Утга зохиол урлагт элэгтэй хандсан салбар сайдынхаа өгсөн мөнгөний талын талд хүрэхгүй төгрөгийг чуулгандаа зарцуулсан хэмээн яригдаж буй МЗЭ-ийн чуулганыг зохион байгуулагчид өнөөдөр АТГ-т шалгагдах дээрээ тулсныг харахад энэ байгууллагад олон жил бугшсан идээ бээрийг илчлэх цаг болсон мэт /АТГ-ынхан МЗЭ-ийн удирдлагуудын сейфнээс их хэмжээний бэлэн мөнгө олсон гэх албан бус яриа ч дуулдах болжээ/.
Хуралд оролцох 800 төлөөлөгчийн байрлах буудал, хоол унд, энгэрийн тэмдэг эсэн бусын жижиг сажиг зүйлд зарцуулна гэж Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаас авсан 80 сая төгрөгийг хувьдаа завшсан гэх асуудлаар одоо МЗЭ-ийн удирдлагууд шалгагдаж эхлээд байгаа аж. Тийм болохоор Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг сайдын өгсөн мөнгийг чухамхүү юунд зарцуулснаа ойрын өдрүүдэд тайлагнах биз ээ.
Энэ талаар Ц.Оюунгэрэл сайд “МЗЭ-ийг шалгуулна. Идэж уусан бол буцааж төлүүлнэ. Яаманд ийм журам ч бий. Бид Соёл урлагийн сангаас соёлын үйл ажиллагааг дэмжиж мөнгө олгодог. Кино, театрын уран бүтээлийг дэмждэг. Соёлын арга хэмжээнүүдийг дэмжиж мөнгө олгодог. Зохиолчид гэдэг соёлын салбарт онцгой үүрэгтэй хүмүүс. Гоё кино хиймээр байна, солонгос кино олширлоо, Монгол киноны тоог нэмэгдүүлье, жүжгийн чанарыг сайжруул гэдэг. Үүний тулд сайн зохиол хэрэгтэй. Хүнийг хүн болгодог, салбарт сайн бүтээл нийлүүлэхийн тулд сайн зохиолчидтой л байх хэрэгтэй. Тэр утгаараа зохиолчид хурлаа хийе гээд өргөдлөө бариад ирэхээр нь “энэ хүмүүс хоорондоо холбогдож, ирээдүйнхээ чиг хандлагыг зөв тодорхойлбол, соёлын хандлага зөв гарна” гэдэг үүднээс дэмжсэн. Дэмжсэн мөнгийг өөр зүйлд зарцуулсан эсэх нь дараагийн асуудал. Тайланд дурдсан ажлаа үнэн зөвөөр хийсэн эсэхийг нь шалгадаг. Буруу зарцуулсан бол мөнгийг буцааж төлүүлнэ. Иймд бид журмынхаа дагаа шалгаад л зөрчил гарвал актаа тавина” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
МЗЭ-ийн их хурлаас үүдэлтэй энэ мэт асуудал гарч эхэлтэл, хуулийн байгууллагынхан МЗЭ-ийн удирдлагуудтай холбоотой бас бус “но” олсон гэх мэдээлэл шуугиан дагуулж мэдэх нь. Тодруулбал, МЗЭ-ийг олон жил удирдсан Х.Чилаажав Нацагдоржийн музейг зориулалтаар нь ашиглалгүй, хувийн ресторан болгон хувиргаж, багагүй ашиг олдог байсныг илрүүлсэн баримт цагдаагийнхны гарт оржээ. Уран зохиол, утга зохиолын хүрээнийхэн үймж, уран бүтээлийн санаа буцалж байх ёстой уг байрыг өөр үйлчилгээ эрхлэгчдэд давхар түрээслүүлдэг байсан гэх мэдээлэл анхаарал татаж байна.
Хөнжил дотроо хөлөө жийлцэх болсон ерээд оныхны удирдаж байгаа МЗЭ-ийн дүр зураг нэг иймэрхүү.
Энэ жилийн “Утгын чимэг”, “Болор цом”-ын арга хэмжээг гэхэд л бусдаар ивээн тэтгүүлчихсэн тус байгууллага, хандиваар цуглуулсан мөнгөө яаж зарцуулсан нь тодорхойгүй, данс тооцоогүй явж ирсэн шалтгааныг зохиолчид гайхан, арга ядахдаа хардах сэтгэгдлээ илэрхийлцгээж байна.
Зохиолчид угтаа бол ямагт нийгмийнхээ тэргүүлэгч байж ирсэн улс. Гэтэл болсон болоогүй, утгатай, утгагүй энд тэндээс хэдэн үг эвлүүлж, түүвэрлэж бичсэнээ шүлэг, хамж шимж хэдэн өгүүлбэр холбосноо өгүүллэг гэж ойлгодог, хэн нэгэн хатуухан үг шүүмжлэл хэлбэл түүнийг нь хэрүүл болгон өлгөж авдаг, архи ууж онгодоо оруулдаг Монголын зохиолчдыг хэн ч өнөөдөр нийгмийн тэргүүлэгч бүлгийнхэн гэж хүлээж авахаа больжээ. Гэхдээ энэ дүгнэлт ерээд оноос энэ салбарт хөл тавигсдад илүү хамааралтай гэж хэлж болно. Утга зохиолын хүрээнийхэн ахмад үеэсээ суралцах, залуу үеэ сурган хүмүүжилэхээ байг гэхэд ядаж нийгэмдээ үнэлэгдэх ёс зүйтэй байх ёстой. Тиймээс ч тайзан дээр согтуу шүлэг уншаад, түүнийгээ эрх чөлөө гэж ойлгож байгаа зохиолчдыг өөрчлөхийн тулд МЗЭ-ийг бүхлээр нь шинэчлэх хэрэгтэй юм. Түүнээс Х.Чилаажавыг Ц.Буянзаяагаар солих юм уу, нэг найзынхаа оронд нөгөөг нь тавих бол шинэчлэл биш. Үүнийг шинэчлэлт гэж ойлгож байгаа бол Монголын зохиолчдын эвлэлд үнэлэмж байхаа больсон гэсэн үг.
Хатуу гэлээ ийм уур амьсгал, тийм өөдрөг биш байдалд Монголын зохиолчдын эвлэлд хэтэрхий их автсан байна. Үйл ажиллагаа нь дампуурлын ирмэгт ирсэн, үнэн үг хэлсэн бүхнээ ад үзэн хөөж туудаг, залуу үеэ үл тоомсорлодог, тойрон хүрээлэгчиддээ л шагнал урамшуулал олгодог гэхчлэн социализмын арга барилаасаа өнөөг хүртэл салж чадахгүй байгааг нь ганц нэг хүн биш бултаараа шүүмжилж байна. Шударга шүүмж, гашуун ч гэсэн хатуу үг аливаад дэм болно. Үүнийг утга зохиолын удирдан манлайлагчид тунгаана хэмээн найдаж байна.
Дэлхий ертөнцөд бүх зүйл өдрөөр биш цагаар хувьсан өөрчлөгдөж байхад МЗЭ аль эртний үеийн гэмээр арга барилаасаа салахгүй байж боломгүй. Магадгүй энэ бүхэн цаашлаад улс төрийн үнэр ханхийлгэдэг итгэл үнэмшилтэй ч нарийн ярьвал холбогдож мэднэ. Мэдээж, хөрөнгө мөнгө шамшигдуулсан уу, үгүй юу гэдгийг нь хууль хяналтынхан шалгаж, үнэн мөнийг тогтоох биз. Харин хүний нийгмийн үнэт зүйлс болсон зохиолчид минь өөрсдийгөө өөрчлөхийн төлөө нэгдээсэй гэж хүснэ.