Бо Силайн гэр бүлийн тансаглал цаашид ч үргэлжлэх нь

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Бо Силайн гэр бүлийн тансаглал цаашид ч үргэлжлэх нь

Бүх насаараа хоригдох ял авсан Бо Силайг ямар шорон руу илгээх вэ. Энэ талаар Хятадын хууль хяналтын байгууллагынхан албан ёсоор мэдээлээгүй юм. Гэхдээ Бо Силай бол Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, нөлөө бүхий улстөрч байсан. Тийм учраас улс төрийн гэмт хэрэгтнүүдэд зориулсан тусгай шоронд хорих нь лавтай юм. Харин “BBC”, “New York Times” тэргүүтэй барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бо Силайг Кинчений шоронд хорьж магадгүй хэмээн бичжээ.

Кинчений шорон бол Бээжин хотын хойд хэсгийн Чанпин дүү­рэгт байрладаг. Зөвлөлт холбоот улс­тай найрсаг харилцаатай байх үедээ Хятадын эрх баригчид тус ул­саас авсан тусламжийнхаа хү­рээнд 1958 онд уг шоронг байгуул­жээ. Анхандаа Хятадын үндсэрхэг үзэлтэй Куоминданийн намын мэ­дэлд байсан Кинчений шоронд Мао Зэдуныг дэмжигсэдийг хорьдог байв. Харин хожим нь Коммунист намын мэдэлд очсон байна. Энд Бо Силайн эцэг Бо Ябо хоригдож байжээ. Соёлын хувьсгалын үеэр Мао Зэдунд таалагдаагүй олон улстөрч хэлмэгдэж байсны нэг нь Бо Ябо юм. Хятадын шоронгууд Хууль зүйн яамандаа харьяалагд­даг бол Кинчений шорон Нийтийн аюулгүй байдлын яамны мэдэлд байдаг аж. Түүнээс гадна улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог тансаг зэрэглэлийн цорын ганц шорон хэмээн үздэг байна. Тянь-Аньминий талбайд болсон жагсаалыг дэмж­сэн гэх шалтгаанаар буруутгагдсан улстөрчид болон тэдний ойр дотны хүмүүсийг Кинченд хорьж байв.

Кинчений хоригдлууд 14:00-21:00 цагийн хооронд зурагт үзэж болно. “Бээжингийн мэдээ” сонинд саяхан гарсан нийтлэлд дурьдса­наар бол хоригдлууд нь долоо хоногт зургаан удаа шоронгийн мэдлийн газар дээр ганцаараа зугаалах эрхтэй байдаг гэнэ. Мөн нэгэн жигд хувцас өмсөхийн оронд гэр бүлийнхнийхээ авчирж өгсөн хувцасыг өмсөж болно. Бо Силайн өмнөх албан тушаал нь маш өндөр түвшнийх. Тийм учраас түүн шиг хүмүүст илүү чанартай хоол хүн­сээр үйлчилдэг гэж байгаа. Өглөө бү­хэн сүү ууж, өдөр, оройн хоолон­доо нэг аяга шөл, хоёр таваг хятад хоол идэж, заримдаа Бээжингийн дээд зэрэглэлийн зочид буудлын тогооч нар хоолыг нь бэлтгэнэ. Хааяа тэдэнд алим мэтийн жимс ч өгдөг аж. Тянь-Аньминий талбайд гарсан үймээнийг дэмжсэн гэх шалтгаанаар Кинчений шоронд долоон жил хоригдсон Коммунист намын нарийн бичгийн дарга асан Бао Тон “Тэнд яг л таван одтой зочид буудал шиг байсан” хэмээн “AFP”-д өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ. Хятадын нөлөө бүхий удирдагчийн охин, Тянь-Аньминий жагсаалд холбогдсон хэргээр мөн л арван сар хоригдсон Дай Кин “Би өрөөндөө анх орчихоод гайхсандаа дуу алдаж билээ” хэмээн ярьсан байдаг.

Одоогоос 33 жилийн өмнө Хятадын шүүхээс ял сонссон Мао Зэдуны бэлэвсэн эхнэр Жиан Кин тэргүүтэй “Галзуу дөрвөл” хэмээн нэрлэгдэж байсан Коммунист намын томоохон албан тушаал бүхий хүмүүсийг Кинчинд хорьж байв. Түүнээс гадна 9.4 сая ам.долларын хээл хахууль ав­сан хэ­мээн буруутгагдаж, ял сонс­сон Хятадын Төмөр замын сайд асан Лиу Жижун Кинчинд хориг­дож байгаа. Түүнээс гадна Бо Силайгийн эсрэг гол мэдүүлгийг өгч, гэрчээр дуудагдсан Чонкин хотын Цагдаагийн газрын дарга асан Ван Лижун мөн л энэ шоронд байгаа аж. Энэ мэтчилэн хэрэгт холбогдож, хоригдох ял авсан Хятадын бүхий л томоохон албан тушаалтнууд Кинчинд очдог бай­на. Тийм учраас Бо Силайг тэнд хорих нь дамжиггүй хэмээн таа­маглаж байгаа юм. Бо Силай бол юун түрүүнд асар их эрх мэдэл, нэр нөлөөтэй хүн байснаас гадна түүнийг эцэг нь ч бас Коммунист намын түүхийг бичэлцэж явсан хүн билээ.

Харин Бо Силайн эхнэр Гу Кайлайн хувьд Хэбэй мужийн Янчений шоронд ял эдлэж байгаа тухай мэдээлэл гарсан. Хятадын эрх баригчид тансаг гэх ангилалд багтахуйц долоон шорон нэмж барьснаас хамгийн алдартай нь Янчен юм. Энд сагсанбөмбөгийн зургаан талбайтай, 20 метрийн өндөрт тааз нь байрлах өрөөнүүд­тэй аж. Янчений шоронд Шанхай хотын Коммунист намын дарга асан Чен Лянгю байдаг. Тэрбээр бүх насаараа хоригдох ял сонссон бай­на. Харин шоронд байх хугацаанд нь түүний сар тутмын хэрэглээнд нь зориулж 6000 юань буюу 941 ам.доллар зарцуулдаг тухай “BBC” мэдээлж байв. Түүнчлэн Янче­ний шоронд хоригдсон томоо­хон албан тушаалтнууд оройн хоо­лоо ганцаарчлан идэж, гэртээ харьж хонож болохоос гадна хүссэн газ­раа гар утас ашиглаж болдог байна. Ямартай ч дуулиан шуу­гиан­тай өдрүүд ард хоцорч, Бо Си­лай эхнэрийн хамт тансаг зэрэглэ­лийн шоронгуудад хоригдож эхлэв бололтой. Харин энэ хооронд тэдний хүү Бо Гуагуа хаана явна вэ.

Амбицтай улстөрчийн хүү болон мэндэлсэн цагаасаа хойш амьдралынхаа ихэнх хугацааг тан­саглал дунд өнгөрүүлсэн хүн бол Бо Гуагуа. Тэрбээр 12 настай­гаа­саа Английн Харроу сургуульд ор­сон байна. Английн бизнесмэн Нэйл Хэйвүд эцэг эхэд нь тал заса­хын тулд Бо Гуагуаг энэ сургуульд оруулж өгсөн хэмээн хожим мэдээлсэн юм. Харроуд байхдаа Бо Гуагуа зөвхөн А үнэлгээ авдаг байжээ. Ахлах сургуулиа төгссө­ний дараа тэрбээр Оксфордын дэргэ­дэх “Balliol” коллежид оров. Тэнд философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцахын зэрэгцээ Оксфордын оюутны хол­бооны гишүүний сонгуульд нэр дэвшиж байжээ. Түүнээс гадна Окс­форд дахь ангийнхных нь яриагаар бол Бо Гуагуа хэд хэдэн шалгалтандаа унаж, нэг жил илүү суралцах шаардлагатай болсон байна. Хүүгийнх нь сурлагын дүн тааруухан байгаад эцэг, эх нь хүр­тэл уурлаж байжээ. Гэвч сүү­лийн жилд түүний дүн эрс сайжир­сан гэдэг.

Оксфордын коллежийг төгс­сөнийхөө дараа Бо Гуагуа Рэн­долфийн зочид буудлын тансаг зэрэглэлийн өрөөнд амьдрах бо­лов. Таксидо өмсч, феррари хө­лөг­лө­сөн хүү АНУ-аас Хятадад сууж бай­сан Элчин сайдын гэ­рээр зо­чил­сон шигээ явдаг байж. Түү­нээс гад­на Оксфордод Жэки Ча­ныг урьж, ангийнхныгаа Хята­дад аялуулж байжээ. Чонкин хо­тын гу­дам­жаар найзуудынхаа хамт яв­сан хүүг цагдаагийн ма­ши­ны цу­ваа да­гал­даж байсан гэ­дэг. Ху­вийн он­гоц хөлөглөн найзууды­гаа да­гуулж Африк явсан хүү­гийн ту­хай ээж нь цагдаад өг­сөн мэдүүлэгтээ дурьдсан байдаг. Хар ти­вээс эр­гэн ирэхдээ Бо Гуа­гуа нэг төр­лийн ховор амьтны махыг ав­чирч байжээ. Мөн Кэмбрижэд сард 2590 ам.доллар хөлс төлж, тан­саг сууцад амьдардаг байсан бө­гөөд 80 мянган ам.долларын үнэтэй спорт загварын порш машин унаж бай­сан тухай нь “Wall Street Jour­nal” мэдээлсэн билээ. Түүнээс гадна хэд хэдэн удаа зогсох тэмдэг зөр­чиж, хурд хэтрүүлснээс болж тор­гуульж байсныг нь хэвлэлүүд дэлгэ­сэн юм. Ийнхүү Англид тансаглаж бай­сан хүү дараа нь Америкт очив.Тэн­дээ Харвардад орж, магистрийн зэ­рэг хамгаалсныхаа дараа буюу энэ намраас Колумбын их сургуу­лийн Хуулийн факультетэд элсэн ор­жээ. Түүнийг эцгийнхээ нэр тө­рийг сэргээхийн тулд хууль судла­хаар болсон хэмээн барууны хэв­лэ­лүүд бичиж байв. Мөн Хятадын улс төрд орохоор эргэж буцалтгүй шийд­сэн гэх таамаг ч бий. Түүнээс гад­на аль нэг их сургуульд суралц­сан хэ­вээр байх юм бол Бо Гуагуа АНУ-д амьдрах эрхээ хадгалж үл­дэх боломжтой болох юм.

Харроуд суралцахын тулд жилд 48 мянган ам.доллар, Оксфордод 25 мянган ам.доллар, Харвардад 70 мянган ам.доллар төлж байсан Бо Гуагуа энэ мөнгийг хаанаас авсан бэ гэдэг нь Хятадын хууль сахиулагчдын сонирхлыг татсан. Гэтэл түүний эцэг Бо Силай жилд 20 мянган ам.долларын орлоготой хүн байв. Сургалтын төлбөрийн­хөө зарим хэсгийг тэтгэлэг хэлбэ­рээр, заримыг нь ээжээсээ авсан мөн­гөөр төлсөн хэмээн хүү хожим мэдээл­сэн юм. Бо Силайн шүүх хурал болохын өмнөхөн Бо Гуагуа “New York Times” сонинд “Сүүлийн 18 сарын турш би аав, ээжтэйгээ холбоо барьж чадаагүй… Шүүх хурлын үеэр аав минь өөрийгөө өмгөөлж буруугүй гэд­гээ нотолж чадна гэж найдаж бай­на… Хэрэв миний аюулгүй байд­лаар барьцаа болгон аав, ээжид минь ял үүрүүлэх гэж байгаа бол ямар ч ёс суртахуунгүйгээр ялын тогтоол гаргах байх…” хэмээн ярьсан байдаг. Ямартай ч эцэг, эх нь Хятадын өндөр зэрэглэлийн шоронд хоригдож байх зуур хүү нь Америкт хэдэн жил амьдрах нь тодорхой боллоо.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж