Л.Гүндалай Зайсанг “түйвээж” байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай Зайсанг “түйвээж” байна гэв

Засгийн газрын 11-11 төвд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай холбоотой мэдээлэл иржээ.

Хан-Уул дүүрэг, Зайсангийн 11-р хорооны иргэний ирүүлсэн мэдээллийн агуулгыг тодруулбал, “УИХ гишүүн асан Л.Гүндалай Зайсангийн оршин суугчдын хэрэглэгчдийн дулааныг таслана гээд байна. Одоо эксватороор дулаан өгдөг төвийн хаалгыг хаачихсан, дулааны инженер техникийн ажилтнуудыг ч оруулахгүй байна. Энэ Л.Гүндалай гэдэг хүн төр засаг болчихсон юм уу. Цагдаа, Их хурал, Засгийн газар миний гарт гэх юм. Зайсанд энэ хүн маш ихээр иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Ямар учиртай гэдгийг тодруулж, яаралтай арга хэмжээ авна уу” хэмээн гомдолложээ.

Уг мэдээллийн дагуу гишүүн асан Л.Гүндалайтай холбогдож, иргэний өгсөн гомдлын талаар тодруулахад, “Би өчигдөр Зайсанд байгаагүй. Хөдөө явж байсан. Би гэртээ амраад л байж байна. Ямар ч асуудал гараагүй. Надтай холбоотой гомдол санал гарсан бол худлаа мэдээлэл байна” гэх тайлбарыг өглөө. Иргэний ирүүлсэн гомдлыг 11-11 төвийнхөн Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлжээ.

Иргэдийн өгсөн мэдээллээр тэрбээр өнөөдөр ч бас Зайсанд байсан сурагтай.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж