МУБИС-ийн дотуур байр тав хоног тоггүй байжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

МУБИС-ийн дотуур байр тав хоног тоггүй байжээ

МУБИС-ийн оюутны I, II байрны цахилгаан тасраад тав хонож байна. Цахилгаангүйн улмаас дотуур байрны оюутнууд хоол ундаа хийж идэж чадахгүй, хичээлээ ч давтаж чадахгүй байгаа гэнэ. Гэсэн ч цахилгаан хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс МУБИС-ийн оюут­ны I, II  байрны ца­хилгаан юуны улмаас тасарсан болохыг сурвалжилсан юм. МУБИС-ийн II байр руу өдрийн 11:00 цагийн үед очиж үзэ­хэд үүдний хонгил нь ямар ч гэрэлгүй, харанхуй байв. Жижүүр эмэгтэйгээс шалтгааныг нь асуухад “Миний мэдэх хэрэг биш. Хэд хоног л цахилгаан тасарч байна. Ямартай ч хариуцсан эрчим хүчнийхэн нь мэдэх байх. Мөн сургуулийн удирдлагаас асуу” гэв. Харин байр руу орж байсан оюут­нууд “Өнгөрсөн долоо хоногт цахилгаан тасарсан. Одоо болтол ирээгүй байна” гэж баталж байлаа.  Түүнчлэн энэ үеэр ЭМШУИС-ийн дотуур байр цахилгаангүй байгаа нь МУБИС-ийн дотуур байрны цахилгааны сааталтай холбоотой байж магадгүй гэдгийг   жижүүр нь хэлсэн юм.

МУБИС-ийн хоёрдугаар дотуур байрны оюутан  Г.Ариунзаяа:
БАЙР ХАРАНХУЙ УЧИР ОЮУТНУУД ИРЭХГҮЙ БАЙГАА

-Сүүлийн тав хоног цахил­гаан­гүй байсан. Гэхдээ зарим өрөө нь цахилгаантай, зарим нь цахилгаангүй байсан. Харин өчиг­дөр бүх өрөө цахилгаангүй бол­чихсон. Шалтгааныг нь мэдэхгүй бай­на. Уг нь өнгөрсөн нэг дэх  өдөр цахилгаан ирнэ гэж байсан ч ирсэнгүй. Хоёр дахь өдөр ч ирээ­гүй. Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар ирэх үгүй нь тодорхойгүй байна. Цахилгаангүйгээс болж хэд хоног хоолоо ч хийж чадахгүй, харанхуйд  амьдарлаа. Байр ха­ран­хуй учир оюутнууд ирэхгүй бай­гаа. Тэгэхээр юунаас болсон шалт­гааныг тод­руулж, арга хэмжээ  авбал зүгээр юм.
Харин өөр нэг оюутан “Ца­хилгаан тасарсан шалтгааныг хэ­лэхгүй байгаа. Удахгүй ирнэ л гэсэн. Тиймээс хүлээхээс өөр арга алга. Энэ хэвээрээ удаан хугацаанд харанхуй байвал хэцүү л байх” гэв.

Д.Батбаяр: ЭРЧИМ ХҮЧНИЙХНЭЭС  ШАЛТГААЛЖ ЦАХИЛГААНЫ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ

Үүний дагуу МУБИС-ийн инженер, ахлах мэргэжилтэн Д.Батбаяраас тог ирэхгүй байгаа шалтгааныг тодруулсан юм.    

-МУБИС-ийн оюутны хоёр байр хэд хоног цахилгаангүй бай­сан шалтгааныг тодруулсан уу?

-Борооны уснаас болж  газар доорх кабель гэмтсэн. Гэх­дээ үүнд сургуулийн зүгээс шалт­гаалах асуудал байхгүй. Харин эрчим хүчнийхнээс шалтгаалж ца­хилгаан ирэх үгүй нь шийдэгдэнэ. Тиймээс бид энэ талаар холбогдох албаныханд мэдэгдсэн. Энэ үүднээс лаборториос хүн ирж харсан. Ка­белийн утас нь 200-300 метр учраас хаана гэмтэл үүссэн гэдэг нь мэдэгдэхгүй байна. Одоогоор нэгдүгээр байр л цахилгаангүй байгаа.

-Саяхан очиж үзэхэд дотуур байр хоёулаа цахилгаангүй бай­сан.  Хэзээ ирэх вэ?

-Одоогийн байдлаар кабелийн утсыг ил гаргасан боловч  мэр­гэжлийн хүн нь ирж холбож өгөөгүй байна. Үдээс өмнө хоёр цаг гэхэд цахилгаан ирчихнэ. Кабелийн гэмтлийг тодорхойлох байх.

Л.Гансүх: ТЭР ДАРУЙД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОЛОХ БАЙСАН

Харин энэ талаар “УБЦТС” ХХК-ийн Зүүн түгээх төвийн кабель, шугам засвар үйлчилгээний хэсгийн ахлагч Л.Гансүх доорх хариултыг өгсөн юм.

-МУБИС-ийн оюутны байрны цахилгаан тав хоног ирээгүй байна. Сургуулийн захиргааны зүгээс асуудалд танайхыг буруут­гаж байна?

-Уг нь тухайн сургууль өөрсдөө эрчим хүчээ сэргээх ёстой. Тэнд нь асуудал хариуцсан инженер байх ёстой. Тус сургуулийн цахилгааныг хариуцсан хүн өглөө ирээд явсан. Холболт хийгээд өгөөч гэсэн. Ца­хилгааны гэмтэл гарсан үед нь хэлсэн бол арга хэмжээ хурдан авч болох байсан.

-Дотуур байрны оюутнууд цахилгаангүй байгаадаа гомдол­той байна. Танай байгуул­ла­гынхан дотуур байр руу очиж үзэв үү?

-Бид дуудлага ихтэй учраас ачаалал их байдаг. Тиймээс өнөө­дөртөө /өчигдөр/амжаад очих эсэх нь эргэлзээтэй. Бидэнд энэ талаар мэдэгдээгүй  байж байгаад өнөөдөр л/өчигдөр/ мэдэгдлээ. Мэргэжлийн цахилгаанчин байгаа бол өөрсдөө арга хэмжээ авч болно.

-Сургуулийн инженер кабе­лийн утас бороо, уснаас болж гэмтсэн гэсэн. Үүнд хамгаалалт байх ёстой биз дээ?

-Тийм. Хамгаалалттай байдаг. Зүгээр нэг бороо орсноос болоод ч юм уу кабель гэмтэхгүй. Харин ашиглалтын шаардлага хангаагүй байж болзошгүй юм. Тухайлбал кабель олон залгаа утаснуудтай. Мөн салаа утас залгахдаа аюулгүй байдлыг хангаагүй зэрэг асуудал байж болно. Үүнийг сургуулийнхан өөрөө сольж, шинэчлэх ёстой. Үүнээс гадна хүчин чадлаас нь шалт­гаалж болно. Мөн тоног төхөө­рөмжийнхөө ашиглалтын хугацааг байгууллага хариуцах ёстой.

Т.БОЛОРЦЭЦЭГ

Эх сурвалж: “УЛСТӨРИЙН ТОЙМ”
сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж