УИХ-ын гишүүн Ц.Цолмон:
-Ээлжит бус чуулган таван хуулийн төсөл хэлэлцэхээр оруулж ирсэн. Энэ таван хуулийн баталсан ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулахад хувь нэмэр оруулах боловч яг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж чадахгүй гэж үзэж байгаа. Үр дүнтэй, дүнгүй гэхээс илүү энэ хуулиудыг хурдан хэлэлцээд баталсан бол сайн байсан байх. Гадаадын хөрөнгө оруулалт, Монголд бизнес эрхлэхэд хамгийн их саад болж байгаа зүйл бол хууль журмаас гадна, авлига, зээлийн хүүгийн өндөр хувь нь илүү их саад болж байгаа гэж үзэж байна. Гадны бизнесийнхэнтэй ярилцаж байхад Монголд яагаад бизнес эрхлэхгүй байгааг судлахад авлига гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, Бизнесийн орчинд авлига байгаа юм. Хөрөнгө оруулалтын хуулийг хичнээн сайжруулсан ч гэсэн авлигыг хязгаарлах нь чухал. Бас нэг зүйл нь 10-аас давсан хүүтэй бизнесийн зээл. Энэ хоёр асуудал дээр Засгийн газар, УИХ-ын бүрэлдэхүүн зайлшгүй анхаарах ёстой.
УИХ-ын гишүүн А.Телехан:
-УИХ-ын даргын захирамжаар таван хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж ирсэн МАН-ын бүлгийн зүгээс энэ таван хуулиас гадна Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөд, гарах арга замыг хэлэлцэе гэсэн боловч хэлэлцээгүй. Орж ирсэн таван хуулиас Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухайн хуулийг хэлэлцэнэ. Үлдсэн эрдэс баялагтай холбоотой гурван хуулийг Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлого гарсны дараа хэлэлцэе гэсэн санал гаргасан. Үүний дагуу явж байгаа. Миний хувьд бүлгээсээ төлөөлөлж хөрөнгө оруулалтын хуулийн ажлын хэсэгт багтсан. Энэ ажлын хэсэг маш сайн ажилласан. Бүх намын төлөөлөл, гишүүд оролцсон бөгөөд өрсөлдөх чадвартай хууль гаргасан. Хөрөнгө оруулалтын хууль зөвхөн татварын орчин сайжруулах байсан бол хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлийг бүлэг оруулж өгсөн. Хуулийг маш сайн сайжруулсан гэж хэлж болно. Хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, зарчмын зөрүүтэй ганц нэг зүйл байгааг эс тооцвол батлах боломж байгаа. Гэхдээ хуулиудыг яаран батлахаас илүү алдаа, дутагдал байна уу, үгүй юу гэдгийг эргэж нягтлах үүднээс түр хойшлуулсан. Ээлжит бус чуулганы хамгийн том ач холбогдол бол УИХ бүрдээд жил гаруй хугацаанд зөвшилцөл гэдгийг анх удаа хэрэгжүүлэхээр болсон нь. Ямар ч улстөргүйгээр хоорондоо зөвшилцөж, ярилцсан.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:
-УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр дуусах шатандаа орж байна. Хоёр хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын хуулиудыг батлахдаа сэтгэлийн хөөрлөөр шийдвэрлэж болохгүй гэсэн олон гишүүдийн санал ирсэн, хуульд учир дутагдалтай зүйл орох гээд байсан учраас түр хойшлуулах нь зөв гэсэн байр сууринд нэгдсэн. Ээлжит бус чуулган төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй гэсэн шүүмжлэл гарч байна. Гэхдээ маш олон ажил амжуулж, намууд маш сайн зөвшилцөлд хүрч, ойлголцож, нэгтгэж чадсан гэж бодож байна. Энэ маш том ач холбогдолтой. Мөн Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогыг тууштай барьж байгаа, тогтвортой хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх гэж ажиллаж байна гэдгийг гадныханд харуулж чадлаа гэж бодож байна. Тэр утгаараа бондын хүү буурч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад итгэл байна гэдгийг харуулж чадсан учраас ээлжит бус чуулган хуралдсанаараа тодорхой хэмжээний дэвшил гарлаа гэж би хэлнэ.
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Ээлжит бус чуулган үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Өнөөдөр тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлаар Засгийн газар таван хуулийн төсөл өргөн барьлаа. Энэ хуулинд өнөөдрийн асуудлыг шийдвэрлэхээс гадны ойрын ирээдүйд чухал ач холбогдол авчрах төслүүд байсан. Таван хуулиуд Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа түр зуурын бэрхшээлийг шийдвэрлэнэ гэхээс илүү алс хэтийн хөгжлийг зөв голдиролд оруулах хууль байсан учраас хоёрыг нь анхны хэлэлцүүлгийг хийсэн, гурван төслийг хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэнээрээ ач холбогдолтой. Эдгээр хуулийг батлах боломж байсан ч УИХ дахь намын бүлгүүд ойлголцлын суурь тавигдсанаараа ач холбогдолтой гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын хууль дээр маш олон сайн санаа орж ирсэн бөгөөд гишүүд, намууд нэг байр суурьтай байна гэдэг нь улстөрийн зөвшилцлийн эхлэлийг тавьсан ач холбогдолтой гэж үзэж байна. Ээлжит бус чуулган хууль батлаагүй ч гэсэн батлах суурийг нь тавьсан, УИХ дахь намын бүлгүүд харилцан ойлголцсон ач холбогдолтой.
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
-Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл оруулж ирсэн ч 14 хоногийн хугацаанд маш том ажил байсан. Орж ирж байгаа хуулиуд нь ч том байсан. Хөрөнгө оруулалтын хуулиуд дээр ажлын хэсэг маш сайн ажилласан. Том хуулиуд гаргах гэж байгаа учраас алдаагүй, дахин өөрчлөлт оруулахааргүй хууль батлах саналыг олон гишүүд гаргасан. Ээлжит бус чуулганаар заавал хууль баталж, үр дүнтэй болно гэсэн ойлголт байхгүй.
Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганы хугацаанд гишүүд ийм төрлийн хууль хэрэгтэй байгаа, эдгээрийг боловсруулах шаардлагатай гэдэг дээр нэг байр суурьтай байж, санал нэгтгэсэн нь чухал ач холбогдолтой болсон.