“Зуун яруу найрагч өөрчлөлтийн төлөө” гэсэн уриатай яруу найргийн чөлөөт уншлага энэ өдрүүдэд дэлхий даяар үргэлжилж байгаа билээ. Тэгвэл “Дэлхийн яруу найргийн академи”-аас санаачлан өнөөдөр нэлээд хэдэн газар яруу найргийн чөлөөт уншлага боллоо. Монгол Улсын Боловсролын их сургууль, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулиудад 14:00 цагаас зэрэг эхэлсэн яруу найргийн уншлагад утга зохиолын хүрээнийхэн нэлээд ач холбогдол өгч оролцсон юм. Мөн одоо Их засаг их сургуулийн байранд дээрх уншлага үргэлжилж байгаа бөгөөд маргааш буюу 27-ны 13:00 цагаас Их Монгол дээд сургуулийн байранд мөн яруу найргийн уншлага болох юм.
Эдгээр яруу найргийн уншлагуудын нэгдсэн уншлага 28-ны 11:00 цагаас Зүүн хүрээ Дашчойлон хийдэд Бурхан багшийн дуганд болохоор болжээ. Дашрамд сонирхуулахад энэ жил манай улсын яруу найрагчид “Зуун яруу найрагч өөрчлөлтийн төлөө” уншлагад “Яруу найргийн үлэмжийн шидэт эрчмээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая” гэсэн уриатайгаар оролцож байгаа юм.
Т.ДАРХАН