Жүдочид Ерөнхийлөгчид нэрэмжит шагналаа олгов

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Жүдочид Ерөнхийлөгчид нэрэмжит шагналаа олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчид Олон улсын Жудогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Олон улсын Жудогийн холбооны ерөнхийлөгч Мариус Визерийн нэрэмжит тусгай шагналыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гардуулав.

Саяхан болсон Жудо бөхийн ДАШТ-нд Монголын баг тамирчид амжилттай оролцож нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэний зэрэгцээ шагналт тавдугаар байрт гурван тамирчин орж, багаараа 134 орноос тавдугаар байрт шалгарсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг дөрвөн жил амжилттай зохион байгуулж 2013 оноос зэрэглэлээ ахиулан Гран При болгон зохион байгуулсан, Монголын жудочдын амжилт 2007 оноос хойш олон улс, тив, дэлхий, олимпын наадамд ахиж, нийт 500 гаруй медаль хүртэж, дэлхийн шилдэг багт орсныг өндрөөр үнэлж Олон улсын Жудогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагналыг ийнхүү хүртээсэн байна. Монгол Улс нь жудо бөхийн эрэгтэй, эмэгтэй баг нь ижилхэн өндөр амжилт гаргадгаараа бусад орнуудаас онцлог юм.

Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Олон улсын Жудо бөхийн холбооны Энх тайвны хорооны дэд захирал Б.Пагва, Монголын Жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, Монголын Жудо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нар гардуулав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулах үеэр Олон улсын Жудо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгодог чухал тэмцээнийг монголчууд амжилттай зохион байгуулж, жудо бөхийг Монгол Улс төдийгүй дэлхийд хөгжүүлж байгааг онцлон дурдав.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж