Төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна

Монгол Улсын төлбөрийн тэнцэлд үнэлэлт дүгнэлт өгөх “Хямрал уу, боломж уу” сэдэвт семинар өнөөдөр боллоо. Энэ оны эхний найман  сарын урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар нэмэгдэж

-2,384.2 сая ам.доллар, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 48.9 хувиар буурч 1,281.5 сая ам.долларт хүрсэн бөгөөд нийт төлбөрийн тэнцэл 1,397.0 сая ам.долларын алдагдалтай гарсныг семинарын үеэр хэлж байлаа. Эдийн засгийн мөчлөгөө эргэн харвал  2012 оноос эхлээд дараалсан долоон  улирлын турш гадаад эдийн засгийн таагүй орчин, түүний сөрөг нөлөөллийн дунд бид амьдарч байгаа юм. Гадаад худалдааны нөхцөл байдал л гэхэд 2011 оны дөрөвдүгээр улирлаас муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал өнгөрсөн оны эхнээс л буурах хандлагатай болсон.  Ийм тодорхой бус байдал дунд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байрыг хадгалж үлдэх, үндэсний бүтээмж болон хуримтлалаа нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлсний үр дүнд гадаад зах зээлээс дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь 2008-2009 оны хямралын үетэй харьцуулахад хамаагүй зөөлөн тусч байна гэж судлаачид хэлж байлаа.

Төлбөрийн тэнцэл нь өнгөц харахад “статистик” гэсэн утгаар техникийн шинжтэй асуудал гэж ойлгогдож магадгүй ч, энэ нь аливаа эдийн засгийн гадаад тэнцлийг илэрхийлэгч, макро эдийн засгийн хамгийн чухал үндсэн үзүүлэлтийн нэг юм байна.  Анх 14 дүгээр зуунд Англи улсад хэрэглэж эхэлсэн статитистик нэгтгэлийг дэлхийн нэгдүгээр дайны дараагаас эхлэн орчин үеийн хэлбэрээр боловсруулж эхэлжээ.  Харин манай улсын хувьд төлбөрийн тэнцлийн жилийн гүйцэтгэлийг 1989 оноос, улирлын гүйцэтгэлийг 1996 оноос, сарын урьдчилсан гүйцэтгэлийг 2011 оноос эхлэн боловсруулж, макро эдийн засгийн судалгаа, шинжилгээ, бодлогын шийдвэрт ашиглах болсон байна.

Төлбөрийн тэнцэлд эдийн засгийн харьяат ба эдийн засгийн харьяат бус бүх гүйлгээг хамруулдаг ажээ. Тодруулбал, банк, банк бус санхүүгийн байгууллагаар бэлэн болон бэлэн бусаар хийгдсэн, үүргийн худалдаагаар хийгдсэн бэлэн төлбөр тооцоо, гадаадын банкууд дахь дансаар төлбөр нь хийгдсэн ч Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараа төдийгүй интернетээр авч буй үйлчилгээ, санхүүгийн гүйлгээ ч  багтдаг юм байна. Одоогийн байдлаар  төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг Сангийн яам, Монголбанк, олон улсын санхүүгийн байгууллагууд нь макро бодлогыг боловсруулах, хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлэх, иргэд, аж ахуйн нэгж нь хөрөнгө, эх үүсвэрийн удирдлагын шийдвэр гаргалтанд ашиглаж байна. Улсынхаа төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахын төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн алдагдлыг ДНБ-ий  хоёр хувьд барих, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, хөрөнгө оруулалтыг сэргээн нэмэгдүүлэх,  Монголбанкинд тушаах алтыг  нэмэгдүүлэх, ингэснээр төгрөгийн эх үүсвэрээр валютын нөөцийг нэмэгдүүлэх, цаашлаад экспортыг нэмэгдүүлэх, улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах ажлыг эрчимтэй зохион байгуулах нь зүйтэй гэдэг дээр семинарт оролцогчид санал нэгджээ. 

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж