Шатарчид залуучуудын ДАШТ-д оролцлоо

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Шатарчид залуучуудын ДАШТ-д оролцлоо

Турк улсын Коциали хотноо Залуучуудын Дэлхийн АШТ энэ сарын 13-26-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.

Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин, ОУШХ-ны мастер Уртнасангийн Насанжаргал, “Хан Алтай” клубын тамирчин, ОУШХ-ны дэд мастер Эрдэнийн Баасансүрэн, эмэгтэйчүүдийн ангилалд Сэлэнгэ аймаг, “Зууны шатар” клубын тамирчин ОУ-ын мастер Алтан-Өлзийн Энхтуул, ТЕГ-ын “Эрч” спорт хороо, Өмнөговь аймгийн тамирчин ОУШХ-ны мастер Баярын Ану нар өрсөлдсөн юм.

ФИДЕ буюу ОУШХ 1951 оноос энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд энэ жилийнх эрэгтэйчүүдийн 52 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх тэмцээн байлаа. Тэмцээн швейцарь системээр 13 өрөг тоглож дүнгээ гаргалаа.

Эрэгтэйчүүдийн ангилалд 116 шатарчин өрсөлдөж БНХАУ-ын Их мастер Ю Янгуй 11 оноогоор түрүүлж анх удаагаа Залуучуудын Дэлхийн аварга болсон бол өнгөрсөн жилийнх аварга Туркийн Их мастер Александр Ипатов 10,5 оноо, Энэтхэгийн Их мастер Гужрати Видит Сантош 9,5 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Уг ангилалд өрсөлдсөн манай ФМ У.Насанжаргал найман оноогоор 19 дүгээр байр эзэлж Олон улсын мастер анхны баллаа биелүүлсэн бол, сурагчдын Дэлхийн аварга, арван настай ФДМ Э.Баасансүрэн таван оноогоор 98 дугаар байр эзэллээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд 77 шатарчин өрсөлдөж ОХУ-ын Их мастер 15 настай Александра Горячкина 10,5 оноогоор мөн анх удаагаа түрүүллээ. Тэрээр өмнө Өсвөрийн Дэлхийн АШТ-нд гурван удаа түрүүлж байсан бөгөөд өнгөрөгч онд 14 настайдаа 17-18 насны ангилалд түрүүлсэн юм. Мөнгө, хүрэл медалийг Казахстаны Олон улсын мастер 13 настай Абдумалик Жансая 9,5 оноогоор, ОХУ-ын Их мастер Алина Кашлинская есөн оноогоор хүртлээ. Саяхан Их мастер цолны хоёр дахь нормоо биелүүлсэн А.Энхтуул найман оноогоор 15 дугаар байрт, сонирхогчдын Дэлхийн аварга, ФМЭ Б.Ану 5,5 оноогоор 55 дугаар байрт шалгарлаа.

Эх сурвалж: Спортын сэтгүүлчид групп
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж