МЗЭ-ийн удирдлагуудыг АТГ-т өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

МЗЭ-ийн удирдлагуудыг АТГ-т өгчээ

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга асан Х.Чилаажав, Гүйцэтгэх захиралын алба хашиж буй Г.Мөнхцэцэг нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их хурлаа хийж асан МЗЭ-ийн удирдлагуудыг юуны учир АТГ шалгаж байгаа, ямар хүмүүс шалгуулахаар хандсан зэрэгт албаны хүмүүс одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Гэхдээ МЗЭ-ийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах болсон үндэслэл нь хэдхэн хоногийн өмнө болсон МЗЭ-ийн Их хуралтай холбоотой талаар албан бус эх сурвалжууд ярьж байна. Учир нь ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тушаал гаргаж, Монголын зохиолчдын эвлэл хэмээх төрийн бус байгууллагад Их хурлаа хийхэд нь дэмжлэг үзүүлж, 82 сая 600 мянган төгрөг олгожээ. Энэ мөнгийг “Соёл, урлаг хөгжүүлэх сан”-гаас гаргуулсан бөгөөд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхтүвшинд хяналт тавьж ажиллахыг, тайланг үнэн зөвөөр гаргаж өгөхийг МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нарт тус тус үүрэг болгосон байна.

Зохиолчдын эвлэл бол Төрийн бус байгууллагын статустай байгууллага. Гэтэл эдийн засаг хямарч, энд тэндгүй бүсээ чангалж байгаа ийм үед улсын мөнгийг ная, ерэн саяар нь хоёр өдрийн хурал хийхэд зарцуулж байгааг гайхах хүн цөөнгүй байна. Төр засаг утга зохиолын салбартаа анхаарал хандуулсан байна гэж үзэж болох боловч ТББ-ын дотоод хурлыг улсын мөнгөөр санхүүжүүлж боломгүй санагдана. Тийм ч учраас энэ их мөнгөөр хоёр өдрийн хуралд зориулж юу хийсэн, хэрхэн зарцуулсан гээд асуудлууд утга зохиолынхны дунд төдийгүй урлагийн салбарынхныг гайхашруулж орхижээ. Тэр байтугай 80 сая төгрөгийн төсөв батлуулчихаад 40 сая төгрөгийн тайлан гаргаж өгсөн гэх яриа ч сонстож эхэллээ. 40 сая гэдэг их тоо. 80 сая гэдэг бүр ч их тоо. Гэхдээ албан ёсны мэдээлэл биш болохыг дурьдая. ССАЖЯ-ны харьяа Соёл урлагийг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнхөөс МЗЭ-ийнхэн улсаас 80 сая төгрөг авч зохион байгуулсан Их хурлынхаа тайланг өгсөн эсэхийг лавлахад, “Яамнаас энэ мөнгийг МЗЭ-д шилжүүл гэсэн учраас бид шилжүүлсэн. Харин юунд, хэрхэн зарцуулсан болохоо одоогоор тайлагнаагүй байна” гэсэн хариулт өглөө.

МЗЭ-ээс XV Их хуралдаа зориулж санхүүжилт хүсэхдээ дараах байдлаар зарцуулалтаа төлөвлөжээ.

 
МЗЭ-ийн удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын танилцуулах материал 800 ширхэгийг хэвлүүлнэ хэмээн 4 сая төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл хурлын эхний өдөр 300 гаруй төлөөлөгч ирж, санал хураалтад 211 зохиолч л оролцсон.  

Мөн төлөвлөсөн зардалдаа 800 ширхэг энгэрийн тэмдэг хэвлүүлэхэд 6,4 сая төгрөг төсөвлөжээ. Гэтэл дээрх хуралд оролцогсдын энгэрт ямар ч тэмдэг байгаагүйг баттай хэлж болохоор байна. Энэхүү төсөвт тусгасан бас нэг анхаарал татахуйц зүйл бол гадаадын найман зочин хүлээн авч, гурав хоног байрлуулахад 14 сая төгрөг хэрэгтэй хэмээсэн байв. Гэтэл ОХУ,Өмнөд Солонгосын нэг, нэг төлөөлөгч их хуралд нь оролцож илтгэл тавьсныг хуралд оролцсон зохиолчид мэдэж байгаа байх. Ямартай ч АТГ-т 80 сая төгрөгийн зарцуулалттай холбоотойгоор гомдол очиж, зохиолчдын байгууллагыг шалгах эсэх асуудал одоогоор шийдэгдээгүй байна.  АТГ эл гомдлыг шалгах эсэхийг шийдсэнээр дараагийн үйл явдал өрнөнө. Магадгүй, цаашид даамжирвал МЗЭ-ийн шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн суудал ганхаж, МЗЭ дахин их хурлаа хуралдуулж ч магадгүй юм.

Хамгийн сонирхолтой нь, МЗЭ-ийн хуралд яагаад салбарын сайд нь 80 сая төгрөг шийдэж өгөв өө.

Т.ДАРХАН


 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж