Оюутолгойн баяжмал хил дээр яагаад саатав?

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Оюутолгойн баяжмал хил дээр яагаад саатав?

“Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын хамгийн халуун сэдэв бол ямагт Оюутолгой байдаг. Далд уурхайн ажил хөрөнгө оруулалтаас шалтгаалан зогсож, 1700 ажилчнаа нэг зэрэг халсан, ТУЗ-ийн гурван монгол гишүүн Лондонд ажиллаж байгаа  гээд Оюутолгой тойрсон олон асуудал өрнөж байна. Үүнтэй зэрэгцэн өнөөдрийн зарим хэвлэлд Оюутолгой ХХК-ийн баяжмал экспортод гаралгүй Хятадын хилийн агуулахад хадгалагдаж байна гэсэн мэдээлэл гарчээ.

Энэхүү мэдээллийг үнэн эсэхийг сэтгүүлчид өнөөдөр бослон "Ил тод уул уурхай" сэдэвт хэвлэлийн бага хурлын үеэр Уул уурхайн сайдаас асууж тодрууллаа. Сайд хариулахдаа:

-Монголын баялгийг, Оюутолгойн зэсийг гадаад зах зээлд борлогдохгүй байгаасай гэсэн хүсэл зорилго бүхий хэсэг бүлэг хүмүүс байх шиг байна. Тэднээс л энэ мэдээлэл эхтэй болов уу. Түүнээс Оюутолгойн баяжмал хил дээр хуримтлагдаад, саатаад байгаа зүйл байхгүй гэсэн юм.

Энэ талаар Оюутолгой ХХК-иас тайлбар хүсэхэд:

-Өнөөдрийн өдөр тутмын нэгэн сонинд гарсан эл мэдээллийг бид нягталж үзлээ. Оюутолгойд хөрөнгө оруулагч нэгэн компанийн тайланд дурдсан мэдээлэл байна. Монгол Улс зэсийн баяжмалыг Ганц модны боомтоор анх удаа экспортолж байгаа. Тиймээс тус боомт дээр бичиг цаас бүрдүүлэх тал дээр жаахан саад гараад байгаа юм. Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд татан авалтаа хийхдээ бичиг баримтаа дутуу ирүүлснээс ийн Хятадын хил дээр түр саатаад байна. Нийлүүлэлтийн хувьд, Монголын талаас алдаа гаргаагүй. Хойшид татан авалт жигдрээд ирэхээр энэ мэт алдаа давтагдахгүй гэж найдаж байна гэлээ.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж