Ээлжит бус чуулган зорилгоо биелүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган зорилгоо биелүүлж чадах уу?

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаад, 10 хонож байгаа ч хэлэлцэн, батлах таван хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд яваа. Ээлжит бус чуулган есдүгээр сарын 27-нд дуусах юм. Энэ удаагийн ээлжит бус чуулган зорилгоо хэрхэн биелүүлэв, хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцэж чадах эсэх асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:

-Урт нэртэй хуулийн төсөл олон нийтийн анхаарал татсан,  иргэний нийгмийг бухимдуулсан, байгаль орчин, уул уурхай, экологийн асуудал хөндсөн, үр дагавартай хууль учраас няхуур хэлэлцэх ёстой. Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг өнөөгийн цаг үетэй холбоотойгоор батлах нь чухал. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуулиудыг дэмжиж батлах нь зүйтэй. Харин Урт нэртэй хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газраас таван хуулийн төсөл боловсруулан оруулж ирсэн. Хүмүүс эдийн засаг хэвийн, хэвийн бус гэж ярьж байгаа. Эдийн засаг хүндэрсний хувьд хүндэрсэн. Гэхдээ тартагтаа тултал хүндэрсэн зүйл байхгүй. Төсвийн цоорхой ойролцоогоор 1,1 их наяд  болсон. Гадаад худалдаа алдагдалтай, валютын ханш бууралт, өсөлттэй байгаа. Эдийн засаг нэмэх байгаа ч иргэдийн амьдрал сайжрахгүй байна. Миний бие гурван хуулийн төсөл буюу Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай  хуулийн төслүүдийг дэмжиж байгаа. Урт нэртэй хуулийн төсөл болон Алт олборлохтой холбоотой төслүүдийг олон нийтийн хэлэлцүүлэг хийж, маш сайн ярилцаж батлах ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-2013 оны тавдугаар сард УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, Монголын эдийн засгийн гадаад, дотоод байдал, цаашид  авах арга хэмжээг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг сонссоны дараа цаашид яах ёстой вэ гэдгээ шийдвэрлэх байсан. Энэ ажлын хэсгийн санал дүгнэлтэд орсон хөрөнгө оруулалтын орчин гэх мэт дүгнэлтийг сонсох нь чухал байсан. Үүнийг бол хийсэнгүй, арай өөр байдлаар шийдчихлээ. Хамгийн гол нь Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж байна, Ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийнхэн Засгийн газраас оруулж ирсэн "Зөвхөн тогтвортой байдлыг хангана" гэсэн заалтыг хангаллтай биш гэж үзэж байгаа. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зөвхөн татварын тогтвортой байдал төдийгүй хөшүүрэг хэрэгтэй. Ямартай ч өнөөдөр бид Хөрөнгө оруулалтын болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь их чухал. Заавал ээлжит бус чуулганаар хэлэлцэж дуусгах албагүй  гэж үзэж байна. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ. Баталж чадахгүй ч байж магадгүй байна. 

УИХ-ын Д.Сумъяабазар:

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хуулийн төсөл, Урт нэртэй хуулийн төслийн хувьд нухацтай хэлэлцэх ёстой. Ялангуяа Урт нэртэй хуулийн төсөл бол 2009 онд батлагдсан ч хэрэгжихгүй байсаар өнөөдрийг хүрсэн хууль шүү дээ. Ээлжит бус чуулган үүргээ гүйцэтгэж байна уу гэвэл, 40 хувиа л биелүүлж байна гэж харж байна. Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл зэрэг нь санхүүгийн салбарт гол ач холбогдолтой хуулиуд. Энэ хоёр хуулийн төслийг батлагдана гэж бодож байна. Гол нь олон талаас нь ярьж, ул суурьтай л хууль баталмаар байна.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:

-Хөрөнгө оруулалт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, ээлжит бус чуулганаар батлах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төслүүд дээр зарчмын зөрүүтэй санал байгаа ч үүнийгээ дэмжээд, хэлэлцэх нь зүйтэй. Харин Урт нэртэй хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж, нухацтай авч үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. "Шударга ёс" эвслийн бүлэг ч гэсэн ийм байр суурьтай байгаа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж