
УИХ-ын зарим гишүүд телевизийн камерт зориулж үг хэлдэг гэвэл хилсдэхгүй. Камерт зориулж хэн, юу хэлдгийг парламент сурвалжилдаг сэтгүүлчид андахгүй. Өчигдөр л гэхэд оройтож эхэлсэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд 19 гишүүнээс 12 нь бүртгэгдсэн ч хуралдаа их л идэвхгүй оролцож байлаа. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэхэд Л.Энх-Амгалан гишүүн ганц нэг зүйл асууж тодруулсныг эс тооцвол санал, гомдол ч тавьсангүй, ихэд дуулгавартайгаар гар өргөж, дэмжиж байлаа. Тэр үед хэвлэлийнхэн тарчихсан байсан болохоор тэдэнд камерийн өмнө “Эх оронч баатар” болж жүжиглэх шаардлага гараагүй биз. Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн барьсан хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж байх үед Ц.Цолмон болон Н.Батцэрэг нарын гишүүд бусдаасаа ялгарч, “содон” харагдаж байлаа. Содон гэхийн учир тэд санал хураалтын үеэр нэг ч удаа гар өргөөгүй юм. Тэгэхээр хэлэлцэж буй асуудалд сөрөг байр суурьтай байна гэж ойлгож болохоор. Гэвч тэд бас хэлэлцэж буй асуудлаар нэг ч санал хэлээгүй юм. Харин О.Цолмон гишүүн нэр бүхий гишүүдийн хамт оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал нь хэлэлцэгдэх үе сая гэнэт ухаан орсон мэт гараа өргөн, “Ирц бүрдүүлсний дараа энэ асуудлыг хэлэлцвэл яасан юм бэ” гэж Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараас хүснэ лээ. Өдийг хүртэл дуугүй суусан эрхэм гишүүнд уг асуудал л хамаатай байсан бололтой.
М.СУРА