Өнгөрсөн мягмар гарагт Нью-Йорк хотноо ажлаа эхлээд буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр болох Өндөр хэмжээний уулзалтуудын дотор 9 дүгээр сарын 24-нд Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний анхдугаар уулзалт, 9 дүгээр сарын 25-нд Мянганы хөгжлийн зорилтын талаарх тусгай арга хэмжээ болох гэж байна. Эдгээр арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцоно.
НҮБ-аас сүүлийн хорин жилд дэлхийн нийтийг хамарсан хөгжлийн хоёр багц зорилгыг дэвшүүлсэн билээ. Үүний эхнийх нь 1992 онд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод болсон байгаль орчин ба хөгжлийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаас баталсан тогтвортой хөгжилд хүрэх стратеги буюу “Agenda 21” байсан бол хоёрдахь нь 2000 онд Нью-Йорк хотноо болсон Дэлхийн удирдагчдын уулзалтаас баталсан Мянганы тунхаглал буюу Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ууд юм.
“Agenda 21” бол XXI зуунд чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-уудын зарчмуудыг тодорхойлж, түүнийг хөгжлийн чиг баримжаагаа болгохыг дэлхийн улс үндэстнүүдэд уриалсан бол НҮБ-ын гишүүн 189 орны баталсан МХЗ-дад 2015 он гэхэд дэлхийн эмзэг, ядуу хэсгийн амьдралын наад захын шаардлагыг хангах түвшинг тогтоож нийтээр нэгэн зүгт харж ажиллах болмжийг олгосон билээ.
Дэлхийн хамтын нийгэмлэг хөгжлийн эдгээр зорилгын хэрэгжилтийн үнэлгээ, цаашдын чиглэлийг 1997 онд Рио+5 (Нью-Йорк хот), 2002 онд Рио+10 (Йоханнесбург хот), 2012 онд Рио+20 (Рио де Жанейро хот), 2000 онд Мянганы чуулган (Нью-Йорк хот), 2010 онд МХЗ-ын асуудлаарх дээд хэмжээний уулзалт (Нью-Йорк хот)-аар тус тус хэлэлцэн тодорхойлж ирэв.
Гэвч сүүлийн 20 гаруй жилд дэлхий дээр глобал түвшнийг хамарсан олон өөрчлөлт гарав. Цөөнгүй улс үндэстэн цаг уурын өөрчлөлттэй холбогдох, эс холбогдох байгалийн гамшигт нэрвэгдэж, дэлхий нийтийн эдийн засгийн хямрал үргэлжилж, Арабын хавар зэрэг үйл явдлууд нь урт удаан хугацаанд ноёлсон улс төр, эдийн засгийн загваруудыг ганхуулав. Глобал хөгжлийн зорилгуудын үрээр ядуурлын хувь нэлээд буурсан боловч арилсангүй, Умард ба Өмнөдийн аль алинд орлогын тэгш байдал хангалтгүй хэвээр байгаа нь нууц биш болов. Чингэж тэгш бус байдал оршсоор, зарим талаар нэмэгдэж байгаа нь “тогтворгүй” хөгжлийн шалтаг, шалтгаан хоёул болж байгаа тул ирэх хэдэн арван жилийн хамгийн том сорилт хэвээр байх бололтой.
Учир иймд сүүлийн жилүүдэд НҮБ-ын хүрээнд 2015 оноос хойших хөгжлийн зорилгыг хэрхэн тодорхойлох тухай яриа хэлэлцүүлэг хүчтэй өрнөв.
Дэлхийн удирдагчид 2012 оны 6 дугаар сарын 20-22-нд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо болсон Рио+20 уулзалт дээр МХЗ-аас хэрхэн ТХЗ-д шилжих талаар тов тодорхой шийдэлд хүрээгүй ч тогтвортой хөгжлийн гурван тулгуур болох эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлууд нь эцэстээ нэг зүйлд нэгдэх бөгөөд МХЗ нь ТХЗ-ын анхдагч зорилтууд байх дээр санал нэгдсэн юм. Тодруулан хэлбэл, гурван өдрийн турш үргэлжилсэн бүгд хуралдааны эцэст “The Future We Want” буюу “Бидний хүсч буй ирээдүй” төгсгөлийн баримт бичгийг бүх нийтийн тохиролцоогоор баталж дараах зүйлсийг тусгажээ. Үүнд:
- Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлох талаар тусгаж, уг асуудлыг авч хэлэлцэхийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хандан хүсэлт болгосон /Энэ хүсэлт энэ 68 дугаар чуулганы үеэр биеллээ олж байна/;
- Тогтвортой хөгжилд хүрэх нэг арга зам нь ногоон эдийн засаг болохыг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн;
- Тогтвортой хөгжлийн асуудлаар өндөр түвшний улс төрийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэж, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийг бэхжүүлэх талаар тохиролцсон;
- Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох заалтууд туссан;
- Тогтвортой хөгжилд хүйсийн тэгш байдлыг хангах нь чухал гэдгийг тусгасан,
- Тогтвортой хөгжлийг хангахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэсний зэрэгцээ Засгийн газруудаас тогтвортой хөгжлийг хангах сайн дурын үүрэг амлалт хүлээх алхмыг эхлүүлсэн зэргээрээ онцлогтой юм.
Олон улсын хамтын ажиллагааны дараачийн үе шат нь орон нутгийн, үндэсний, глобал түвшний зорилгуудыг хойч үеийн өмнө тулгарах эдийн засаг, нийгэм, байгаль орчны сорилтуудтай нягт уялдуулан тодорхойлж шийдвэрлэхэд чиглэж байна.
Улмаар 2012 оны 7 дугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүний манлайлал доор олон салбар, бүс нутгийн төлөөллөөс бүрдсэн 27 гишүүнтэй Нөлөө бүхий хүмүүсийн өндөр түвшний ажлын хэсэг (High Level Panel) байгуулагдаж, 2015 оноос хойших хөгжлийн зорилгуудын асуудлаар зөвлөмж боловсруулах болсон юм. Тус бүлгийг Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно, Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Ширлиф, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Дэвид Камерон нар НҮБ-ын ЕНБД-тай хамтран даргалдаг.
Ажлын хэсэг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын ЕНБД-д “Шинэ глобал түншлэл: Ядуурлыг арилгаж, тогтвортой хөгжлөөр дамжуулан эдийн засгийг өөрчлөх нь” хэмээх тайлангаа гардуулжээ. Тайланг НҮБ-ын системийн байгууллагуудаас гадна 120 орны 5000 гаруй байгууллага, төрөл бүрийн бүлгийн төлөөлөлтэй холбогдон 2030 онд хүрэх түвшнийг төсөөлөн харж боловсруулсан ба ядуурлын бүх хэлбэрээс ангижрах нь дэлхий дахины гол алсын хараа, үүрэг хариуцлага бөгөөд хүнс, эрүүл мэнд, боловсрол, ус, эрүүл ахуй, цаг уурын өөрчлөлтөд түлхүү анхаарч, Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага бүгдийг хамарсан нэгдмэл зорилготой дэлхий нийтийн шинэ түвшний түншлэлийн чухал болохыг онцлов.
Тус тайланд глобал буюу Бүх нийтийн 12 зорилгыг тодорхойлон бичсэнийг доорх хүснэгтэд МХЗ-уудтай харьцуулан үзүүлэв.
Мянганы хөгжлийн зорилтууд /2000 онд тодорхойлсон/ | Бүх нийтийн зорилгууд /Нөлөө бүхий хүмүүсийн |
I. Туйлын ядуурал, өлсгөлөн байдлыг бууруулах | I. Ядуурлыг устгах |
II. Бүх нийтээрээ бага боловсрол эзэмших | II. Жендерын тэгш байдлыг хангахын тулд охид, бүсгүйчүүдийг |
III. Хүйсийн тэгш байдлыг сайжруулж, эмэгтэйчүүдийн үүрэг, | III. Чанартай боловсрол, насан туршдаа суралцах боломж |
IV. Хүүхдийн эндэгдлийг бууруулах | IV. |
V. | V. Хүнсний аюулгүй байдал ба тэжээллэг хүнсээр хангах |
VI. ХДХВ/ДОХ, хумхаа болон бусад өвчинтэй тэмцэх | VI. |
VII. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах | VII. Тогтвортой эрчим хүчээр хангах |
VIII. Хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг хөгжүүлэх | VIII. Ажлын байр, тогтвортой амьдрах орчин, тэгш өсөлтийг бий |
| IX. |
| X. Сайн засаглал, үр дүнтэй |
| XI. |
| XII. Глобал таатай орчныг |
МХЗ-ууд нь хөгжлийн нэгдмэл багц зорилгууд болон тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон шинжтэй бол шинээр санал болгож буй Бүх нийтийн зорилгуудад МХЗ-ууд бүхэлдээ багтсан бөгөөд хүнсний аюулгүй байдал, ус, эрүүл ахуй, тогтвортой эрчим хүч, ажлын байр, байгалийн баялгийн тогтвортой удирдлага, сайн засаглал, найдвартай аюулгүй нийгэм, дэлхий нийтийн урт хугацааны хөгжлийн санхүүжилтыг бий болгох зэрэг арай өөр асуудлуудыг шинэлэг агуулгаар туссан.
Дэлхий нийтийн МХЗ-ууд нь 18 дэд зорилт, 48 шалгуур үзүүлэлттэй байсны нэг адил Бүх нийтийн зорилгууд ч улс үндэстнүүдийн хүрэх зорилгуудыг 9 зорилго, 54 дэд зорилтоор нарийвчлан тодорхойлж хэлэлцүүлж байна. Тухайлбал, Байгалийн нөөц баялаг, хөрөнгийн тогтвортой удирдлагыг хангах хэмээх 9 дүгээр зорилгын хүрээнд (9a) Төрийн бүх байгууллага, томоохон компаниудын эдийн засаг, нийгэм, байгаль орчны данс тайланг хэвлэн нийтэлж, ашиглаж байх, (9б) Засгийн газрын худалдан авалтад тогтвортой байдлыг харгалзах явдлыг …хувиар нэмэгдүүлэх, (9в) Экосистем, байгалийн төрөл зүйл ба генетикийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх, (9г) Ой модны нөөц буурах явдлыг … хувь бууруулж, … ойжуулалтыг … хувь өсгөх, (9д) Хөрсний чанарыг сайжруулах, хөрсний элэгдлийг … тонноор бууруулж цөлжилттэй тэмцэх гэж заажээ. Нэг талаас, дэд зорилтууд дотор охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах, урьдчилан сэргийлэх; бүх нийтийн бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийг хангах; хүнсний хаягдлыг багасгах; сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин ихэсгэх; хүчний байгууллагын ажилтнуудын чадавх, мэргэшлийн түвшин, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудал хөнджээ. Нөгөө талаас шинэ зорилгуудын хүрээнд нэлээд хэмжигдэхүйц зорилтуудыг тавьж байгаа (улс үндэстнүүд өөр өөрийн нөхцөл байдалд тохирсон хувь хэмжээг тавихаар зохицуулсан) нь зүй ёсоор анхаарал татаж байна.
НҮБ-ын гишүүн орнуудын бүлгүүд 2013 оны гуравдугаар улирлын турш Нөлөө бүхий хүмүүсийн ажлын хэсгийн тайланг хэлэлцээд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг боловсруулах ажлын бүлэг болон 2015 оны дараах хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох үйл ажиллагаанд чиглэл болохуйц ажил болсон хэмээн дүгнэж байгаа.
Энд цохон тэмдэглэхэд өнгөрсөн 6 дугаар сард Антигуа Барбуда улсын иргэн Жон Аше НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы даргаар сонгогдсоныхоо дараа чуулганы сэдвийг “2015 оноос хойших хөгжлийн зорилгууд: Сууриа тавих” хэмээх зарласан юм. Тэрээр “2015 оноос хойших хөгжлийн зорилгууд нь олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах ёстой” ба “хөгжлийн тэр дундаа тогтвортой хөгжлийн асуудал нь Ерөнхий Ассамблейн гол ажил … оршин тогтнож буй шалтгаан юм” хэмээн хэлснийг ЕНБД Бан Ги Мүүн ихэд сайшааж Чуулганы шинэ дарга нь түүний “тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн тухай санаа зовинолыг хуваалцдаг, Рио+20 тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээний хэсгийг хамтран удирдаж байсан хүн” болохыг тэмдэглэжээ.
Өнгөрсөн мягмар гарагт Нью-Йорк хотноо ажлаа эхлээд буй Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр болох Өндөр хэмжээний уулзалтуудын дотор Мянганы хөгжлийн зорилтын талаарх тусгай арга хэмжээ, Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний анхдугаар уулзалт багтаж байна.
НҮБ-ын ЕНБД-аас дээрх өндөр хэмжээний уулзалтыг зарлахдаа 2015 оны дараах хөгжлийн хөтөлбөрийн гол төв нь тогтвортой хөгжил байх, Өмнөд, Умардын хоёулангийн хэрэгцээ шаардлагад нийцсэн универсаль шинж чанартай байх ёстой гээд энх тайван, хүний эрх болон сайн засаглал бол хөгжлийн үндсэн суурь болохыг хүлээн зөвшөөрөх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны бүрэн цогц үйл ажиллагааг явуулах хэрэгтэйг гишүүн орнуудад уриалсан билээ.
Монгол Улс нь НҮБ-ын гишүүн орны хувьд НҮБ-ын тогтвортой хөгжил ба МХЗ-уудыг хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж ирэв. Эдгээрийн дотор Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр буюу MAP 21 (1998), Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд (2005), Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 2007-2021 (2008), Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр (2011)-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Зөвхөн МХЗ-уудын хувьд гэхэд манай улс үндэсний өөрийн орны онцлогт нийцүүлэн “хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” тухай 9 дэх зорилгыг шинээр нэмж идэвх санаачилгатай ажилласан улсын нэг бөгөөд Улсын Их Хурал 2005 оны 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Мянганы хөгжлийн 2015 он хүртэлх зорилтуудыг тодорхойлон баталж, хэрэгжилтийн явцыг 2 жил тутам тайлагнаж байхыг Засгийн газарт үүрэг болгосон. Өдгөө МХЗ-уудын хэрэгжилтийн үндэсний илтгэлийг таван удаа гаргаад байна.
МХЗ-уудын үндэсний хэрэгжилтийн тав дахь илтгэлийн дүгнэлтээр “зарим тодорхой нэмэлт арга хэмжээг авч чадвал дэлхийн МХЗ-уудын 71 хувийг нь Монгол Улс 2015 он гэхэд хэрэгжүүлэхээр байгаа” ажээ. Тиймээс бидэнд МХЗ-уудын хэрэгжилтийн тухайд олсон амжилт их боловч хийх ажил их байна. Тухайлбал, өдгөө Хүний хөгжлийг эрчимжүүлэх буюу Монгол улсын МХЗ-уудыг хангах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох, Хүн ам, нийгмийн аюулгүй, тогтвортой, эрх тэгш байдлыг хангах гэсэн гурван үндсэн агуулга бүхий 6 тэргүүлэх чиглэлээс бүрдсэн МХЗ-д суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого нь 2015 он гэхэд МХЗ-уудад хүрэх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах үндсэн хэрэгсэл болж байгаа боловч цогц бодлогыг хянан сайжруулж, хөгжлийн нэгдсэн тогтолцооны урт хугацааны төсөөллийг боловсруулах, үр дүнд суурилсан үнэлгээний үндэсний чадавхийг бий болгох шаардлага буйг мэргэжилтнүүд тэмдэглэдэг.
Монгол Улс ч НҮБ-ын хөгжлийн асуудлаарх яриа хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байгаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд янз бүрийн түвшинд өрнөж буй 2015 он оноос хойш МХЗ-уудыг хэрхэн амжилттай үргэжлүүлэх арга замын талаар үндэсний хэлэлцүүлгийг 2013 оны 3-5 дугаар сард Эдийн засгийн хөгжлийн яамнаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Залуучууд, Орон нутаг, Үндэсний түвшинд зохион байгуулж илтгэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх нээлттэй ажлын хэсэгт хүргүүлсэн болно. Эдгээр хэлэлцүүлэг нь нийгмийн янз бүрийн бүлэг, түвшний хүмүүсийн дуу хоолойг сонсож, тэдний саналыг нэгтгэхэд ач холбогдолтой болсон юм.
Эцэст нь хэлэхэд, Нью-Йорк хотноо өнөөдөр, маргааш болох Мянганы хөгжлийн зорилтын талаарх тусгай арга хэмжээ, Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний анхдугаар уулзалт нь XXI зууны улс орнуудын хөгжил дэвшлийн дараачийн үе шатыг тодорхойлох чухал хэлэлцүүлэг гэдэг утгаараа бидний анхаарлыг зүй ёсоор татаж байна.