Д.Аззаяа: Манай намынхан албан тушаал атгаж төрөөгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Д.Аззаяа: Манай намынхан албан тушаал атгаж төрөөгүй

АН-ын ҮЗХ-ны гишүүн, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ын ажлын албаны дарга Д.Аззаяатай ярилцлаа.

-Саяхнаас Ардчилсан намын зарим гишүүд жигүүр байгуулж байгаа талаар мэдэгдээд байгаа. Энэ талаар та ҮЗХ-ны гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан намын ҮЗХороо хэд хэдэн фракцуудаас бүрддэг. Энэ байдал нь намын үйл ажиллагааг хайрцаглаж фракцуудыг тэргүүлсэн хэдэн тооны гишүүдээс намын амьдрал хэт хамааралтай болчихоод байгаа юм. Аливаа асуудлыг фракцууд тохирсон гээд л хэдхэн тооны хүмүүс шийддэг болоод нилээд хугацаа өнгөрч байна. Энэ үйл явцыг ардчиллын зарчим гэх үү эсвэл ашиг сонирхлын зарчим гэх үү. Энэ байдал удаан ноёлвол Ардчилсан нам, Ардчилсан нам биш болох нь. Хоёрт, намын дотоод сонгуулийн асуудал байна.

Манай намын орон нутгийн залуу зарим гишүүд энэ талаар хэвлэлд саналаа хэлээд эхэлсэн байна билээ. Би үүнийг зохих ёсны шаардлага гэж үзэж байна. Яагаад гэвэл Ардчилсан нам дүрэм журамтай нам. 2011 онд намын удирдлагууд сонгууль өнгөртөл ротаци явуулахгүй байя гэсэн саналыг ҮЗХ-ны хуралдаанд оруулан ирж тус саналыг хуралдаан дэмжсэн. УИХ-ын ээлжит сонгууль дуусаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Дүрмийн дагуу намын үйл ажиллагаа хэрэгжиж байх ёстой. Ардчилсан намын гишүүд 1996 оныг эс тооцвол урьд байгаагүйгээр төр засгийн албанд олноороо томилогдоод байна. Урьдчилсан байдлаар ҮЗХ-ны гучаад гишүүн төрийн жинхэнэ албанд томилогдсон байгаа. Төрийн албаны хуулиар тэдгээр хүмүүс намаас чөлөөлөгддөг. Эдгээр болон ротацын суудлууд дээр ер нь намын дүрмийн дагуу бүх аймаг, дүүргийн намын хороодод ротацыг явуулах ёстой.

Нөгөөтэйгүүр, Ардчилсан нам дүрмийн шинэчлэлийг яриад 3-4 жил өнгөрч байна.Одоогийн хүчинтэй байгаа намын дүрэм нилээд сайн дүрэм болсон.Энэ дүрмийн буянд манай нам өнгөрсөн зургаан жилийн хугацаанд намын удирдлага тогтвортой ажиллаж гишүүд дэмжигчдийн дунд амьд холбоотой байсан.Шинэчлэх зүйл байгааг үгүйсгэхгүй.Шинэчлэх шаардлагатай бол цаг алдалгүй хийж хэрэгжүүлэхийг гишүүд харж хүлээж байна. Жишээлбэл, Ардчилсан нам нэн даруй ёс зүйн дүрэмтэй болох цаг нь болсон. Яагаад энэ асуудлыг ярьж байгаа вэ? гэхээр төрийн албан тушаалд томилогдсон зарим гишүүд ёс зүйн зөрчил гаргах болсон. Төрийн улстөрийн, захиргааны , тусгай албан тушаалд томилогдсон гишүүд ёс зүй болон хууль дүрмийн хүрээнд зөрчил гаргаад байгааг хэвлэл сонинуудад бичээд иргэд олон нийт яриад байгаа шүү дээ. Үүнийг бид засах хэрэгтэй. Энэ бол зайлшгүй ярих ёстой зарчмын асуудал мөн.

Ёс зүйн дүрэмтэй болох нь намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжих ёстой асуудлын нэг мөн гэж бодож байна. Дөрөвт, намын дүрмийн хүрээнд байгуулагдсан зарим бүтцийн байгууллагуудыг шинэчлэх цаг нь болсон. Жишээ нь дүрмийн хорооны үйл ажиллагаа хэт идэвхгүй байгаагаас намын дүрмийн хэрэгжилт хангагдахгүй байна. Дүрмийн хороо захиалгаар асуудалд ханддаг болсон тухай гишүүд хэлж байдаг. Ийм учраас Дүрмийн хороог шинэчлэх шаардлагатай байна. Намын их хурлаар дүрмийн хороог байгуулж шинэчилдэг. Мөн Намын даргыг дөрвөн жил тутамд намын их хурлаар баталгаажуулах эсвэл шинээр сонгох ёстой. Энэ дүрмийн заалт хэрэгжихгүй байна. Тавд, дотоод сонгуулийн хороо үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болсон. Дотоод сонгуулийн хорооны гишүүд төрийн албанд томилогдсон. Дээрх хэлсэн тодорхой нөхцөл байдлуудаас гарах гарц, зөв шийдлийг бид эрэлхийлж байна. Иймд АН-ын шинэчлэлийн төлөө жигүүр байгуулж байгааг цагаа олсон зөв зүйтэй шийдэл гэж бодож байна.

-Ардчилсан нам засаг барьж, төр төвшитгөж яваа энэ үед ийм зүйл ярих нь хэр зохимжтой вэ?

-Ардчилсан нам засаг барьж байхад намын дотоод ардчиллын асуудлыг ярьж болохгүй сэдэв гэж бодохгүй байна. Бид засаг барьж байгааг нь шүүмжлээгүй. Өнгөрсөн он жилүүдэд АН-ыг сонгуульд ялуулж ардчилсан мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхийн төлөө сонгуулиас сонгуульд намын амьдралын хүнд бэрхийг туулж хоёр ч удаагийн сонгуулийг луйвардуулж ардчилсан засаглалыг байгуулахын төлөө ёстой нөгөө чөмгөө дундартал тэмцсэн хүмүүс бол манай намын олон мянган гишүүд. Олны хүчээр олсон энэ ололт амжилтыг явцуу цөөхөн бүлэглэлийн хүрээнд хэт хайрцаглуулж болохгүй гэж байгаа юм. Ардчилал гэдэг өөрөө олон ургальч үзэл, хууль дүрмэнд захирагдах ёс гэж бодож байна. Түүнээс биш хайрцаг саванд хийгээд хадгалж харж байдаг зүйл гэж бодохгүй байна. Улстөрийн нам дүрэм журам, зохион байгуулалт, үйл ажилгаагаа шинэчилж байх ёстой. Эс тэгвээс яаж улсыг жолоодох билээ.

-Ажилгүй албан тушаалд очиж чадаагүй гомдогсод жигүүр байгуулж байна гэх ,,, талаар?

-Хэрвээ АН-ын жигүүрийг санаачлагчдын талаар ярьж байгаа бол миний л мэдэх тэдгээр хүмүүсийн зарим нь төр засгийн албан тушаалд сонгогдож, томилогдоогүй ч ажил, амьдралтай нийгэмд байр сууриа эзэлсэн хүмүүс харагдсан. Мөн төрийн улстөрийн албан тушаалд сонгогдож томилогдсон гишүүд, дунд анхан шатны намын гишүүд гээд өргөн хүрээнд жигүүрээс дэвшүүлж байгаа санал санаачлагыг дэмжиж байгаа дуулдсан.

Асуудал албан тушаалтай албан тушаалгүй дээ биш л дээ. Манай намынхан албан тушаал атгаж төрөөгүй. Бид алба ажилгүй, албан тушаалгүй өчнөөн жил л Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, төлөвшүүлэхийн төлөө тэмцсэн хүмүүс. Албан тушаалтай болчихоороо зарчмын саналууд хэлэхээс эмээж, болгоомжилдог айдастай, албан тушаалгүй болохоороо атаархаж хоролхоод байдаг гэж бодохгүй байна. Албан тушаалтай ч бай тушаалгүй бай ч ардчиллын зарчимдаа тууштай хүмүүс гэж би тэднийг хэлэх байна. Миний нэг найз улстөрч “асуудлыг өндөр дээрээс харж сур” гэж захидаг юм. Намын дотоод ардчиллын чанарын асуудлыг цагаа олж хэлж, ярьж засаж сайжруулах нь ардчилсан намын цаашдын төлөвшилт бүр цаашлаад Монгол Улсад ардчилсан нийгмийг бүрэн төлөвшүүлэхэд ихээхэн үүрэгтэй болов уу.

Ардчилсан намыг би Монгол улсыг ардчилсан хөгжлийн замд хүргэх түүчээ нь гэж боддог. Хэрвээ Ардчилсан нам дотоод ардчилалгүй болчивол энэ талаар ярихад тун хэцүү л болох байх. Тийм ч учраас манай намын дарга саяхан хэвлэлд өгсөн ярилцагандаа жигүүр байгуулах нь манай намд байдаг үзэгдэл гэсэн байна лээ.Энэ бол жигүүрийнхэн эрүүл зөв асуудал тавьж байгаагийн шинж гэж үзэж байна.

-Та жигүүрт нэгдэх үү.

-Зарчмын зөв зүйтэй асуудал ярьж байгаа гишүүдтэй нэгдэнэ гэж бодож байна.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хяналтын хорооны даргаар таныг нилээд олон жил ажиллсан гэж сонссон. Энэ сонгуульт ажлыг хашихдаа хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар хуваалцаач.

-2003 онд хуралдсан Холбооны 2-р чуулганаас тус байгууллагын хяналтын хорооны гишүүнээр сонгогдож 2007 оноос ХХ-ны даргаар ажилласан. 2006 онд Ардчилсан намын 3-р хурал хуралдаж Ардчилсан намын дүрмийг шинэчлэн баталсан юм. Намын дүрэмтэй нийцүүлэн АЭХ-ны дүрмийг шинэчлэх шаардлагатай байсан. Тухайн жилдүүдэд АЭХ-ны мөн л одоогийнх шиг дотоод ардчиллын хямралд орж удтал ээлжит чуулганыг хуралдуулж чадахгүй байлаа. Манай эмэгтэйчүүдийн уйгагүй хүчин чармайлтын үр дүнд 2009 оны хавар АЭХ-ны гуравдугаар чуулганыг хуралдуулж холбооны дүрмийн шинэ төслийг хэлэлцэж баталцгаасан.

Шинэ дүрмийн хүрэнд 2010 онд холбооны дөрөвдүгээр чуулганыг хуралдуулж АЭХ-ны Ёс зүйн зарчмыг баталж, 2011.01.15-ны өдрийн АЭХ-ны Зөвлөлдөх хорооны хуралдаанаар шинээр зургаан журмыг хэлэлцэж баталсан. Эдгээр журмуудаас “Шийдвэр гаргах түвшинд АЭХ-ны гишүүдийн оролцоог хангах дэмжих журам", "АЭХ-ны анхан, дунд шатны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх журам", "АЭХ, түүний салбар холбоодын дотоод үйл ажиллагааны журам", "АЭХ-ны гишүүний ёс зүйн журам" -ууд нь тэргүүлэх ач холбогдолтой журмууд болсон. Намын дэргэдэх байгууллагын эдгээр туршлагыг намын дүрэм, журамд нэвтрүүлнэ.

-Намын удирдлагын зүгээс та нартай хэрхэн хамтарч ажиллах бол?

-Би дээр намын даргын байр суурийг онцолсон.Намын хамтын шийдвэр гаргах ГЗ,ҮЗХ,Их хурал байна.Асуудлыг тэнд шийдэх байх. Эрүүл саруул ухаантай энэ намын удирдлагад байгаа олон гишүүдийн санаа оноог хүлээн авч шийдвэрлэнэ.

Эх сурвалж: www.olloo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж