
Ердийн зэвсгийг хууль бусаар худалдаалах, ашиглах, ялангуяа террорист үйл ажиллагаанд хэрэглэхгүй байх шаардлагыг үндэслэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей Зэвсгийн худалдааг зохицуулах тухай гэрээг 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр баталсан билээ. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг тогтоон сахиулахад дөхөм үзүүлэх зорилготой уг гэрээ нь ердийн зэвсгийн олон улсын худалдааны зохицуулалтыг сайжруулах талаар оролцогч улсуудын хүлээх үүргийг тусгасан олон улсын баримт бичиг юм.
Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид 2002 онд нэгдэн орсон бөгөөд энэ удаад оролцогч улсуудад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүрэг хүлээлгэж буй түүний нэмэлт протоколд нэгдэн орохоор гарын үсэг зурав.
Ийнхүү Монгол Улс Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээнд гарын үсэг зурсан 86 дахь улс, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд гарын үсэг зурсан 80 дахь улс болов.