Захуудыг нүүлгээд өгөөч

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Захуудыг нүүлгээд өгөөч

Нийслэлд байгаа бараг бүх зах үйл ажиллагаа явуулах эрхгүй, барилга нь стандартад нийцэхгүй, гэнэтийн ослын үед иргэдийг аврах ямар ч боломжгүй гэдэг нь энэ сард хийсэн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн шалгалтаар нэгэнт нотлогдов. “Барс 1”, “Барс 2”, “Гялгар, “Далай ээж”, “Меркури”, “Нарантуул”-ын гэр ахуйн зах гээд л үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр хугацаагаар зогсоох шийдвэр гарах бололтой. “Бөмбөгөр”, “Хүчитшонхор”, “Хархорин” гээд томоохон захууд нь торгуулийн 250 мянган төгрөг төлөөд, шалгалтад гайгүй тэнцсэн сурагтай.

Замын түгжрэл үүсгэж, хулгай дээрэм гээд гэмт хэрэг, архидалтын үүр уурхай, хууль бус наймаа цэцэглэсэн, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй нөхцөлд баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж иргэдийг хохироож байгаа энэ “данхгар” захуудыг яах вэ. Нэгэнт үгүй болохгүй энэ захуудыг хотын төвөөс бушуухан нүүлгэх юмсан. Энэ сэдвийг яриад, хэлэлцээд, асуудал болгон хөндөж бичээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин саяхнаас сайхан мэдээ дуулдаж эхэллээ. Автомашин худалдаалдаг захуудыг хотоос нүүлгэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан байна. “Өгөөмөр”, “Да хүрээ”, Вокзал, Энхтайваны гүүр орчмын автомашины худалдаа, Шар хад хүртэл зам дагуу байрласан автомашин худалддаг бүхий л захуудыг нүүлгэх гэнэ. Тодруулахад, хуучин шинэ ялгаагүй автомашин худалдааг бидний нэрлэж заншсан Мал бордооны газар буюу хуучин 22-ын товчооноос зүүн тийш 1.7 километр зайд худалдааны төв барьж, нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Автомашины захыг хэзээ, хэрхэн нүүлгэхийг албан хүнээс тодруулахад “Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хамтран шинээр барих худалдааны төвийн зураг төслийг гүйцэтгэж байгаа. Байгууламжийг босгох хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэхийг НИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Бидний тооцоолж байгаагаар ирэх 2014 оны хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхэлж 2015 онд автомашины худалдааны захыг ашиглалтад оруулах байх” гэв.

“Нийслэлийн иргэдийн өмч болсон газрыг түрээслэж их хэмжээний ашиг олдог. Байнга түрээсийн төлбөрөө нэмдэг. Тэрхүү нэмэгдэл нь иргэдийн нуруун дээр ачаа болж байгаа энэ захуудыг яаралтай хотоос гаргах нь зүйтэй” гэж хотын дарга Э.Бат-Үүл үзэж байгаа гэсэн. Гэхдээ л “Нарантуул”, “Хүчитшонхор”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин”, “Хангай”, 100 айл барилгын материалын зах гээд өнөөх болохгүй бүхнийг дагуулж байгаа эдгээр захыг хэзээ хотоос гаргаж, нүүлгэх вэ гэдэг нь одоо болтол тодорхойгүй байсаар.

Мэдээж захуудыг нүүлгэж, хотоос зайдуу гаргах шийдвэрийг бизнес эрхлэгчид таатай хүлээж авахгүй нь лавтай. Нүүхгүй гээд суучихвал яах вэ. Нийслэлийн газрыг өмчилж биш эзэмшиж эзэн суучихсан нөхдүүдийг нүүлгэхэд тун амархан. Эзэмшүүлсэн газраа буцаагаад авахад л хангалттай.

Захуудыг хотын төвөөс нүүлгээд өгөөч, нийслэлийн удирдлагууд аа!

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж