&#34Мэргэжлийн сэтгэл судлаач зайлшгүй шаардлагатай&#34

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

&#34Мэргэжлийн сэтгэл судлаач зайлшгүй шаардлагатай&#34

МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ СУДЛААЧ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БАЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Завхан аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагууд нам эвсэл үзэл бодлоороо ялгарахгүйгээр эмэгтэйчүүд гэдэг утгаараа нэгдэж хамтарч ажилласаар нэлээд хэдэн жил болсон. Тэд хамтарснаар аймгийнхаа эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолой нэгтэйгээр олон ч ажлыг амжилттай эхлүүлж ажиллаж байгаа хамт олон юм. Тэд саяхан нэгэн төсөл санаачлан амжилттай ажилласан энэ тухай тодруулахаар аймгийн эмэгтэйчүүдийн ТББ-уудын Өрнөх хөгжил сүлжээний тэргүүн М.Дуламжавтай уулзлаа.

– Танай эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-Тийм ээ. Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг ЭТББ-уудын “Өрнөх хөгжил” сүлжээ  2006 оноос эхлэн Монголын эмэгтэйчүүдийн сантай хамтран ажиллаж энэ хамтын ажиллагааны хүрээндээ 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, сумын ИТХ-д сонгогдсон эмэгтэй төлөөлөгч, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр “Орон нутгийн ЭТББ-уудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” жижиг төсөл хэрэгжүүллээ. Энэ төслийнхөө хүрээнд орон нутгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын уулзалтыг зохион байгуулж аймгийн ИТХ-д сонгогдсон эмэгтэй төлөөлөгчдийн уулзалт,  эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлаар судалгаа, хэлэлцүүлэг хийлээ. Мөн ЭТББ-ууд болон ИТХ-ын эмэгтэйчүүдэд мэдээлэл түгээх, мэдээллүүдээ фэйсбүүкээр түгээх зэрэг ажлуудыг зохион байгуулж, орон нутгийн ЭТББ-уудын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон цаашид хэрхэн хамтран ажиллах ажлын чиглэлээ гаргалаа.  Орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ИНБ-уудын уулзалт нь харилцан бие биенээсээ суралцах боломж олдож, ИНБ-ууд хөгжлийн үнэлгээ хийж, цаашид хэрхэн ажиллах стратегээ тодорхойлон идэвхтэй хамтран ажиллахаар болсон.

-Мэдээж шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн уулзалтаар орон нутгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамддаг олон асуудлыг ярилцаж гарцаа тодорхойлсон байх?

-Тэгэлгүй яахав. Энэ төслийнхөө хүрээнд бид эмэгтэйчүүдийн төлөөлөл бүртэй уулзалт зохион байгуулж санал бодлыг нь сонсож байсан. Эмэгтэйчүүдийн эрхийг хэрэгжүүлэх, ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн бүлэг болж ажиллах, орон нутгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэрээ гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, эмзэг бүлгийн буюу эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн  байдал, ялгаварлан гадуурхалт  зэрэг асуудлаар онцлон ярилцсан. Гэсэн хэдий ч манай эмэгтэйчүүдийн өмнө шийдвэл зохих тулгамдсан олон асуудлууд амьдрал дээр байсаар байгаа.  Өнөөдөр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа нэгэн чухал асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл юм. Энэ нь архидалттай шууд холбоотой байгаа.  Хүчирхийлэлийн хохирогч нь хүүхэд эмэгтэйчүүд болж байна. Манай эрчүүд “Хайртай” нэрээр хардалт их гаргаж байна. Үүнээс үүдээд хүчирхийлэл эхлэх үндэс суурь тавигдаж байна.  Эрэгтэйчүүд нь өөрсдөө илүү хайрлуулах бодолтой.  Дандаа хайр хүсээд туниад байвал гэр бүлд хэн нь ажиллаж, хэн нь үр хүүхдээ өсгөх гээд олон асуудал гардаг. Шийдэх арга зам бол хэн хэн нь адил тэгш эрхтэй, хоёулаа амьдрахын төлөө зүтгэх, хэн хэнээ хүндлэх нь  маш чухал юм.  Манай залуу гэр бүлүүд хайр гэхээсээ илүү бие биенийхээ давуу, сайн чанаруудыг олж харж хүндлэх л хэрэгтэй. Өнөөдөр манай аймгийн залуучууд, эмэгтэйчүүд  гэр бүлд зөвлөгөө өгдөг хувь хүн,  байгууллагыг хүсч байна. Олон удаагийн уулзалтаар гэр бүлийн зөвлөгөө өгдөг, мэргэжлийн сэтгэл судлаач, байгууллагыг хөдөө орон нутагт байх нь зайлшгүй чухал гэж тэд санал гаргаж асууж сураглаж байсан.

-Манай аймагт ажлын байран дахь бэлгийн дарамт хэр байдаг вэ?

-Өнөөдөр манай эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа хоёрдахь том асуудал бол яах аргагүй бэлгийн  хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт байгаа юм. Энэ бэлгийн дарамт байх ёстой зүйл шиг боддог, илүү эрхтэй, илүү хүчтэй гэж тэр байдлаа харуулах гэж оролддог байдал байсаар байна. Бэлгийн дарамтыг хүчингийн хэрэгтэй манайхан андуурдаг. Өнөөдөр ил гаргахгүй нуугдмал далд хэлбэрээр гэр бүлийн дунд бэлгийн дарамт шахалт байсаар байгаа. Мөн ажлын байран дахь бэлгийн дарамт хөдөөд ч бий. Манай эмэгтэйчүүд хөдөө орон нутаг жижигхэн, бие биенээ таньдаг учраас олон зүйлээс айж эмээж хүчирхийлэлд өртсөөр байгаа тухайгаа цөөхөн хүрээнд л ярьж байна. Энэ асуудлыг хуулийн хүрээнд авч хэлэлцүүлэхээс ичиж эмээх явдал манай аймагт байгаа. Наад зах нь ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн нөхөртэй тооцоо хийе гэтэл ажлаасаа халагдах, ажлаа хийж чадахгүй хамт олноосоо ичих, цаашлаад нутаг орондоо ажиллаж амьдрахад бэрхшээлтэй болдог асуудал олон залуу эмэгтэйчүүдийг зовоож байгаа. Мөн гэр бүлийн гишүүд өөрсдийн хийх ёстой ажил, эдлэх ёстой эрх, ажил үүргийн хувиараа сайн мэддэг, түүнээ ягштал биелүүлдэг, би тийм ажил хийлээ, ийм илүү гэдэг бодлоосоо л салвал гэр бүлийн хүчирхийлэл арилна гэж үзэж байна.

-Сүүлийн үед хувийн гэлтгүй төрийн байгууллагуудад эмэгтэйчүүд ажилд ороход төвөгтэй байдаг гэж ярихыг сонссон. Энэ хэр үнэний ортой вэ?

-Мэдээж эмэгтэйчүүд бүгд л эх болдог. Энэ жамаараа төрөөд хэдэн сараар цаашлаад жилээр ажил хийж чаддагүй. Энэ утгаар нь л эмэгтэйчүүдийг ажилд авах дургүй байдаг байх. Ер нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа. Эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлдэг гэдэг байдлаар нь ажилд авах их дургүй, өнгө зүсээр ялгана, өндөр намаар нь өөхөлнө. Өнөөдөр үр дүн багатай, үйлчилгээний ажилд голдуу эмэгтэйчүүд ажиллаж байна. Эмэгтэйчүүд жижиг наймаа эрхэлж байгаа нь ажил олдохгүй байгаатай холбоотой, энэ нь сайндаа биш гэр бүлээ эдийн засгийн хүнд байдлаас гаргах, өөрсдөө явж зүдэрч олсон мөнгөндөө харам байдал нь эмэгтэйчүүдийн нэр хүндэд бас муугаар нөлөөлдөг гэж үзэж байна. Гэхдээ манай эмэгтэйчүүдэд нааштай олон асуудал шийдэгдэж байна. Хүүхэд төрүүлэх, өсгөх нөхцөл боломжоор төрөөс хангаад эхэллээ. Мөн манай эмэгтэйчүүдийн дунд бас нэг асуудал бий. Энэ нь ялгаварлан гадуурхалт байгаа. Учир нь гэр бүлд анхны хүүхэд төрүүлэхээс эхтэй, эрэгтэй хүүхэд төрвөл зүгээр гэж аавууд хүсдэг бол, охидуудыг сул дорой гэж итгэдэг уламжлал байсаар байна. Охидууд чадахгүй хөвгүүд тэсвэртэй ч гэдэг юм уу. Ялгаварлан гадуурхалтыг хүүхэд байхаас нь эхлээд ойлгуулаад байх шиг. Ингээд яриад байвал манай эмэгтэйчүүдийн дунд олон асуудал байсаар байна. Тийм учраас энэ олон асуудлыг ямар нэг хэмжээгээр  судлах шаардлагатай байна хэмээн Завхан аймгийн ЭТББ-ууд үзэж байгаа. Үүн дээр ч хамтран ажиллаж байна.

Завхан аймаг  Б.МЯГМАРСҮРЭН

Эх сурвалж: www.zavkhan.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж