Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

МАХН-ын цус сэлбэлт

Шинэ генсекээ дагаад ч тэр үү ууган нам маань сүүлийн үед сүрхий  залуужиж байгаа гэх. Анхан шатны үүр хороодоосоо эхлээд төв аппаратынхаа  боловсон хүчнийг залуучуудаар зузаалж байгаа нь илт анзаарагдах боллоо. Үзэл баримтлалаа өөрчилж, ардчилсан үзэл санаа руу тун дөхүүлсэн гэж өнөөх залуус нь өөрсдийгөө тодорхойлж онгирно. Бараг нэр нь л өөр болохоос бараг л ардчилсан намархуу  болчихсон юм байх. Ялангуяа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүн болон экс Ерөнхийлөгчийн ялагдлаас хамаарч тус нам дахь түүний нөлөө байхгүй болсон тэр үеэс иймэрхүү залуужсан томилгоо газар авсан гэж намынх нь хууччуул дүгнэх  болжээ. Ирээдүйн  боловсон хүчнээ  бэлдэж байгаа сайн талтай л байх. Гэвч  тус намын удирдлагынх нь зүгээс  залуусаа  дэмжих сонирхол өнөөдүүлийнх нь  амбицын үүдийг цэлийтэл  нээж байгаа нь үнэн. Идэвх өрнүүлж, урам хайрлахад яагаад болохгүй гэж. Энэ хэрээр намын шат шатны ажил урагшилна гэдэг тайлбар үүнийг дагалдах байх л даа. Ажиглаад байхад намын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллагад тор хаяж, гайгүй гэснийг нь “барьж” эрийн цээнд хүргэдэг тогтсон жишиг өнөө ч  МАХН-д уламжлал хэвээр байна. Дээрээс нь мэтгэлцээний, уран илтгэлийн гээд залууучуудыг хамарсан тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон “бурах” тал дээр гайгүй байх бас нэг бичигдээгүй шалгуур тавьдаг нь анзаарагддаг.Угаасаа ч ийм байсан.Одоо тус намын дунд үеийнхэн үүний  тод жишээ шүү дээ.  

 У.Хүрэлсүх,Я.Содбаатар, тэгээд УИХ-ын зарим залуу гишүүд гээд энэ урт  жагсаалт үргэлжилнэ. Бүгд л хар залуугаасаа  амбицтай байсны хүчинд өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэхэд болно. Сүүлийн үед бүр тус нам дахь залуусын амбиц цагаандаа гарсан. Намынхаа ахмад  гишүүдтэй хэрэлдэж, хэдэрлэвэл дээш ахидаг юм байна гэсэн ойлголт газар аваад байгаа гэх. Үүнийг цагтаа тус намыг нуруундаа үүрч  явсан гэгдэх Ч.Улаан,Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ж.Бямбадорж нарын  хашир бурхиуд аль хэдийнэ олж харчихаад сүүлийн үед ихээхэн бухимдах болсон.  “Өнөөдрийн эд нарыг хэн гаргаж ирсэн юм, эвэр ургалаа ээж хэрэггүй гэх нь шив” хэмээн дор бүрдээ л бухимдах болов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, гишүүн Ж.Сүхбаатар нарын хооронд өрнөсөн  шалихгүй гэх  толхилцооноор бүр ч ил болгож өгсөн. Хөгшин, залуу хоёр зодолдоно ч гэж юу байхав. Гол нь хүмүүс нас залууг нь л буруутгаж дор дороо бодсон доо. Хэчнээн буруу байлаа ч гэсэн аав шиг ээ хүнд заамдуулаа л биз. Бүр алгадуулсан байсан ч яадгийн гэж өмөөрөх нь олон байсан.Энэ талаар сайд ч саяхны нэгэн ярилцлагадаа зоригтойхон ярьсан.Шинэ үеийн удирдагчид гэж би залуучуудыг хэлдгийн. Хол хэвтэнэ дээ, удирдагч болтлоо. Ганц хууль батлаагүй байж их юм ярихыг нь яана, энэ сүүлийн үеийн залуучууд гээд л авч өгсөн дөө. Үнэнд ойрхон л хариулт. Яг л ийм байгаа. Хэн нэг даргад харагдчих гэсэн, эсвэл нам дагаж амбицалбал албан тушаал, эрх мэдэлд амархан хүрнэ гээд ойлгочихсон залуус хэт олширсон. УИХ-ын гишүүн  Ч.Улааны хувьд ч зарим залуу гишүүдэд илт гадуурхагдах болсон талаараа нэг бус удаа илэрхийлсэн. Ялангуяа нэг дээвэр доорх намынх нь зарим залуу гишүүн түүн рүү нэг бус удаа  давшилсанд мань эр ихээхэн бухимдсан. Залуучууд ч “дуугүй байгаад байхаар энэ үеэ өнгөрөөсөн юмнууд даварч байна” гэсэн хандлага гаргадаг болсон нь ч оргүй үг биш.  Дээд үеийнхнээ шахах гэсэн оролдлого гэж харахаас гадна ээлж нь ирэх тэр үед тодорхой байр суурь эзэлчихсэн байх гэсэн залуус хоорондын өрсөлдөөн  ч үүнийг тайлбарлаж болно. Нөгөө хэдээсээ арай илүү дуугарч, ялгарах гэсэн бас нэг төрлийн амбиц л даа. Харин энэ нь хашир улстөрчдөд өөрсөд рүү нь тавьсан сум гэж ойлгоддог байж ч мэднэ. Зүүний хүчний холбоо бол одоо тус намд байгаа залуучуудаар цөмөө бүрдүүлсэн гол байгууллага. Эндээс МАХН-ын маргаашийг харж болно гэж генсек нь ч тодорхойлдог. Бас сүүлийн үед МАХН-ын төв байр хавиар дандаа годгоносон охид, хөвгүүд гүйлдэх болсон нь намынхаа нөгөөдрийг хайх гэсэн тэдний шалгаруулалт ид явагдаж буйн илрэл ч байж магадгүй. Үүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан МАХН-ын бага хурлын үеэр ч тус нам дахь 300 гаруй залуу нэгдэж МАХН-д жигүүр байгуулахаа илэрхийлж амбицалж байв. Байх л зүйл.Удалгүй УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Бямбацогт на­рын санаачилсан энэ бү­лэглэл тэгсхийгээд намжсан. Бодвол намынх  нь удирдлага нааштай хүлээж аваагүй байх. Харин ирэх намраас хуралдах тус намын ээлжит Их хурлаас өмнө залуусаар амбицалсан иймэрхүү жигүүр, бүлэглэл нэгээр тогтохгүй гэач ирэх биз ээ.           

Н.Мөнх.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж