С.Жавхлан “Хамаг Монгол” тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

С.Жавхлан “Хамаг Монгол” тоглолт хийнэ

С.Жавхлан: Би үнэхээр их догдолж, 28-ныг тэсэн ядан хүлээж байна

Нэг жилийн хугацаанд монгол туургатан ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх том үйлсийг хийсэн “Хамаг Монгол” төслийн санаачлагч МУГЖ С.Жавхлан түүний гэргий, уртын дууч Г.Эрдэнэчимэг нар өнөөдөр “Хамаг Монгол” шинэ цомгийнхоо нээлт болон энэхүү том төслийн хаалтын тоглолтын талаар мэдээлэл өглөө.

Анхлан энэ тоглолтыг санаачилж, нэг жилийн хугацаанд ээнэгшин дассан уран бүтээлчид болох Халимагийн дуучин Ш.Бадамхаалга, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонгол дуучин М.Баясгалан, Тувагийн төв театрын дуучин, гавьяат жүжигчин М.Сайдаш гэсэн уран бүтээлчид мөн энэхүү хамтын нөр их ажлынхаа тайланг тавьж, шинэ цомгийнхоо баярыг монгол түмэнтэйгээ хамт тэмдэглэлээ.

Нээлтийн үйл ажиллагааг нээж С.Жавхлан гавьяат үг хэлэхдээ “13 дугаар зуунд их Эзэн Чингис хаан маань зэр зэвсэг, цэргийн эрдмээр Хамаг Монгол улсаа нэгтгэж байсан. Энэ цагт харин бид дуу хуураар нэгдэж, нэгэн сэтгэлээр нэг зорилгын төлөө зүтгэж яваа гэдгээ харууллаа. Мах цус нэгтээ, дуу хуур, соёлоор бид эвлэлдэн нэгдэх тайван сайхан цаг иржээ. “Хамаг Монгол” төслийг санаачлан зохион байгуулахад маш олон хүний сэтгэл шингэсэн.

Тэр холоос бидний энэ төслийг дэмжиж бидэнтэй хамт байгаа бүх хүмүүстэй баярлалаа. Энэ том төслийнхөө үр дүнг тайлагнаж, Чингис хааныхаа талбай дээр бид ёслол төгөлдөр хаалтаа хийх гэж байна. Тоглолтоо хийсэн газар болгонд биднийг маш сайхан халуун дулаан уур амьсгал угтаж авч байсан. Ижий аавууд, эгэл залуус маань бидний гарыг үнсэж, монгол хүн та дээшээ морил хэмээн угтаж авч байсанд үнэхээр сайхан санагдсан.

Бидний үйл хэргийг дэмжиж ажилласан Тува, Халимаг, Өвөрмонгол, Буриад зон та бүхэндээ халуун талархал дэвшүүлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч маань энэ ажлыг эхэлсэн цагаас хойш үргэлж тусалж дэмжиж, цаашдаа ч олон үйл хэрэгт хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Төр засгийн удирдлага, ССАЖ-ын яамны сайд Ц.Оюунгэрэл нарын итгэлийг алдалгүй энэ том ажлын ард гарч чадсандаа баяртай байгаа. Тэдний итгэл, бас халуун цуст монгол ахан дүүсийн минь энэ сайхан урлагаар нэгдсэн том үйл хэргийн хаалт энэ сарын 28-нд болох учраас сэтгэл догдлоод байна” хэмээсэн юм.

“Хамаг Монгол” төслийн хаалтын тоглолтод нийт 250 гаруй уран бүтээлчид оролцох бөгөөд 99 морин хуурч, уртын дууч тоглолтыг нээх юм байна. Мөн дөрвөн улсын хөтлөгчид өөр өөрсдийн аялагаар тоглолтыг хөтлөх бол МУГЖ Т.Ариунаа, Б.Жаргалсайхан, Ах дүү гурав болох СТА Т.Дэлгэрмөрөн, С.С.Амармандах, МУГЖ Х.Лхагвасүрэн, ҮДБЭЧ-ын бүжигчин энэ өдрийн тоглолтод ая дуугаар өргөх юм байна.

Мөн дээрх дөрвөн улсын бүжигчид эмэгтэй дуучин мөн Улаанбаатар хотод ирээд байгаа бөгөөд энэ сарын 28-нд Монгол ахан дүүстэйгээ уулзахаар сэтгэл догдлон хүлээж байгаагаа уламжилжээ. Тоглолт Халимаг, Тува, Өвөрмонгол, Монгол, Буриад гэсэн таван улс үндэстнүүдийн ёс дэгийг харуулсан үндсэн таван хэсгээс бүрдэх ажээ.

Б.ТОГТОХ
Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж