УИХ-ын дарга З.Энхболд Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Памела Слуцыг дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр /2013.09.24/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн 16 дахь Бага хурал зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан тус хурлаар хэлэлцэгдэх асуудлууд тухайлбал, монголын эдийн засаг ба гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн ирээдүйн төлөв, байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал ялангуяа уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудал тулгамдаж байгаа талаар түүнчлэн Улаанбаатар хотын хөгжил, түүний дотор хотын ногоон орчныг сайжруулах зэрэг сэдвээр Их Хурлын дарга болон хатагтай Слуц, түүнийг дагалдан яваа тус зөвлөлийн төлөөлөл ноён Стийв Саундерс нар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ оны 3 дугаар сард АНУ-д айлчлахдаа Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, ярилцсан нь зөвлөлийн үйл ажиллагаанд туйлын чухал ач холбогдолтой байсан гэдгийг төлөөлөгчид онцлон хэлэв.
Хойд Америк, Монголын Бизнесийн Зөвлөлийн Бага хурал 1998 оноос хойш Улаанбаатар хотноо зохиогдож байгаа өргөн хүрээг хамарсан, томоохон арга хэмжээ юм. Энэ удаагийн 16 дахь Бага хурал нь Монгол-Канадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй нь онцлог болж байгаа аж хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.