![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/9/c45a41a3e336440c/6373d495ae4960debig.jpg)
Өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтын үеэр арав гаруй жил өндөр сургалтын төлбөртэй сургуульд сурч, төгссөн эмч нар сард дунджаар 465 төгрөгийн цалин авч байгаа нь тогтоогдсон байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын орон тоо нэмэгдэхгүй байгаагаас эмч нарын ачаалал ихэсчээ. Энэ нь эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Түүнчлэн эмнэлгийн байрнууд хуучирч муудсан, тоног төхөөрөмж хүрэлцээгүй зэрэг нь эргээд эрүүл мэндийн салбарт дээрх шүүмжлэлийг дагуулахад хүргэж буйг Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар хэлж байв.
Тухайлбал, улсын хэмжээнд бөөрний дутагдалтай хүмүүст зориулагдсан гемодиализийн аппарат 59 ширхэг байдаг аж. Гэтэл энэ нь өвчитнүүддээ хүрэлцэхгүй байгаа тул уг аппаратны тоог дор хаяж 108 ширхэг болгох зайлшгүй шаардлагатай байгаа аж. Мөн 1936 онд ашиглалтад орсон Улаанбаатар сувиллын байрны ойр орчимд хүнд даацын машин явахад барилгад чичиргээ үүсдэг байна. Үүний улмаас тус сувиллын эмч нар Онцгой байдлынханыг хүртэл дуудаж байжээ. Энэ нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа болон эмчлүүлж байгаа хүмүүсийн аюулгүй байдлын баталгаа алдагдсаныг харуулж буй нэг жишээ юм. Түүнчлэн тус сувилал нь 150 хүнийг хүлээн авах боломжтой ч одоо хүртэл 100 ортой үйл ажиллагаа явуулж байгаагаас орны хүлээлт хоёр сар болдог байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт өргөтгөл барина хэмээн хоёр ч сонгуулийн үеэр ярьж байсан атал өнөөг хүртэл шав ч тавиагүй юм аж. Гэтэл хамгийн их хүн амтай дүүргийн тоонд ордог тус нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эмнэлэгт Баянгол дүүргийн хүүхдүүд үйлчлүүлдэг бөгөөд үүний улмаас маш их ачаалалтай ажиллаж байна.
Хэвлэлийн хурлын үеэр Монголын эрүүл мэндийн ажилчдын ҮЭ-ийн дарга Б.Мягмар “Жил бүр дарга нарын тоог нэмэхээс эмч нарын тоо нэмэгддэггүй. Харин зардал танах болохоор эмч, багш нар гээд энгийн иргэд рүү дайрдаг үзэгдлийг халах хэрэгтэй” хэмээв. Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч эрүүл мэндийн салбарын цалинг 3-5 дахин нэмэгдүүлж, эмч нар дор хаяж сардаа нэг сая 500 мянган төгрөгийн цалин авдаг байх ёстой гэв.
Ингээд МҮЭХ-ноос Эрүүл мэндийн сайд Н.Удвалд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд олгогдож байгаа нэг оронд ногдох санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах, эмнэлгүүдийн барилга ашиглалт, нөхцөл байдалд нэгдсэн үзлэг хийж, тодорхой арга хэмжээ авах, эрүүл мэндийн ажиллагсдын цалинг 3-5 дахин нэмэгдүүлэх зэрэг шаардлагууд хүргүүлээд байгаа аж.