Би “Microsoft”-д ажилд орсон тав дахь Монгол

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Би “Microsoft”-д ажилд орсон тав дахь Монгол

Цахим ертөнцийн хаан Билл Гейтсийн үүсгэн байгуулсан программ хангамжийн “Microsoft” компанийн ахлах менежер Ч.Болортуяатай цахим ярилцлага хийснээ уншигчиддаа хүргэж байна.

Тэрээр өнгөрсөн сард эх орондоо ирээд буцахдаа манай сонины “Сайхан сэтгэл унтдаггүй” булангаар нийгмийн анхааралд хүрсэн бяцхан хүүд туслаад гаргүй болсон оюутан Р.Доржид сургалтын төлбөр хандивласныг уншигчид санаж байгаа биз ээ.

-Сайн байна уу, Болор оо. Сайн явж хүрсэн үү, өдийд ажилдаа орчихсон завгүй яваа байх?

-Наймдугаар сарын 20-доор Улаанбаатараас ирсэн. Монголдоо очиж цөөхөн хоносон ч маш сайхан амарч чадсан. Улс орон маань асар хурдтай хөгжиж байгааг олон зүйлээс харж, сэтгэл дүүрэн ирсэн. Намайг 1998 онд АНУ-д суралцахаар явж байсантай зүйрлэхийн аргагүй өөрчлөгдсөн байна лээ. Би ирээд 2-3 хоноод ажилдаа орсон. Ажлын өдрүүд ид өрнөж байна.

-Ингэхэд сайн үйлс бүтээж, оюутан Р.Доржид тусалсан тухай мэдээллийг танай найзууд, ажлын хамт олон хэрхэн хүлээж авсан бол?

-Манай гэр бүл, найз нөхөд, “Microsoft”-ын Монгол ажилтнууд бүгд халуун дотноор хүлээн авч баяр хүргэж угтсан. Цөөхөн Монголчууд бид хаана ч явсан бие биеэ хайрлаж явах учиртай. Энд байгаа Монголчууд эх орноосоо хол байгаа болохоор Монголынхоо төлөө халуун сэтгэлтэй, нутгаас ирсэн мэдээ, мэдээллийг бие бидээ дуулгаж байдаг нөхөрсөг, эвсэг хүмүүс бий.

-Дэлхийд алдартай “Microsoft” компанид ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байх. Тэнд одоо хэдэн Монгол хүн ажиллаж байна вэ?

-Би Вашингтон мужийн Сиэтл хот дахь “Microsoft” компанийн ахлах менежерээр ажилладаг. Энэ компанид ажилд орсон тав дахь Монгол ажилтан нь би. Одоо бид арван хэдүүлээ болсон. Энэ жил бас манай салбарт хоёр залуу очоод байгаа. 90 мянга гаруй ажилтантай энэ байгууллагад ажилд орно гэдэг том шалгуур байдаг. Зөвхөн төв оффистоо л гэхэд гуч гаруй мянган хүн өдөр тутам ажиллаж байдаг. Миний хувьд Lead program manager Microsoft гэсэн албан тушаалтай. Нэг ёсондоо тус компанийн хуулийн төсөл, гэрээн дээр дагнан ажилладаг гэсэн үг л дээ. Манай байгууллага компьютерийн программ хангамжийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа эрхэлдэг ч цаашдаа төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хослуулан ажиллахаар үйл ажиллагааныхаа цар хүрээг дэлхий даяар өргөжүүлж байна.

-Тэгэхээр “Microsoft” компанийн ажилтан мэдээж өндөр цалин авдаг байх, мэргэжил ур чадвар гээд олон үзүүлэлтийг харгалзана биз?

-Тодорхой тоо хэлэхэд хэцүү юм. Ямар ч байсан АНУ-ын цалингийн сүлжээний стандартаар зах зээлийн түвшнээс дээш хэмжээнд цалин авдаг. Эзэмшсэн мэргэжил, ур чадвараасаа хамаараад 100 мянгаас нэг сая ам.доллараар цалинждаг гээд хэлчихэд болох байх. Хүн бүхэн янз бүр цалинждаг.

-Ингэхэд таны аав, ээж аль нутгийн хүмүүс вэ?

-Миний аав, ээж Архангай аймгийн Тариат сумын уугуул. Аавыг маань Чимэдрэгзэн гэдэг. Физикийн багш гэхээр Архангайн хойд талын сумынхан андахгүй. Ээж Б.Бямбасүрэн түүхийн багш. Тариатын 10 жилийн сургуулийн захирлаар олон жил ажилласан. Сүүлд Намын хянан шалгах хорооны даргаар ч ажиллаж байсан.

-Эцэг эхээс хэдүүл вэ?

-Ах, дүү тавуулаа. Ах Ч.Болд маань Эрдэнэтийн Залуучуудын соёлын ордны даргаар ажилладаг. Дүү Ч.Болорцэцэг МУИС-ийн хуулийн ангийг төгсч одоо АНУ-ын нэг банкинд аудит хяналтын албаны захирлаар ажиллаж байна. Бид хоёр АНУ-д бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан. Дүү маань АНУ-д бүртгэлтэй “Хөх тэнгэр” боловсролын сан төрийн бус байгууллагынхаа шугамаар Монгол Улсын 13 оюутны сургалтын төлбөрийг жил бүр дааж байгаагаас гадна 120 хүүхдийг хичээлийн хэрэгслээр хангаж байна. Ч.Болормаа дүү маань хоёр хүүхдээ асраад сайхан аж төрж байгаа. Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн, яруу найрагч Ч.Өсөхболд бол миний отгон дүү.

-Монголдоо ямар боловсрол эзэмшив?

-МУИС-ийн философийн ангийг 1994 онд дүүргэж, гурван жилийн дараа магистр хамгаалж, ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан, Улс төрийн боловсролын академид багшаар ажиллаж байгаад Америкт суралцахаар явсан.

-АНУ-д олон жил сурч, ажиллаж, амьдрахад гэр бүлийн нөлөө багагүй байна биз?

-Манай нөхрийг Грег гэдэг, америк залуу бий. Инженер мэргэжилтэй. Манайх хоёр охинтой. Ууган охин Номунтуяа арван тав, бага охин Селеста гурван ой хүрч байна. Нөхөр маань намайг ойлгож дэмжиж байдаг.

-Монголчууддаа болон АНУ-д очиж сурч боловсрох, тэнд ажлын туршлага хуримтлуулахыг хүсч буй залуустаа хандаж та юу хэлэх вэ?

-Монгол хүний мэдлэг, боловсрол, авъяас чадвар дэлхийн хаана ч гологдохгүй. Манай улс дэлхийтэй хөл нийлүүлж хөгжлийн төлөө явж байна. Залуустаа хандаж хэлэхэд, сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэхэд цаг, боломжоо зориулаарай. Хүн өөрөө хичээж зүтгэх юм бол интернэт, ном, сурах бичгээс эхлээд бүх зүйл олдохгүй байсан 1990-ээд онтой адилгүй бүх үүд хаалга нээлттэй байна, хичээгээрэй.

Ч.ОЛДОХ
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж