Бүлгийн хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн байна. "Шударга ёс" эвслийн бүлгийн зүгээс Хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, ээлжит бус чуулганаар батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн "Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төслүүд дээр зарчмын зөрүүтэй санал байгаа ч үүнийгээ дэмжээд, хэлэлцэх нь зүйтэй. Харин Урт нэртэй хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж, нухацтай авч үзэх хэрэгтэй" гэсэн байр суурьтай байгаагаа эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Тэрээр хэлэхдээ "Бүлгийн зүгээс Хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй. Харин Урт нэртэй хуулийн төслийг намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр бичгээр хүргүүлж байна" гэлээ. Урт нэртэй хуулийн төслийн хүрээнд "Шударга ёс" эвслийн бүлгээс ажлын хэсэг гарч, судлахаар болсон бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү ахлахаар болжээ.