Даамын дэлхийн аварга Монголд тодорно

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Даамын дэлхийн аварга Монголд тодорно

Дэлхийн даамын холбооны (FMJD)-ын дүрмээр эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд зохиогддог аж. 2012 онд Франц улсад болсон Дэлхийн даамын холбооны Ерөнхий ассемблейгаар Польш, Эстони улсуудтай Монгол улс өрсөлдөж 100 буудалт даамын 38 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрхийг авчээ. Монгол улс 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг аваад зогсохгүй, блиц (5 минут) болон түргэн тоглолтын (15 минут) эрхийг давхар авсан.

38 дахь удаагийн 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх аравдугаар сарын 1-15-ны өдрүүдэд “Пума” зочид буудлын хурлын танхимд болно.

Тэмцээний хуваарь ёсоор аравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд блиц болон түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, медальтнууд тодрох юм. Харин үндсэн төрөл болох 100 буудалт даамын 2013 оны “дэлхийн аварга” цолны төлөө дэлхийн шилдэг 16 тамирчин аравдугаар сарын 4-15-ны өдрүүдэд швейцарь системээр өрсөлдөх юм.

Манай оронд сүүлийн жилүүдэд оюуны спортын гол төрлийн нэг болох 100 буудалт даам эрчимтэй хөгжиж, сонирхон хичээллэгсдийн тоо олноор нэмэгдэхийн зэрэгцээ тамирчид тив, дэлхийн түвшинд өндөр амжилт үзүүлж байна. Тухайлбал, 2013 оны өндөр зэрэглэлийн тэмцээнээс Монгол улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ОХУ-ын Уфа хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ 12-т шалгарч, даамын спортын түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Мөн Узбекстаны Ташкент хотноо зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Баттулга, Э.Мандахнаран нар тэргүүлж, “олон улсын их мастер” цолыг хүртсэн.

Дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 12 удаагийн домогт аварга Латвийн Зоя Голубева тэргүүтэй арван орны шилдэг 16 тамирчин өрсөлдөх гэж байна. Тэмцээнд ОХУ, Монгол улсаас гурав, БНХАУ-аас хоёр, Украйнаас хоёр, Голланд, Беларусь, Латви, Литва, Польш, Эстон улсаас тус бүр нэг тамирчин оролцох юм.

Монгол улс зохион байгуулагчийн давуу эрхийн дагуу гурван тамирчин оролцож байгаа бөгөөд Ази тивийн аварга болж, тус тэмцээнд оролцох эрхээ авсан олон улсын их мастер М.Нямжаргал, 2013 оны Монгол улсын аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран, спортын дэд мастер М.Одгэрэл нар дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөнө.

Ингээд 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох, Ази тивийн аварга, дэлхийн оюуны спортын наадмын багийн хүрэл медальт Э.Мандахнарантай цөөн хором ярилцлаа.

– Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад болж, тэр дундаа улсаа төлөөлөн оролцож буй танд монголчууд ихээхэн найдлага тавьж буй.

-Оюуны спортын үндсэн төрөл 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байгаа нь томоохон үйл явдал болж байна. Мэдээж нутгийн дэвжээн дээрээ дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байгаа болохоор бидэнд найдлага тавьж буй нь илт юм. Тиймээс бэлтгэл сургуулилтаа сайтар хангасан байгаа. Мөн бас хариуцлагатай оролцох нь чухал.

-Тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

-2013 оны 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны Ташкент хотноо өнгөрөгч тавдугаар сард болсон. Тус тэмцээнд түрүүлж тивийн аварга болж, улмаар их мастерын болзол хангасан. Мөн тавдугаар сарын сүүлээр Сүхбаатар аймагт болсон энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр дэлхийн аваргад оролцох эрхээ авсан байгаа. Олон улсын их мастер М.Нямжаргалын хувьд 2012 оны тивийн аварга болсон учраас дэлхийн аваргад оролцох эрхээ аваад байсан. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу гурав дахь тамирчнаар Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл оролцох юм. Түүний хувьд 15 настай бөгөөд, энэхүү тэмцээний хамгийн залуу оролцогч болж байгаа.

-Ямар багшийн удирдлагад хичээллэдэг вэ?

-М.Одгэрэл бид хоёрын хувьд олон улсын их мастер Д.Баттулга дасгалжуулагчийн удирдлаган доор бэлтгэл сургуулилтаа хийсэн байгаа. Тивийн аварга М.Нямжаргалын дасгалжуулагчаар ОУИМ Ганжаргал ажиллаж байна.

-Өнгөрсөн жил Францад болсон оюуны спортын II наадмаас хүрэл медаль хүртсэн шүү дээ.
 

-Францын Лиллей хотноо өнгөрөгч наймдугаар сарын 09-23-ны хооронд Дэлхийн оюун ухааны спортын II дугар наадам болж, манай улсын даамын эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцсон. Тус тэмцээнээс блиц тоглолтын багийн төрөлд спортын мастер Б.Нандинцэцэг бид хүрэл медаль хүртэж, оюуны спортын олимпийн наадмын анхны медалийг эх орондоо авчирсан байгаа. Зуны олимпийн их наадмын дараа оюуны спортын их наадам болдог. Хэдийгээр бид Бээжинд болсон анхдугаар наадамд медаль хүртэж чадаагүй ч II наадамд даамын төрөлд оролцсоноор хүрэл медаль хүртсэн байгаа. Энэхүү тэмцээн Их Британы Лондон хотноо болох байсан ч тэмцээний хуваарьт өөрчлөлт орж, Франц улсад болсон.

-Бусад уралдаан тэмцээнд гаргаж байсан амжилтаа дурдвал?

-Монгол улсын өсвөрийн зургаан удаагийн аварга. Насанд хүрэгчдийн хоёр удаагийн (2009, 2013) аварга. Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож, нэг хүрэл, нэг алтан медаль хүртээд байна.

Ч.БОЛ
38 дахь удаагийн 100 буудалт даамын дэлхийн аваргын төлөө өрсөлдөх 16 тамирчныг танилцуулж байна.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж