-Чөлөөт бөхийн ДАШТ-ийн сэдэв хуучраагүй байна. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн хувьд та Монголынхоо тамирчдад ямар үнэлгээ өгч байна вэ?
-Шинэ он гарсны Спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ багийг шинэчлэн байгуулсан. Угаасаа олимпийн дараа дэлхийн аль ч улс орны шигшээ баг шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болдог. Шигшээ багийг байгуулсан цагаас л сургалт, дасгалжуулалтын ажилд шинэчлэл хийхийг гол зорилгоо болгосон. Үүнийг бид нэлээд шинэлэг маягаар хандаж, тавих шаардлага, үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийг хүссэн. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Будапештын дэвжээн дээр гарч байгаа тэр гайхалтай амжилт бол бидний хийж байгаа ажлын эхлэл юм. Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа бид хоёр баг бүрийг хүлээн авч уулзалт хийлээ. Ингээд тамирчин, дасгалжуулагч хүн ямар байх ёстойг авч хэлэлцсэн. Нуулгүй хэлэхэд манай тамирчид эмх замбараагүй, задгай байв. Тамирчин хүн хатуу сахилга батгүй бол амжилт гаргахгүй. Тиймээс энэ доголдлыг арилгахын тулд анхнаасаа шаардлага тавьж эхэлсэн юм.
Хоёрдугаарт, бэлтгэл сургуулилт. Хэдий чинээ хөлс их гарна, шинжлэх ухааны хандлагатай сургалт, дасгалжуулалт явуулж байна гэдгээрээ дэлхийн дэвжээнд амжилт гаргадаг. Ийм учраас бид 17 шигшээ баг бүртэй тусгайлж уулзсан. Зөв төлөвлөлт бол амжилтын үндэс. Цаасан хэдэн үг бичих маягаар ажиллахгүй гэдгээ хэлээд эхнээсээ л хатуу шаардлага тавьсны үндсэн дээр өнөөдрийн амжилт бий болж байгаа юм. Өөрийн тань асуултад тодруулж хэлбэл, Чөлөөт бөхийн тамирчид маань өндөр амжилт үзүүлсэн. Гэхдээ үүнээс илүү амжилт гаргах боломж байсан.
-Тэгээд та бүхний тэр хатуу шаардлагыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Би өрөөндөө олон дасгалжуулагчийг дуудаж уулзсан. Одоо зарим нь миний өрөөнд яаж орох вэ гээд халширдаг шүү дээ. Нэг төлөвлөгөөг 5-6 удаа буцааж байна. Миний бие 40 гаруй жил спортод хүчин зүтгэлээ. Энэ туршлага дээрээ түшиглээд, дээрээс нь монгол эрдэмтдийнхээ санаа бодлыг сонссоноор шигшээ багийн бэлтгэлд нэг шат ахиж байгаа юм. Мэдээж эхэндээ дасгалжуулагч нарт хэцүү л байсан байх. Зарим нь уйлаад л гардаг байлаа. Гэхдээ эцсийн мөчид манай багш нар бүгд ойлгосон учраас надад баярлалаа гэж хэлж байна шүү. Энэ нь надад маш сайхан санагдаж байгаа. Жил бүр шахаж шаардаад, чамбай болговол 2016 оны олимпод Монголын шигшээ баг нэлээд өндөр амжилт үзүүлнэ гэж бодож байна. Ямар ч байсан бидний тавьсан эхний зорилт биеллээ. Жүдогийнхон дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль авлаа. Чөлөөтийнхөн, тэр тусмаа эрэгтэйчүүд маань зургаан жил тасарсан медалиа зүүж байна.
-Чөлөөт эрэгтэйчүүд бөхөд хайртай монголчуудыг олон жил гомдоосон. Тэдэнд ямар шаардлага тавьж байсан бэ?
-Юун түрүүнд хуучирсан арга барилаасаа салахын тулд цаг хайрлалгүй хуралдсан. Яавал өндөр ачааллыг давж, дэлхийн аварга хэмээх өндөр давааны ард гарах вэ гэдгийг эхнээс нь нухацтай хэлэлцсэн. Бид өдөр бүр л хэлэлцэж, ярилцдаг. Гэхдээ зөвхөн ярилцаад суудаг гэж ойлгож болохгүй. Ямар тактикаар барилдаж дэлхийн шилдэг бөхчүүдийг ялах вэ гэдгийг бэлтгэл дээрээ судалж, ноцолдсоны үндсэн дээр төлөвлөгөөгөө баталсан. Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар Эрдэнэтэд очиж Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, Э.Ням-Очир, Б.Номин гэх мэт хөнгөн жингийн тамирчидтай өөрөө бэлтгэл хийж, арга туршлагаасаа зааж зөвлөж байлаа. Саяхныг хүртэл барилдаж байсан хүн арай өөр байгаа юм л даа. Түүнтэй хийсэн бэлтгэл манай тамирчдад өгөөжөө өгсөн. Шигшээ багийн төлөвлөгөөний хэрэгжилт дээр бид биечлэн танилцаж байсны үр дүн гарлаа. Нэг үгээр хэлбэл бидний ажлын шинэ арга барил нь тогтвортой сууж ярьдаг болсон. Энэ ажлын үр дүн Бразилийн Рио де Жанейро, Унгарын Будапештын дэвжээнд гарлаа.
-Чөлөөтийнхөн маань дэлхийн аваргын дэвжээнд гарахад ямар алдаа гаргаж байна вэ. Тамирчин тус бүр дээр нь дүгнэлт хэлэх боломжтой юу?
-Хүн бүхэн дээр ярьвал их цаг шаардана. Тиймээс гол хэдэн хүн дээр товчхон яръя. Г.Мандахнаран сайн барилдсан. Нэг л алдаа гаргасан. Гурав дахь удаагаа өмсөх мэхийг хийхдээ буруу үед нь хийсэн. Өрсөлдөгч тамирчныхаа хамаг биеийг норсон үед хийж алдаж байна лээ. Тэндээсээ өөрөө оноо алдсан. Түүнээс биш манай Г.Мандахнаран дэндүү илүү барилдсан шүү. Огт ядраагүй. Өөрийнхөө давшилт, ааг бяраа дэндүү их гаргасан нь түүний гол алдаа байлаа. Дараачийн удаа тийм хүнд мэхийг норсон үед нь хийхгүй гэдгийг манай багш, тамирчид ойлгосон. О.Насанбурмаагийн хувьд тактикийн алдаа гаргасан. Энэ нь юу вэ гэхээр манай бөхийг Канадын тамирчин тайван байлгаж байгаад ганцхан дайраад л оноо авсан. Өмнө нь тойрч ард гарахад нэг оноо өгдөг байсан бол одоо хоёрыг өгч байна. Канадын бөхийг гэнэт дайрна гэж О.Насанбурмаа төлөвлөөгүй байсан байх. Цагаа зөв тооцоогүйн улмаас ялагдал хүлээлээ. Энэ бол цэвэр тактикийн алдаа юм. Тэгэхээр оноо ойрхон байгаа үед цаг дуустал хамгаалалтаа сайн хийж, барилдах хэрэгтэй. С.Батцэцэг аварга дараачийн удаа Японы агуу бөхийн өмнөөс дайрч барилдвал ялна. Багш нар ч санал нэгтэй байсан. Эвээр барилдаад хэрэггүй. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө давуу талыг ашиглаж, түрэмгий барилдах хэрэгтэй юм байна гэж харлаа. Сая бол их тайван, хүлээцтэй барилдсан шүү дээ. Үүнийг нь Японы хашир туршлагатай бөх сайн ашиглалаа. С.Батцэцэгийг үндсэн барьцанд нь хүргэлгүйгээр хялбархан ялсан. Дэлхийн найман удаагийн аварга бөхийг хөлдөө алдахгүйн тулд хүчээр, бярдаж үндсэн барьцаа олж ав. Тэгвэл Японы бөхийг ялна гэсэн дүгнэлт хийсэн. Хөлөө алдахад жийж, хамгаалдаг байх ёстой. З.Дүвчин багшийнхаа зааж өгөөд байгаа тэр барьцаа хүчээр авбал манай бөх дахин Японы тамирчинд ялагдах байх. Үнэндээ сая барилдаан гарсангүй. Энэ мэтчилэн хүн бүр дээр дүгнэлт хийвэл их зүйл ярина. Бидэнд цаг бага байна. Чөлөөтийнхөн маань удахгүй дүнгийн хурал хийнэ. Жүдочидтой хэд хоногийн өмнө хийсэн байгаа. Жүдочдын хувьд ч гэсэн хэдэн үг хэлье. Манай тамирчдын амжилтад шүүгч нөлөөлсөн нь үнэн. Гэхдээ М.Бундмаа, А.Цолмон, С.Мияарагчаа тэргүүтнүүд яагаад сүүлийн хоромд үнэлгээ алдаж ялагдав.
Шүүгчийн луйвар байсан ч бид өөрсдийн алдаагаа эргэж харах хэрэгтэй. Шүүгчийн луйвар аль ч спортод байдаг. Байх ч ёстой. Харин бид тэднийг тойрч биш дайрч гарна. Шүүгчийн дарамт цаашдаа ч байна байх. Тиймээс би мэргэжлийн хүний хувьд нэг үг хэлсэн. Шүүгч та бүхнийг дарамталж, торгож, шахамдуулж байсан ч өөрийн хийнэ гэж бэлдсэн мэхээ хий, үндсэн барилдаанаа гарга. Өөртөө итгэлтэй байвал болохгүй зүйл байхгүй ээ. Зөв хамгаалалт хий, зөв дайралт хий. Энэ бол бидний гарц гэж би хэлсэн.
-Г.Мандахнаран дэлхийн аваргаас хүрэл медаль авахад тэнд байсан чөлөөтийнхөн болон монголчууд хэрхэн баярлаж байв?
-Нуулгүй хэлэхэд уйлсан. Яагаад гэвэл эрэгтэйчүүд 2008 оноос эхлээд жил бүр хоосон ирдэг. Хэвлэл мэдээллээр байнга шүүмжлүүлдэг байсан шүү дээ. Эрэгтэй чөлөөт бөх уналтад орсон. Бид хоорондоо “Сүүлийн хэдэн жил манай тамирчид дээд тал нь хоёрдугаар тойрогт л хардаг байсан шүү дээ” гэж санаа алдаж билээ. Гэтэл одоо бидэнд дэвшил гарчээ. Бүх тамирчдаа жагсааж байгаад “Энэ уналтыг бид л аварга. Өөр хэн ч биш” гэж би хэлж байсан. Өнөөдрийг хүртэл бид арга барилаа олоогүй явжээ. Эмэгтэйчүүд ч мөн ялгаагүй. 2012 оны Канадын дэлхийн аваргаас манайхан ганцхан хүрэл медаль авсан. Өмнөх жил нь гурван медаль авсан мөртлөө амжилт маш их унасан. Хэдийгээр бид энэ жил амжилт гаргасан ч үүндээ ташуурахгүй ээ. Яагаад гэвэл өмнөхөө мартахаараа л бүх зүйл болохоо больдог.
-Тэгвэл тамирчдын сэтгэлзүйн тал дээр юу хэлэх вэ?
-Энэ тал дээр анхаарал хандуулсан. Өмнөхөөсөө ч илүү анхаарсан. Сэтгэлзүйн хэт давшингуй байдлаас болж алдсан тохиолдол ч бий. Би нэг гоё зүйл яримаар байна. “Зөв сургалт амжилтын үндэс” нэртэй семинар явсны дараа эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, эрэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар санаачлаад спортын эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга, доктор Б.Ганзоригийг чөлөөтийн шигшээдээ урьж эрэгтэй, эмэгтэй баг тус бүр дээр нь спортын сэтгэлзүйн сэдвээр сургалт зохион байгуулжээ. Энэ нь манай тамирчдын ялалтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Ер нь бол цаашид ч гэсэн сэтгэлзүй болон тамирчдын ёс суртахууны тал дээр анхаарч ажиллах болно. Будапештын тэмцээний үеэр сэтгэлзүйн асуудал дээр дутагдал байсныг нуухгүй. Гэхдээ өмнөхөө бодвол нэг шат ахисан.
-Хэд хоногийн дараа боксын дэлхийн аварга болно. Боксын ДАШТ дээр үндэсний шигшээ багийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Боксчид маань Эрдэнэтэд бэлтгэлээ хийж байгаа. Нэг маргаантай асуудал байсныг сорил авах журмаар шийдлээ. Монголын боксын холбооны дүрмээр бол улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин тухайн жилдээ нэг номероор байна гэсэн дүрэм байдаг билээ. Энэ дүрмээр бол олон улсын хэмжээний мастер З.Энхзориг ДАШТ-д явах ёстой байсан. Гэхдээ бид ажил хариуцсан хүний хувьд У.Мөнх-Эрдэнийн хүсэлтийг хүлээж авсан. Боксын холбооны удирдлагуудтай харилцан санал солилцож, зөвлөлдсөний эцэст хоёр тамирчны дунд сорил хийхээр болсон. Сорилд У.Мөнх-Эрдэнэ яллаа, Тиймээс ямар нэгэн маргаангүйгээр эх орноо төлөөлөн ДАШТ-д оролцоно гэсэн үг. Энэ бол Спортын бэлтгэлийн төвийн шигшээ багийн албанаас баримталж байгаа ардчилсан бодлого. Хэдийгээр боксын холбооны дүрэм байвч амжилт гаргасан тамирчнаа харъя гэсэн уян хатах бодлого баримталсан. Шударга өрсөлдөөн гэдгийг л манай бэлтгэлийн төв барьж байгаа учраас боксын холбооны дүрэм журмыг түр хойш тавьсан юм. Үүнийг зөвөөр ойлгоорой. Шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа болон миний бие Эрдэнэт хотыг зорих гэж байна. /Ерөнхий дасгалжуулагч А.Басхүү уг ярилцлагын өмнө Эрдэнэт хотыг зорьсон юм./
-Цаашид дасгалжуулагч болон тамирчдын амжилтыг үргэлжлүүлэхийн тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Одоо хийж байгаа ажлаа улам сайжруулна. Дэлхийн сайн дасгалжуулагч нар дутуугаа хүнээс нөхдөг юм. 17 шигшээ баг болон шигшээ багийн албаны зөв зохион байгуулалтад өөрчлөлт орсон байна. Энэ нь бидэнд маш их урам өгч байгаа. Үүнийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд нягт хамтын ажиллагаа хэрэгтэй. Тийм байтал дундуур ороод бүү саад хийгээрэй. Үүнийг хүн бүр дотроо бодоорой. Ялангуяа спорт холбоодын удирдлагууд. Бүгдээрээ нийлж арайхийж босгосон энэ амжилтаа хамт аваад явбал Риогийн олимпийн ирээдүй гэрэлтэж байна. Үүнийг л би зориуд хэлье. Бид үйл хэргийн эхлэлээ зөв тавьсан. Ийм боломжийг хэн нэгэн биш бид өөрсдөө нээж чадлаа. Үүн дээр бүх санаагаа тавьж, сэтгэл зүрхнээсээ хандаач гэж хэлмээр байна. Хамтын ажиллагаан дээр л би санаа зовж байна. Эцэст нь бидний ажил руу хэт битгий орооч ээ гэж хэлье.
Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин