НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

УИХ-ын даргын зөвлөх НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын даргын зөвлөх С.Ламбаа НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Китахара НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд саяхан Бангкок хотноо болсон Хүн ам, хөгжлийн асуудлаархи Ази, Номхон далайн орнуудын 6 дахь дээд хэмжээний уулзалтад Монголын төлөөлөгчид голлох үүрэгтэй оролцсоныг тэмдэглэв. Уг чуулга уулзалтаар жендерт суурилсан хүчирхийлэл, насжилт, нөхөн үржихүйн чиглэлээр хэлэлцүүлэг хийж нэгдсэн уриалга гаргасан байна. Уриалгыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллах нь чухал гэлээ. Түүнчлэн 2014 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Төсвийн байнгын хороодтой хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулж, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллавал тодорхой үр дүнд хүрэхийг онцлов.          

УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийснийг онцлоод Монгол Улс хүн амаа өсгөх, эх нялхсын эндэгдэлийг бууруулах, үр хөндөлт болон хуурамч эмийн хэрэглээг таслан зогсоох талаар тодорхой бодлого барьж байгааг дурдаад сүүлийн жилүүдэд төрөлт ихсэж байгаа ч нялхсын эндэгдлийг бууруулж чадлаа. Мянганы хөгжлийн зорилтод эх нялхсын эндэгдлийг 50 хувиар бууруулах зорилт тавьсан ч бид аль хэдийнэ 2012 онд 45 хувь хүртэл бууруулсан амжилтыг үзүүллээ гэлээ.

Мөн Засгийн газар хүн амаа өсгөх бодлогыг баримталж, сар бүр хүүхэд бүрт 20 мянган төгрөг, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд одонгийн мөнгө, хүүхдийн тоогоор нь урамшуулах бодлогыг баримталж байна. Монгол Улсад үр хөндөлт их байдаг. Тиймээс 2010 онд Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа үр хөндөлтийг зөвхөн зөвшөөрөгдсөн төрөх эмнэлгүүдэд хийхийг хуульчилж өгсөн. Улсын Их Хурал Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулиар иргэн бүр эрүүл мэндийн цахим карттай болж, иргэд хаана ч эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой болно гээд цаашид НҮБ-ын Хүн амын сантай хамтарч ажиллахыг санал болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж