“Монгол ур чадвар-Улаанбаатар”-ын ялагчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

“Монгол ур чадвар-Улаанбаатар”-ын ялагчид тодорлоо

Хөдөлмөрийн яамнаас санаачлан "Ажилтай, орлоготой Монгол хүн" хөдөлмөрийн салбарын долоо хоног аяныг өнгөрсөн даваа гаригаас эхлэн зохион байгуулж байгаа билээ. Дээрх арга хэмжээний хүрээнд өчигдөр Чингисийн талбайд Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болж, ажилгүй иргэдийг ажлын байранд бүртгэх, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, ЖДҮ-ийн зээл авсан ч барьцаа хөрөнгөгүйгээс банкнаас зээл авах боломжгүй байгаа үйлдвэрлэгчид батлан даалт гаргах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан нь иргэдийн талархлыг хүлээсэн билээ. Мөн энэ үеэр  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа залуус ур чадвараараа өрсөлдсөн.  Хот хөдөөгийн 40 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 40 суралцагч үсчин, гагнуур, гоо засал, өрөг гэсэн дөрвөн төрөлд Германд болсон “World skills international” уралдааны шалгуураар өрсөлдөж, аваргаа тодруулсан юм. Үүнд, Үсчин мэргэжлийн эмэгтэй засалт төрөлд Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн суралцагч Ж.Мөнгөнсувд тэргүүлж алтан медаль, Дархан МСҮТ Э.Уранзаяа мөнгөн медаль хүртэв. харин Эрэгтэй үс засалтын төрөлд Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн суралцагч Э.Хосшагай бусдыгаа тэргүүлж алтан медалийн эзэн боллоо.   Гагнуурын төрөлд Техник технологийн дээд сургуулийн оюутан Ч.Шоовдор, Дорноговь МСҮТ-ийн суралцагч А.Од-Эрдэнэ нар тус бүр хүрэл медаль хүртлээ.

Барилгын өрөг төрөлд, Дорноговь аймгийн МСҮТ-ийн суралцагч Э.Батболд мөнгөн медаль, Техник технологийн дээд сургуулийн оюутан Б.Нүүдэл хүрэл медаль, Барилгын политехникийн коллежийн оюутан Ж.Энхжаргал хүрэл медаль хүртэв. Гоо заслын төрөлд, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн оюутан Г.Нарантуяа мөнгөн медаль, Крилон МСҮТ-ийн суралцагч Б.Оюунномин мөнгөн медаль хүртэж, авьяас чадвараа гайхуулсан юм.

“World skills international” буюу Дэлхийн ур чадварын олимпиад энэ жил ХБНГУ-д зохион байгуулагдсан бөгөөд манай улс зочноор оролцсон. Тэгвэл энэхүү тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулсанаар МСҮТ-ийн суралцагчид ур чадвараараа дэлхийн түвшний хаана явааг тодруулсан үйл явдал боллоо. Дэлхийн жишгээр явагдсан энэхүү тэмцээний зарим төрөлд медальт байрын шалгуур хангаагүй тохиолдол ч байсныг шүүгчид нуулгүйгээр шударга дүгнэсэн нь энэ юм.  

Мөн энэ үеэр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчид ур чадвараа харуулсан шоу үзүүлбэрүүд үзүүлж сонирхуулсан энэ өдрийн “сюрприз” байлаа. Эксковаторын  шанаганд бэхэлсэн сүүг аягалан Засгийн газрын тэргүүнд барьж, ус нь цацарч буй парыг гагнасан гээд МСҮТ-ийн суралцагчдын чадварыг харуулсан үзүүлбэрүүд Засгийн газрын тэргүүнээр зогсохгүй, хөдөлмөрийн яармагийг үзэж сонирхсон үзэгчдийг гайхуулаад авсан. Мөн Монгол хүний гараар бүтээгдсэн машин цугласан хүмүүсийн сонирхолыг эрхгүй татаж байсан юм.

Шинэчлэлийн Засгийн газраас “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд чадварлаг, мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээнд энэ онд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлүүлж, хоёр ээлжээр 6925 иргэнийг хамруулан ажилтай, орлоготой болгоод байна.

Ийнхүү “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганыг угтсан Хөдөлмөрийн салбарын нээлттэй өдөрлөг сонин, содон үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Маргааш “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд болно.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж