
Шүлхийн тухай
Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Туруутан тэжээвэр болон зэрлэг амьтад өвчилнө. Өвчний нууц үе 1-14 хоног.
Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж, үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг, олон улсыг хамран энзоот, эпизооти, панзооти гэсэн 3 хэлбэрээр гардаг онц аюултай гоц халдварт өвчин юм.
Шүлхийн вирус нь маш өчүүхэн хэмжээтэй 27 наномер, бүтцийн хувьд зөвхөн рибонуклейний хүчил 32%, уурган бүрхүүл 68% байдгийг 1968 онд Бахрах тогтоожээ. Шүлхийн вирус дан мушгиа РНК агуулсан байх тул маш их хувьсамтгай бөгөөд хэвшлүүд нь нийт 60 гаруй хувилбар, үүний дотроос О хэвшил нь 15 хувилбартай.
Үүсгэгчийн онцлог
Шүлхий үүсгэгч вирус нь эсрэг төрүүлэгч чанараараа 7 өөр хэвшил /А, О, C, САТ-1, САТ-2, САТ-3, Ази-1/-д хуваагдана.
Шүлхийн халдвар гарах эрсдэлүүд нь:
Өвчний үүсгэгч вирус
1. Өвчилсөн болон өвчлөмтгий мал, амьтан
2. Дамжуулагч хүчин зүйлс
• Мал, амьтан болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн
• Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт \экспорт, импорт\
• Хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
1. Биотерроризм
2. Шүлхийн вирус маш хувьсамтгай. Хүрээлэн буй орчинд: Тухайлбал, хуурай материалын гадаргад 14 хоног, хүйтэн нөхцөлд 6 сар, шээсэнд 39 хоног, хавар, намар хөрсний гадаргууд 28 хоног, зун хөрсний гадаргууд 3 хоног тус тус амьдрах чадвартай.
Өвчлөмтгий мал
Шүлхийгээр үхэр, хонь, ямаа, тэмээ, гахай болон зэрлэг туруутан амьтад \буга, цаа буга, хандгай, цагаан зээр гэх мэт\ өвчилдөг.
Халдварын голомт:
Өвчний халдварыг тараах үндсэн эх үүсвэр нь халдварласан, өвчтэй, өвчилсөн мал, амьтан, тэдгээрээс ялгаран гарсан шүлхийн вирустэй шүлс, сүү, баас, шээс мэтийн зүйлсээр бохирлогдсон гадаад орчин юм. Вирусээр бохирлогдсон малын хашаа, саравч, бууц, ус, бэлчээр, малын тоног хэрэгсэл, сав суулга, хөдөлмөрийн багаж, тээврийн хэрэгсэл, хувцас гэх мэт юм.
Дамжуулагч хүчин зүйлс:
1. Мал, амьтан болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн
• Мал, амьтан болон зэрлэг амьтдаар дамжин маш богино хугацаанд тархана.
• Шүлхий нь бэлчээрээр дамжиж цагаан зээр болон бусад зэрлэг туруутан амьтдаар гэрийн малд, харин өвчилсөн зэрлэг туруутан бусаддаа дамжуулах замаар халдварлах өндөр магадлалтай.
2. Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт \экспорт, импорт\
Өвчний халдварын голомт бүхий бүс нутгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэн нийлүүлэх үед өвчний халдвар дамжих эрсдэлтэй.
3. Хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс нутгаас хүн , тээврийн хэрэгсэл гарах, дамжин өнгөрөх үед халдвар тараах магадлалтай.
Шүлхий өвчний эрсдэлийн нөлөөлөх хүчин зүйл
Гадаад хүчин зүйл
• Биологийн хүчин зүйл
• Байгалийн хүчин зүйл
• Хүний хүчин зүйл
Шүлхий өвчинтэй тэмцэх үндсэн арга
Хорио цээр тогтоон, халдвар авсан сүргийн малыг өвчтэй, сэжигтэй гэж ялгахгүйгээр бүх малаа устгаж, ойр орчны малд хяналтын шинжилгээ хийж эерэг урвалтай мал илрээгүй тохиолдолд 3 сарын дараа “эрүүл” гэсэн статусаа сэргээнэ.
1. Хорио цээр тогтоон, халдвар авсан өвчлөмтгий бүх малыг устгаж, сэжигтэй малыг вакцинжуулан халдварын тархалтыг хязгаарласны дараа, вакцин тарьсан бүх малаа нядалж хэрэгцээлээд эрүүл малд шинжилгээ хийж урвалаар эерэг бие илрээгүй тохиолдолд 3 сарын дараа шүлхий өвчингүй статусаа сэргээнэ.
2. Хорио цээр тогтоон, халдвар гарсан сүргээс өвчний ил шинж тэмдэг үзүүлсэн малыг ялган устгаж, уг сүрэгт байгаа мал болон ойролцоох сүргүүдийг вакциндана.
Бэлчээрийн мал аж ахуйтай, амьд малын экспорт төдийлөн их бус, эдийн засгийн чадавх буурай, зэрлэг амьтдын дунд шүлхий өвчний байгалийн голомттой, шүлхийн халдвар орох эрсдэл өндөртэй манай орны хувьд гуравдугаар аргыг хэрэглэж байна.
Халдварын голомтын бүс
• Өвчин гарсан бүс нутаг дэвсгэрт бэлчээр, ус нэгтэй, мал нь хоорондоо нийлэх боломжтой, ойр, саахалт байгаа хэсэг хот айлуудын аль нэгнийд нь шүлхий өвчин гарсан тохиолдолд тэдгээрийг нийтэд нь халдварын голомт хэмээн үзэж мал эмнэлгийн хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, бусад хот айлуудаас зааглан тусгаарлаж, харуул, постууд гарган тухайн бүсээс хүн, мал гадагш зорчихоос хамгаалах арга хэмжээ авна.
Сэжигтэй бүс
• Бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой хил залгаа оршдог, мал нь өвчний халдвар авсан байж болзошгүй, малд нь өвчний ил шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан сэжигтэй бүсийн заагийг тодорхойлж, хорио цээр тогтоож, байнгын харуул, пост гарган ажиллуулна.
Хамгаалалтын бүс
Голомт болон сэжигтэй бүсээс алслагдсан, өвчний халдвар илэрснээс хойш дээрх бүсүүдээс хүн, мал тухайн нутаг дэвсгэрт орж ирээгүй, мал нь өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа хот айлуудыг хамруулан хамгаалалтын бүсийн заагийг тодорхойлж, хязгаарлалт тогтооно. Хамгаалалтын бүсийн өргөн нь сэжигтэй бүсээс 10 км–ын зайд байх бөгөөд өдрийн цагаар харуул, пост томилон ажиллуулна.
Эрүүл бүс
Хамгаалалтын бүсийн заагаас гадна орших, өвчний халдвар дамжаагүй нь баттай мэдэгдэж байгаа нутаг дэвсгэрийг эрүүл бүс гэж үзнэ.
Шүлхийн эсрэг вакцин
Шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор шүлхийн эсрэг вакциныг голомтын болон сэжигтэй бүсийн өвчлөмтгий бүх малд 14 хоногийн зайтай 2 удаа, хамгаалалтын бүсийн малд 1 удаа тарина.
• Сүүлийн жилүүдэд шүлхийн эсрэг хэрэглэж байгаа ОХУ, Энэтхэг зэрэг улсад үйлдвэрлэсэн эсийн өсгөвөрт, идэвхгүйжүүлсэн О хэвшлийн вакциныг бог малд 1мл-ээр гуяны дотор талын арьсан дор, үхэрт 2мл, тэмээнд 2, 5, мл-ээр хүзүүний арьсан дор тус тус тарина.