Эдийн засгийн байнгын хорооны хурал хойшлолоо

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хорооны хурал хойшлолоо

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө болж, эдийн
засгийн байдал, манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө, үр дагавар,
даван туулах арга зам, гадаадын хөрөнгө оруулалтын байдлыг судалж,
дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн тайланг сонссон.
УИХ-ын
даргын 2013 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар
байгуулагдсан тус Ажлын хэсгийнхэн "Монгол
улсын эдийн засгийн гадаад дотоод орчин, хөгжлийн явц байдалд хийсэн
судалгаа, дүгнэлт цаашид баримтлах асуудлууд" сэдэвт тайлан танилцуулсан юм.

Дээрх тайлан, дүгнэлтийг сонссоны дараа асуулт асуух гишүүн олон байсан тул үдээс хойш байнгын хороог үргэлжлүүлэн хуралдуулахаар болсон. Гэхдээ одоогоор уг хурал эхлээгүй
байна. УИХ-ын нэр бүхий гишүүдийн тодотгосноор Эдийн засгийн
байнгын хороо хуралдаж чадахгүй, хойшлох төлөвтэй. Учир нь Ардчилсан
намын бүлэг тус байнгын хорооны хуралдааны дараа үргэлжлүүлэн ээлжит
бусаар хуралдаад, дараа нь ажлын хэсгийн хуралдаан залгаж үргэлжилсэн
тул Эдийн засгийн байнгын хороо үдээс хойшхи хуралдаан зарлалаа ч
гишүүдийн ирц бүрдэж чадахгүй бололтой.

Онцлоход,
УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар сонсох шаардлагатай байна гэх байр суурийг өнгөрсөн хугацаанд УИХ-д хандан тавьж ирсэн юм. Гэвч ямар шалтгаанаар хойшлогдон өдийг хүргэсэн нь тодорхойгүй. Энэ нь  ардаа шүүмжлэл дагуулж буй билээ. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдсан ажлын хэсэг есдүгээр сарын 20-д гарсан хойно дүгнэлтээ танилцуулж байгаа нь УИХ ямар хурдаар ажиллаад байгааг илтгэсэн хэрэг болж байна. Ийм маягаар ажиллаж байгаа цагт УИХ нь Засгийн газартаа хөтлөгдөхөөс аргагүй гэх байр суурийг зарим гишүүн илэрхийлж буй.

Ямартай ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт эдийн засагт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зөвхөн Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг 2012 оноос эхтэй хэмээн үзээд байгаа. Энэ нь Монгол улсад орж ирж байсан уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын үе шат дууссан, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулсан зэрэг тодорхой шалтгааны улмаас 2012 оноос буурч эхэлсэн;

  -Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч хариуцлагагүй үг, үйлдэл, мэдээлэл буруу ойлгогдож баыйгаа зэргээс шалтгаалан хөрөнгө оруулалтыг үргээх явдал гарч байна;

  -Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүтэц ихээхэн өрөөсгөл, нийт шууд хөрөнгө оруулалтын 85 орчим хувь нь уул уурхайн салбарт оногдож байгаа нь улсын эдийн засаг, экспорт нь цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамаарсан бүтэцтэй болсныг харуулж байна;

  -Манай Улсад хөрөнгө оруулалтыг дэмжсэн, урамшуулсан эсхүл хөнгөлөлт олгосон эрх зүйн цэгцтэй орчин бүрдээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шаардлагатай салбар, үйлдвэрт болон хөдөө орон нутагт ялгавартай татах “урамшууллын” тогтолцоо байхгүй;.

  -Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих стратеги, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай салбар, бүс нутагт оруулах хөрөнгө оруулалтыг урамшуулах тогтолцоог бий болгох шаардлагатай зэрэг асуудлыг хөндөн тавиад байгаа юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж