Ажилд ормоор байна уу, талбай руу яараарай

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Ажилд ормоор байна уу, талбай руу яараарай

"Ажилтай орлоготой монгол хүн" хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд болж байна.

Хөдөлмөрийн яамнаас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж буйн нэг нь Хөдөлмөрийн төв биржийнхэн ажил хайж яваа иргэдийг бүртгэж, ажлын байр санал болгож буй юм. Хэрвээ та ажил идэвхитэй хайж байгаа бол өнөөдрийн дотор амжиж Чингисийн талбайг зориорой. Хөдөлмөрийн төв биржид 12 мянга гаруй ажлын байрны захиалга байна. Жишээ нь, бүтээн байгуулалтын их ажлын эрч саараагүй байгаа учраас барилгын засал чимэглэлчин, өрлөгчин, шаварчин, барилгын туслах ажилтан хамгийн их эрэлттэй байна. Мөн цахилгааны инженер, сантехникийн инженер, цахилгаанчин, жолооч, тогооч гээд төрөл бүрийн ажлын байрны саналаас өөртөө тохирохыг сонгон бүртгүүлэх боломжтой.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд сануулахад, хэрвээ таны төсөл шалгарч Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авах боломж бүрдсэн ч банкнаас тавьж буй шалгуурт бүдрэн барьцаа хөрөнгөгүйн улмаас зээлээ авч чадахгүй байгаа бол Зээлийн батлан даалтын сангийнханд хандан 250 сая хүртэлх зээлд баталгаа гаргуулах боломж байна. Тиймээс та 18.00 цагаас урьтаж төв талбайг зориорой. Нээлттэй өдөрлөг өнөөдрийн 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Онцлоход, "Ажилтай орлоготой монгол хүн" нээлттэй хаалганы өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар зочилж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн бүтээлүүдээс үзэж сонирхлоо. Хоёрхон жишээ татахад Монгол хүний гараар авто машин бүтэж, монгол хүний гараар хүүхдийн оюун ухааныг тэлэх зохион бүтээгч тоглоомууд бүтсэнийг эндээс та үзэж болно. Мөн арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн дунд хүндтэй байр суурь эзэлсэн хэвээр байгааг харна.

Мөн та энд хүрэлцэн ирснээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа залуус хэрхэн бэлтгэгдэж гарч байгааг ур чадвар шалгах уралдаанаас үзэх боломжтой. Хөдөлмөрийн яамнаас мэргэжилтэй ажилтнуудыг дэлхийн төвшинд хүрсэн сургалтын хөтөлбөрөөр сурган, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх бодлого барьж эхэлжээ. Үүний жишээ болж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй залуус өрлөгчин, цахилгаанчин зэрэг мэргэжлээр ур чадвараараа өрсөлдөн уралдаж байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс нэг жилийн хугацаанд 7500 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж гарснаас 90 гаруй хувь нь шууд ажлын байртай болжээ. Одоо тэд барилга, авто зам, төмөр зам, Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн чухал салбаруудад ажиллаж байна. Хэрвээ та мэргэжилтэй ажилтан болж өндөр цалинтай болохыг хүсвэл мөн нээлттэй өдөрлөгт ирж энэ талын мэдээллийг авах бололцоо бийг сануулъя.

Хөдөлмөрийн яамнаас танилцуулж буйгаар яам бие даан байгуулагдсан нэг жилийн хугацаанд 35 мянган иргэн шинээр ажлын байртай болсон бол "Сум хөгжүүлэх сан"-гийн хүрээнд 7389 ажлын байр шинээр бий болжээ. Ингэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Сум хөгжүүлэх сан"-гийн эх үүсвэрийг нэг суманд 150 сая төгрөгөөс доошгүй эх үүсвэртэй байхаар байгуулна хэмээн заасны дагуу 24 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 21 аймгийн 330 суманд олгосон байсныг нэмэгдүүлж өнгөрсөн онд болоод энэ онд 48 тэрбум төгрөгт хүргэжээ. Өнөөдрийн байдлаар хамгийн жижиг суманд 150 сая төгрөг, аймгийн төвийн сумдад 795 сая төгрөгийг "Сум хөгжүүлэх сан"-гийн эх үүсвэр болж бүрдсэн юм байна.

 Г.ДАРЬ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж