Сүүлийн үед улстөрчдийн амнаас Монголбанк Засгийн газрын түрийвч боллоо гэсэн мессеж үе үе цухалзах болсон. Бодит байдал дээр нөхцөл байдал дээр ямар байгаа талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжил, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч С.Болд нараас тодрууллаа.
-Засгийн газар өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас зээл авч байв уу. Энэ талаар тодруулж өгөөч?
-Манай улсын төсөв улирлын шинж чанартай байдаг. Оны эхэн эсвэл сүүл рүү бизнес зогсчихдог тул төсвийн орлого тасалддаг. Энэхүү тасалдлыг нь бид зээл, бондын эх үүсвэрээр нөхөөд явдаг. Дараа нь эдгээрийгээ эргүүлэн төлдөг. Хуулиар Засгийн газар Монголбанкнаас зээл авч болно гэдгийг заасан. Энэ жилийн хувьд бид Монголбанкнаас зээл аваагүй. Төсөв эхний хагас жилдээ хүндэрсэн ч бид бонд гаргаж төсвийнхөө санхүүжилтийг тасралтгүй олгоод явж байна.
-Засгийн газар Монголбанкнаас зээлийг ямар нөхцлөөр хэрхэн авдаг юм бэ?
-Зээлийг их богино хугацаанд авах ёстой юм. Зээл авбал оны эцэст төлөх ёстой. Тиймээс аль болохоор харьцангуй бага зээл авах сонирхолтой байгаа.
-Тэгвэл 2011, 2012 оны хувьд хэчнээн төгрөгийн зээл авсан байдаг юм бэ?
-Өнгөрсөн онд бид зээл авсан. Гэрээнийхээ хүрээнд энэ зээлээ эргүүлэн төлсөн. 2012 он бол их онцлогтой жил байсан шүү дээ. Тэгэхээр бид авсан зээлээ төсөвт зориулж аваагүй юм. Хүний хөгжил сангаас иргэдэд түгээх мөнгийг хугацаанд нь олгохын тулд Монголбанкнаас зээл авч, тэдгээрээ ашигт малтмалын орлого зэргээс эргүүлэн төлсөн. Он дамжуулсан эсвэл хугацаа хэтрүүлсэн асуудал огт байхгүй. Харин 2011 онд төсөв харьцангуй гайгүй байсан шүү дээ.
-Ярианы эхэнд бондын тухай дурдсан шүү дээ. Тиймээс энэ талаар асуумаар байна. 2010 оноос хойш Засгийн газар дотоодын зах зээлд хэчнээн төгрөгийн бонд гаргасан байдаг юм бол?
-УИХ-аас бидэнд бонд гаргах, эргэн төлөх хэмжээ хязгаарыг нь гаргаад өгчихдөг. Бонд гаргаснаар төсөв болоод төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. 2010-2011 он бол төсвийн хувьд харьцангуй гайгүй бэрхшээл багатай давсан он жилүүд байлаа. 2011 онд УИХ-аас хөтөлбөр, арга хэмжээний бондын санаачлага гаргасан. Ноос ноолуур, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 300 тэрбум төгрөгийн блнд гаргасан. Тэдгээрийг тухайн онд арилжаад Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зээлийн эх үүсвэрийг нь олгосон. Одоо энэ ажил хангалттай сайн хэрэгжээд явж байна.
Харин өнгөрсөн хоёр жил уул уурхайгаас олох орлого бидний санасан хэмжээнд хүрээгүй учраас бид орлогын тасалдлаа бондоор нөхөж байгаа. 2012 онд бид улсын төсөв дээрээ 570 тэрбум, Хүний хөгжил санд 308 тэрбум төгрөгийн бонд гаргаад санхүүжүүлсэн. Энэ онд УИХ-аар бидэнд баталж өгсөн үлдэгдэл нь 812 тэрбум төгрөг байхаар хуульчилсан. Бид энэ хүрээндээ ажлаа хийгээд явж байна.
-Энэ онд Засгийн газар Монголбанкнаас зээл авсан уу. Энэ талаар тодруулж өгөөч?
-2013 он гарсаар Засгийн газар Монголбанкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй байна.
-Өмнө нь зээл авч байсан тохиолдол бий юу?
-Төвбанкны тухай хуулийн 18.1 дэх хэсэгт үндэслэн улсын төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөх зорилгоор Монголбанкнаас Засгийн газарт 2011 онд 200 тэрбум төгрөгийн зээл өгч байсан. Харин 2012 онд 228 тэрбум төгрөгийн түр хугацааны зээл өгч байсан.
-Эдгээр зээл нь хэрхэн эргэн төлөгдсөн байдаг юм бэ?
-Эдгээр зээлүүд бүгд тухайн харгалзах онууддаа буцаан төлөгдсөн. 2010 оноос хойшхи хугацаанд Засгийн газар 2896 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалсан. Монголбанкны тайлан балансад Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл байхгүй.
Ж.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин