Чөлөөтийнхөн Д.Коркиний нэрэмжит тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Д.Коркиний нэрэмжит тэмцээнд оролцоно

ОХУ-ын Якут улсын Якутск хотноо болох ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит зургаа дахь удаагийн чөлөөт бөхийн “Гран-При” олон улсын тэмцээнд оролцох манай баг эх орноосоо мордлоо. Ирэх аравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болох тус тэмцээнд МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, холбооны гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар шүүгчээр, “Арслан” клубын дасгалжуулагч И.Моломжамц дасгалжуулагчаар оролцоно.

ЗХУ, Зөвлөлт Якут улсын Гавьяат дасгалжуулагч Д.Коркин /1928-1984/ нь Якут улсын анхны олимпийн аварга болох Р.Дмитриевийн багш байжээ. Тэрбээр олимпийн 2 аварга, 2 медальтан, 5 дэлхийн аварга, 4 гавьяат тамирчин, 13 олон улсын хэмжээний мастер, 160 гаруй спортын мастер бэлтгэжээ.

Манай бөхчүүд замдаа ОХУ-ын Кемерово хотод есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болох “Шахтёрская слава” олон улсын анхдугаар тэмцээнд мөн оролцох юм байна. Болгар, Беларусь, Грек, Израиль, Итали, Казахстан, Тажик, Монгол, ХБНГУ зэрэг гадаад орон, ОХУ-ын Бүгд найрамдах улс, муж, хязгаарын 160 гаруй бөхчүүд оролцох тэмцээний шилдэг бөхийг Кемеров мужийн амбан захирагч А.Г.Тулеевийн шийдвэрээр “Тойота” хөнгөн тэргээр шагнах юм байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд 55 кг-ын жинд Б.Номин мөнгө, 74 кг-ын жинд П.Өнөрбат хүрэл медаль хүртэж байжээ.

Монголын чөлөөтийн багийн бүрэлдэхүүн:

55 кг: Дэд мастер Бат-Эрдэнийн Мөнхбат, ОУХМ Батболдын Номин
60 кг: Баатархүүгийн Өсөхбаяр
66 кг: Дэд мастер Даваацэрэнгийн Хатанбаатар
74 кг: ОУХМ Доржваанчигийн Гомбодорж, ОУХМ Пүрэвжавын Өнөрбат
84 кг: ОУХМ Мягмарын Мэндсайхан
120 кг: ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо, Энхтөгсийн Оюунболд  
Тэмцээний шагналын сан 63 мянган ам.доллар юм. 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж