Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

“News” агентлаг нийслэлчүүддээ хог хаяхгүй байж, хотоо цэмцгэр байлгахын төлөө уриалж байгаа билээ. Тиймээс бид нийслэлчүүдийн хувьд багагүй асуудал болсон хогны талаар цуврал, сурвалжлага, мэдээ, мэдээллүүдийг үргэлжлүүлэн хүргэж байна. Энэ удаад бид “Нарантуул” захын хогийг “ониллоо”.

Хог, ялгадас, шавар шавхайн, өмхий самхай гэсэн бүхний дундаас нийслэлчүүд төдийгүй 21 аймгийн иргэд идэх уух, өмсөх зүүх бүхнээ базааж байна. Магадгүй хаанаас юм бол гэж тээнгэлзэлгүй та шууд мэдэж байгаа болов уу. Олон улсын худалдааны төв гэх сүрхий тодотголтой “Нарантуул” захруу орохоор булан эргэхэд л нүд нүүргүй хог гөвшиж, гудмаар налайн хэвтэх архичдын үнэр ханхийнэ. Ядахнээ захын ойр орчимд орон сууцны хотхон босч байгаа бололтой автомашин байтугай явган хүн явахад ч хэцүүхэн болсон харагдана.

Захыг хашааг дагаад өдрийн халаалтаа авсан бөбөөчид нарлаж, дэргэд нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сэлбэг, гар утас, гутал хувцас, хадаас, алх гээд зарахгүй юм алга. Захын хаалганы хавир анзааргагүй нэгний халааснаас юу ч хамаагүй “хумчих”-ыг оролдсон халаасны хулгайчид эргэлдэнэ. Захын гаднах этюд нэг иймэрхүү. Олон улсын худалдааны төвийн доторх талбай гял цал гялтайж байна гэвэл даанч эндүүрэл. Үнэндээ гаднахаасаа дээрдэх юм алга. Захын гутал, тавилгын лангуунуудын дунд бичил хогийн цэг нэгэнт ажиллаад эхэлсэн харагдав/овоорсон хог/. Хогийг цэвэрлэж яваа цэвэрлэгээний ажилтан болов уу гэх нэг ч хүн харагдсангүй. “Зах хаасны дараа харанхуйтай уралдаж хэдхэн цэвэрлэгчид захын томхон хогийг цэвэрлэдэг. Цэвэрлэгдэг ч гэж дээ томхон цаасан хайрцгуудыг нь л түүгээд авчихдаг юм шиг байна лээ” гэж түрээслэгчид хэлж байв.

Тус захад эрэгтэй, эмэгтэй ганцхан нийтийн бие засах газар төлбөртэй ажилладаг. Гэхдээ төлбөрөө төлж үйлчлүүлэх хүсэлтэй, чадвартай үйлчлүүлэгч тун цөөхөн харагдав.

Олон мянган түрээслэгчийн мөнгийг авч, нийслэлийн өмчийн газрыг түрээслэж их хэмжээний ашиг олж суугаа “Нарантуул” захын удирдлагууд аа! Захынхаа хур хогийг ачуулж, түрээсийн төлбөрөөс олж байгаа ашгийнхаа багахан мөнгөөр захынхаа хур хогийг цэвэрлэж, цэвэр цэмцгэр нөхцөлд худалдах, худалдан авах нөхцлийг бүрдүүлж өгнө үү.

Д.ЖАРГАЛ










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж