
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас холбогдох байгууллагуудтай хамтран “Орон нутагт батлан хамгаалах бодлого, түүнд бидний оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулжээ. Даланзадгад хотод гурван өдрийн турш зохиогдсон энэхүү сургалтанд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн сумдын ЗДТГ-ын дарга нар хамрагдсан бөөгөд ингэснээр 1990 оноос хойш анх удаа говийн бүсийн аймагт зохион байгуулагдаж байгаа сургалт гэдгээрээ онлог болж байгаа юм. Сургалтанд Батлан хамгаалах яамны Дайчилгааны хэлтсийн дарга Б.Амгаланбаатар оролцсон байна.
Орон нутагт батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг албан тушаалтан нь сум бүрийн ЗДТГ-ын дарга нар байдаг. Эдгээр ажилтануудад батлан хамгаалах салбарын талаарх бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахад нь мэдлэг дадлага олгож, дэмжлэг үзүүлэх нь сургалтын гол зорилго байсан гэж зохион байгуулагчид хэлж байгаа юм.
Цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдагсад сумын батлан хамгаалах товчооны тайван цагт хэрэгжүүлэх арга хэмжээ, дайчилгаа зарласан үед оногдуулан данслагдсан бэлтгэл үүрэгтнүүдэд зарлан мэдээлэл явуулах журам, зохион байгуулах ажиллагаа зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Онолын лекц, харилцан ярилцах, асуудал дэвшүүлэх, бүлгийн дадлага, дасгал хэлбэрээр явуулсан энэхүү сургалтыг зохион байгуулсанаар батлан хамгаалах үүргийг хэрэгжүүлж ажиллаж байгаа албан хаагчдад цаашдын үйл ажиллагааг сайжруулахад нь хувь нэмэр болно гэж зохион байгуулагчид онцолж байна.

