
Дэлхийг ганцаараа далайгаар тойрохоор явж байхдаа Энэтхэгийн далайд осолд орсон 16 настай охиныг түүнийг хайхаар гарсан Австралийн багийнхан олоод холбоо тогтоож чадсан талаар “CNN” агентлаг мэдээлээ. Абби Сундерландыг хайхаар Австралиас ниссэн “Airbus 330” маркийн онгоц саяхан Аббигийн завь байгаа байрлалыг дээрээс нь илрүүлсэн бөгөөд түүнтэй радио холбоо барьж чадсан байна. Абби Сундерландын завь нь хөмрөөгүй, хэвийн байгаа бөгөөд харин зарим далбааны төхөөрөмж нь ажиллагаагүй болсон бололтой. Абби завин дотроо байна, дулаахан байгаа хоёр долоо хоног хүрэлцэх хүнс байгаа гэж радиогоор ярьсан байна. Австралиас цэргийн усан онгоц өчигдөр Энэтхэгийн далайруу хөдөлсөн бөгөөд маргааш гэхэд Сундерландын байгаа байрлалд хүрч очино гэж үзэж байна. Абби Сундерланд жижигхэн далбаат завиар дэлхий тойрохоор явж байгаа бөгөөд одоогийн байдлаар Мадагаскарын өмнөд эргээс 2,000 миль зайд, Австралийн баруун эргээс 2,000 миль, Антарктидийн Франц арлуудаас хойшоо 500 миль зайд цагт нэг миль орчим хурдтай хөвж байна.
Т.Бадрах