лордын танхимын гишүүн, Гадаад хэргийн төрийн сайд Х.Свире Ерөнхий Ассамблейн тус чуулганаар хэлэлцэж буй Монгол Улс 2015 оноос хойшх хөгжлийн зорилтуудаа хэрхэн тодорхойлох гэж байгаа талаар сонирхож ярилцсанаас гадна “нээлттэй засаглалын сүлжээ”-ний асуудлаар ирэх 11 дүгээр сард Лондонд зохион байгуулах арга хэмжээнд Монгол тал холбогдох яам, газрын төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж