
Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-аас манай улсын агаарын зайгаар үйлчлүүлэгч томоохон авиа компанийнхантай Улаанбаатар хотноо анх удаагаа уулзалт зохион байгуулах гэж байна. ИНЕГ-ын даргын баталсан “Монгол Улсын нутаг дээгүүр өнгөрч байгаа өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй энэхүү уулзалтад Нидерланд, БНХАУ, Малайз, БНСУ зэрэг орны “Air China”, “Korean Air”, KLM зэрэг томоохон таван авиа компани болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны нийт 14 төлөөлөгч оролцох юм. Уулзалтын үеэр манай талаас агаарын зайн аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, агаарын шинэ замуудыг нээж ашиглах боломжийн талаар санал солилцохын зэрэгцээ агаарын зайн гол үйлчлүүлэгчдийнхээ санал бодлыг сонсоно.
Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэгч, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэгч томоохон хүчин зүйл болж байгаа. Монгол Улс болон хоёр хөрш улсын хил дагуу нийт 15 агаарын хаалга тогтоогдсон байдаг бөгөөд ес нь ОХУ-тай, зургаа нь БНХАУ-тай хиллэдэг хилийн дагуу байрладаг. 2012 оны байдлаар Монгол Улсын агаарын зайгаар өнгөрөлтийн нийт 82627 нислэг, 6354 олон улсын буулт, хөөрөлт бүртгэгдсэн бөгөөд энэ үзүүлэлтийг 2011 онтой харьцуулахад дамжин өнгөрөлт зургаан хувиар, олон улсын хөөрөлт, буулт 4,1 хувиар өсчээ.
Агаарын зайн үйлчлүүлэгчдийн уулзалт энэ сарын 29-ний ням гарагт 10.00 цагаас ИНЕГ-ын хурлын зааланд болно.
Д.ЦЭЭНЭ