Ганжуур, данжуур их хөлгөн судрыг хөрвүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Ганжуур, данжуур их хөлгөн судрыг хөрвүүлж байна

Ганжуур, данжуур их хөлгөн судрыг хөрвүүлэх үйлс амжилттай үргэлжилж байна

Хүн төрөлхтний оюун, соёлын гайхамшигт өв болох Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж, түгээн дэлгэрүүлэх үйлсийг “Цогт цагийн хүрдэн” соёлын төвөөс санаачилж, нийт 5 жилийн хугацаатай үргэлжлэх томоохон төслийг эрчтэй хэрэгжүүлж байгаа юм. Буддын гүн ухаанаас гадна монгол хэл бичиг, санскрит, төвд, манж, хятад, пали хэлийг бүрэн эзэмшсэн нийт 60 орчим эрдэмтэн судлаачийн уйгагүй хөдөлмөрөөр бүтэж буй энэхүү чухал үйлсийг үндэсний Энержи Ресурс компани дэмжин санхүүжүүлж, аж ахуй, санхүү мөнгөний асуудалд санаа зовнилгүй зөвхөн судалгаа, хөрвүүлгийн ажилдаа төвлөрөх боломжийг төслийн багийнханд олгож байгаа аж.

Дэлхийд Ганжуур, Данжуурыг бүрэн эхээр нь эх хэл рүүгээ хөрвүүлсэн улс зөвхөн Монгол, Төвд 2 бөгөөд монголчуудын хувьд Ганжуурыг хамгийн анх буюу 8-р зууны үед анхлан орчуулж эхэлсэн түүхтэй юм байна. Харин их судруудыг бүрэн эхээр нь орчин цагийн монгол хэлнээ, тэр дундаа кирилл бичигт буулгах ажил ийнхүү 21-р зуунд бодит ажил болон үргэлжилж байна. 2010 оноос хойш эхэлсэн төслийн хүрээнд Ганжуур, Данжуурын нийт 400 боть хөрвүүлэгдэн гарахаас одоогийн байдлаар эхний 61 боть хэвлэлтээс гарч бэлэн болжээ. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс эдгээр ботиудыг олон нийт, судалгаа, шинжилгээний байгууллагуудад тараан хүртээж, олон нийтэд таниулан сурталчлах, шинжлэх ухааны ач холбогдлыг бий болгох чиглэлд идэвхийлэн ажиллаж байгаа юм байна. Тухайлбал төслийг дэмжигч Энержи Ресурс компанийн Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээндэнэ 9-р сарын 25-ны өдөр Ганжуур, Данжуур их хөлгөн судрын шинэ хөрвүүлгийн эхний 61 ботийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд залж, говийн сүсэгтэн олонд адис хүртээх арга хэмжээ зохиогдсон байна. Эдгээр ботиудыг Цогтцэций сумын захиргаа, номын санд хүлээлгэн өгснөөр их хөлгөн судруудыг шинжлэх ухааны үүднээс танин мэдэж, судлан гэгээрэх боломж нээгдэх төдийгүй сүсэгтэн олон сэтгэл оюунаараа нэгдэж, нутаг орон ган зуд, хэрүүл тэмцэл, өвчин эмгэг, аливаа муу муухай зүйлсээс ангид байхаар адислагдаж байгаа юм.

Үндэсний оюун санаа, соёлын хөгжилд томоохон ач холбогдолтой энэхүү төслийг хэрэгжүүлэгч, “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Буяндэлгэр бидэнтэй сэтгэгдлээсээ хуваалцсан юм:

– Манай соёлын төв 2008 онд байгуулагдаад, боловсрол, соёл гэгээрэл, хүмүүнлэгийн хэд хэдэн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаагаас хамгийн онцлохуйц ажил нь энэхүү монгол Ганжуур, Данжуурыг орчин цагийн хэлэнд хөрвүүлж, хэвлүүлэх төсөл юм. Ганжуур, Данжуур их хөлгөн судрууд нь бурхны шашны талаасаа хамгийн дээд номын буян, олон түмэн үйлс хэргээ даатгадаг шүтээн болохоос гадна орчин цагийн үүднээс авч үзвэл бүх төрлийн шинжлэх ухааны ухагдахуунуудыг бүрэн агуулсан цогц нэвтэрхий толь юм. Энэ ч утгаар нь Ганжуур, Данжуурыг ЮНЕСКО-гоос Дэлхийн баримтат өвөөр бүртгэсэн байдаг. Олон арван судлаач шинжээчийн олон жилийн хөдөлмөрөөр бүтэж байгаа энэхүү үнэ цэнэтэй үйлст маань үндэсний Энержи Ресурс компани хамтран оролцож, бидний үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангаж байгаа явдал нь монголчууд соёлын өв, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлст сэтгэл зүтгэлээрээ оролцох болсны томоохон илрэл гэж ойлгож байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж