МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хөдөө, орон нутагт намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны зорилтын талаарх мэдээллийг намын гишүүддээ хүргэхээр ажиллаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 13 аймаг, нийслэлийн нэг дүүрэгт ажиллажээ. Энэ үеэр 8000 гаруй км зам туулж, намын 1300 гаруй гишүүд, дэмжигчтэй уулзаж, 13 аймагт “Шинэчлэлийн өргөө” байгуулсан гэнэ. Мөн намын 27-р их хуралтай холбоотойгоор 700 гаруй гишүүн, дэмжигчээс бичгээр санал авсан байна. Эдгээрийг нэгтгэж, намын дүрэм болон хөгжлийн хөтөлбөр, бодлого, шийдвэрт тусгах гэнэ.
Шинэчлэлийн хорооныхон мөн анх удаа улс төрийн намын үйл ажиллагааны хүрээнд явуулсан ажилд зарцуулсан зардал, хандив болон түүний зарцуулалтын талаар ил тод нээлттэй зарлаж, намуудын санхүүжилтийн ил тод байдлыг нийгэмд хэвшүүлэхээр зарлаж байгаагаа дуулгаж, тайланг танилцууллаа. Шинэчлэлийн хорооны орон нутагт ажилласан санхүүжилтийн тайлангаар нийт 36 байгууллага, иргэн хөтөлбөрийн ажлыг дэмжин хандив өргөснөөс бэлнээр 8.465.000 төгрөг, бэлэн бус хэлбэрээр 3.888.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив хүлээн авч, үндсэн зардлууд болох шатахуунд нийт зардлын 3.868.630 төгрөг буюу 50 орчим хувийг зарцуулсан байна. Ер нь улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа нам, эвсэл, байгууллагууд 21 аймагт ажиллахад дунджаар 100 гаруй сая төгрөг зарцуулдаг тухай мэдээлэл байдаг ч Шинэчлэлийн хорооны тайлангаас харахад маш бага зардлаар ажиллах боломжтойг харж болно гэж МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Т.Аюурсайхан онцлон хэллээ.
Шинэчлэлийн хорооныхон цаашид бусад аймаг, дүүрэгт ажилласан ажлын тайлан мэдээлэл, санхүүгийн тайлангаа ч нийтэд ил тод зарлах бөгөөд бусад улстөрийн нам, хүчнүүд санхүүжилтийн ил тод байдлаа шударгаар гаргаж, ажиллахыг уриаллаа.
Ш.ЧИМЭГ