Н.Алтанхуяг: &#34Чингис бонд&#34-оос 300 сая үлдсэн

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: &#34Чингис бонд&#34-оос 300 сая үлдсэн

Ерөнхий сайдын 30 минут уулзалт өнөөдөр болж, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан нэг жилийн хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэснээ тайлагнаж, мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Ерөнхий сайдын тэмдэглэснээр 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхээс аргагүй нөхцөл байдал үүсчээ. Экспортын хэмжээ буурсан, импортоор гол төлөв амьжиргаагаа залгуулдаг орны хувьд төр нь бүсээ чангалах замаар тэвчиж болох зардлуудыг танах замаар энэ оны төсөвт тодотгол хийхээс аргагүй болсон гэлээ. Мөн ирэх аравдугаар сард БНХАУ руу Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр эдийн засагтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллах аж. Үүнд авто зам, агаарын тээвэр, төмөр зам зэрэг тээвэрлэлттэй холбоотой асуудлууд багтаж байна. Сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд хэрхэн хариулсныг тодотгоё.

-Таныг нэр бүхий гурван сэтгүүлчийг шүүхэд өгсөн гэж дуулдах боллоо. Энэ үнэн үү?

-Улстөрд ороод 23 жил явж байна, сэтгүүлчийг шүүхэд өгсөн түүх байхгүй. "Тэргүүн" сониныг шүүхэд өгсөн удаа бий. Гэхдээ сэтгүүлчийг урдаа барьж захиалгатай юм бичүүлчихээд хариуцлагаа хүлээхгүй байгаа хүмүүс л буруутай. Тийм учраас сэтгүүлчийг шүүхэд өгсөн асуудал байхгүй, цаашдаа ч байхгүй гэж ойлгоорой. Гүтгэлгийн чанартай мэдээлэл гарахад би "Өглөө" кинонд гардаг шиг "Эзэн нь хэн бэ" л гэж асуудаг.  Гүтгэлгийн мэдээ тарааж байгаа бол хоншоортой байгаад хариуцлагаа хүлээж сурах ёстой. Редакци юм уу, эрхлэгч юм уу, эзэн юм уу. Тийм учраас сэтгүүлч буруугүй гэдгийг бичээд өгчихсөн.

-Ажилгүйдэл буурлаа, 35 мянган иргэн шинээр ажилтай боллоо гэж байгаа ч 40-өөс дээш насныхныг аль ч салбарт насаар нь ялгаврлаад ажилд авахгүй байна. Үүнд Засгийн газар ямар бодлого зорилт тавьж, ажиллаж байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яамыг бие даан байгуулан ажиллах болсноор 40-өөс дээш насныхан ажилтай болж байгаа. Нэг жилийн хугацаанд 6600 иргэнээ хоёр сар танхимд суулгаад гурван сар компанид дадлага хийлгээд мэргэжилтэй ажилтан болгож зах зээлд нийлүүлсэн. Мэргэжилтэй ажилтнуудын дотор 40-өөс дээш насны маш олон хүн багтаж ажилтай болсон. Үнэхээр 40-өөс дээш насныхан ажил хийхийг зорьж байвал салбарын яаманд нь хандаад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж ажилтай болж болно. Хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтны хэрэгцээ маш их байна. Өчигдөр та бүхэн Чингисийн талбайд болсон өдөрлөгөөс зарим нэг зүйлийг харсан болов уу. Талхчин хийж байсан охин хоёр сар танхимд суугаад гурван сар компанид дадлага хийгээд экскваторыг яаж мундаг ажиллуулж байна. Монголд өнөөдөр юм хийе ажил хийж чаддаг болъё гэж байгаа хүмүүсийг нас, хүйс харгалзахгүйгээр Засгийн газар дэмжинэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа залууст суралцах хугацаанд нь сард 190 мянган төгрөг өгөөд сургаж байна. Энэ боломжийг 40-өөс дээш насныхан ашиглаад ажилтай болоосой л гэж зөвлөх байна.

-"Чингис бонд"-ын зарцуулалтын хамгийн сүүлийн үеийн мэдээг өгөөч?

-Нийт 1.5 тэрбум ам.долларын бонд гаргаснаас 700 орчим сая ам.доллар нь зарцуулагдсан. Үлдсэн 800 орчим сая ам.доллараас тодорхой зүйлд зарцуулахаар шийдвэр нь гарсан 500 орчим сая ам.доллар бий. Цаана нь 300 сая ам.доллар үлдэж байгааг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд зарцуулахаар төлөвлөж байна. Эцсийн шийдлийг хараахан гаргаагүй байгаа.

-Япон улсад хийсэн айлчлалын үеэр та "Самурай бонд" гаргахаар болсон. Бонд гаргах үйл явц хэзээ эхлэх вэ?

-Япон улсад хийсэн айлчлалын үеэр "Самурай бонд"-ын санааг  ярьснаас шууд босгоно, та нар ав гээгүй. Ерөний санаа ярьсан гэж ойлгох хэрэгтэй.

Хөгжлийн банкнынхан Японд очиж, Монголын эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийнэ. Итгэл үнэмшилтэй болсон хүмүүс, компани "Самурай бонд"-ыг худалдаж авах замаар энэ ажил хийгдэнэ. 

-Ирэх аравдугаар сард та Хятад улс руу айлчлал хийнэ. Айлчлалаар ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?

-Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах чиглэлээр, харилцан ашигтай байх эдийн засгийн засгийн харилцаа зэрэг олон асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхийг зорьж байна. "Чалько" компанийнхантай өчигдөрхөн уулзлаа, энэ жил Монголын талын тус компанид төлөх өр дуусна, тэднийг зүгээс ирэх жилд ч мөн хамтаръя гэсэн. "Чинхуа" компанийнхантай уулзана. Айлчлал хийхээс өмнө тээврийн асуудлыг шийдэх талд ажиллахаар төлөвлөж байна. Агаарын тээвэр, төмөр замын асуудал гээд олон зүйлийг ярилцаж тохирох ёстой. Хятадын нутгаар манай тээвэрлэлт дайран өнгөрөхөд ямархуу үнэ тарифаар явуулах вэ гээд маш олон асуудлыг урьдчилж ярина. Урагшилчихвал айлчлалаар энэ бүхнийгээ хэлбэржүүлж гарын үсэг зурах ажил хийгдэнэ.

-2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх үү, яах вэ. Төсвийн орлого 1.5 их наядаар тасраад байна?

 -Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхээс аргагүй байгаа. Оюутолгойгоос өсөн нэмэгдэх роялтийн татвараар 450 тэрбум төгрөг авах ёстой, хийж чадахгүй байгаа гээд төсвийн орлого төвлөрүүлэлт бодитой асуудал үүсч байна. Мөн экспорт буурсан.  Татварын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй байгаа учраас хэмнэж болох зардлаа хэмнэе. Шаардлагагүй зардлаа хэмнэж, орж ирэхгүй байгаа орлогыг хэмнэсэн зардлаар хаах зэргээр ажиллах нөхцөл байдал үүсч байгаа.

-Монгол банкны зүгээс найман хувийн хүүтэй орон сууцны  зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад  олгохдоо  ямар хяналт  тавьж байгаа бол?

-Хас банк орон сууцны зээлийг хэвийн олгож байгаа, урьдчилгаагаа нэмээгүй л гэж байна лээ. Харин арилжааны банкуудад ямар хэмжээний мөнгө, яаж олгож байгааг мэдэхгүй. Энэ бол Монголбанкны асуудал.

-Нүүрсний үнэ өмнөх жилийнхээс өслөө. Ноднин жилийнхтэй адил хямд үнэтэй нүүрс нийлүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх үү?

-Нүүрсний үнэ, борлуулалтад арга хэмжээ авч, зохицуулалт хийнэ. Тодорхой хэмжээний зохион байгуулалттай дэмжлэг үзүүлнэ. Налайхын нүүрс нийт хэрэглээнд хувь багатай. Үүнээс болж нүүрсний үнэ нэмэгдэнэ гэж байхгүй.

-Азийн банкны холбооны хурал болох үеэр эдийн засагчид "Монгол Улс гадаадаас бонд босгож байгаагаа зогсоох хэрэгтэй" гэх зөвлөгөөг өгч байсан. Гэтэл ямар шаардлага үүссэн болоод "Чингис бонд"-ын араас "Самурай бонд" гаргах болчих вэ?

-Өнгөрсөн жил УИХ-аас 5 тэрбум ам.долларын бонд Засгийн газар гаргаж болно гээд баталсан. Эхний ээлжинд 1.5 тэрбумыг босгосон. Цаана нь 3.5 тэрбум байгаа. Засгийн газар нөхцөл байдлаа харж байгаад дахиад 3.5 тэрбум ам.долларыг борлуулах боломжтой. Тэгэхээр түүнийхээ 1 тэрбум юм уу, 600 саяыг Японы зах зээлд гаргачихая л гэсэн санаа. Японд босгосныгоо төсөв рүү оруулахгүй. Монгол Улсад бонд гаргах ямар хэрэгцээ байна вэ гэхээр 21 аймгаа хатуу хучилттай авто замаар холбох нь зөв үү?, зөв.  Гэвч төсвийн мөнгөөр хийж чадах уу, чадахгүй учраас гаднаас мөнгө босгохоос аргагүй байгаа. УБ хотын түгжирчихээд байгаа уулзварыг засах нь зөв үү, зөв. Мөнгө нь хаанаас гарах уу, бондын мөнгө юм уу түр зуур гаднаас мөнгө оруулж ирэх шаардлага үүсч байгаа. Энэ мэтчлэн цаашид ч хийх ажлуудыг бондын мөнгөөр санхүүжүүлнэ. 

Зөвхөн дэд бүтцэд бондын мөнгийг зарцуулаад бусад салбараа орхичихгүй. Ноос, ноолуурын үйлдвэрүүдээ дэмжих шаардлага бий. Жишээ нь ноосон даавуугаа дотооддоо хийдэг болчихвол дүрэмт хувцсаа 100 хувь үндэсний үйлдвэрүүд хийх бололцоо нь нээгдэнэ. Гэтэл ноосон даавуу хийх үндэсний үйлдвэртээ төсвөөсөө мөнгө өгөх бололцоогүй үед бондоос бий болгосон мөнгөө компаниудад зээлээр олгочихоор үйлдвэрлэлээл өргөтгөөд  өнөөдрийнхөөс гурав дахин илүү бүтээгдэхүүнийг гурван жилийн дараа бүтээнэ. Түүгээрээ бондын мөнгийг эргүүлэн төлнө. Бондын мөнгийг халамжийн 21 мянга шиг тараачихгүй шүү дээ.

-Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг анх иргэдэд олгох болоход эх үүсвэрийг нь тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх замаар шийдвэрлэнэ гэж байсан. Гэтэл энэ ажил явж байгаа юм уу? 

-Найман хувийн зээл дээр ямар арга замаар тогтвортой санхүүжилт бий болгох вэ гэдгийг анх ярьсныхаа дагуу хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нийгмийн даатгалын сан гэж залуучуудын төлчихөөд байгаа мөнгө бий, түүнийг орон сууцны санхүүжилтийн мөнгө болгож ашиглах бэлтгэл ажил эхлээд явж байна. Манайд тааламжтай нэг нөхцөл нь ажил хийж байгаа залуучууд нь олон тэтгэвэрт гарч байгаа нь харьцангуй бага. Энэ схемээр бэлтгэл хангагдаж байгаа гэж ойлгох ёстой.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж