УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд үдээс өмнөх Байнгын хорооны хуралдаанд нь эдийн засгийн байдлын талаарх дүгнэлтийг УИХ-ын даргын 2013 оны дөрөвдүгээр сарын 22-ний өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн танилцууллаа. Тодруулбал, дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдал, манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө, үр дагавар, даван туулах арга зам, гадаадын хөрөнгө оруулалтын байдлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг болон дэд ажлын хэсгээс боловсруулан гаргасан "Монгол улсын эдийн засгийн гадаад дотоод орчин, хөгжлийн явц байдалд хийсэн судалгаа, дүгнэлт цаашид баримтлах асуудлууд" сэдэвт судалгааны тайланг танилцуулсан юм. Энэхүү судалгааг 2013 оны тавдугаар сарын байдлаарх мэдээлэлд тулгуурлан гаргасан бөгөөд эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй тулгамдсан асуудлууд болон бодитой шалтгаанууд байгааг таван чиглэлээр танилцуулсан байна.
Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
1. Эдийн засгийн гадаад орчин, гадаад харилцаа
Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
1. Эдийн засгийн гадаад орчин, гадаад харилцаа
- Эдийн засгийн гадаад орчны нөхцөл байдал тогтворгүй, хандлага нь тодорхойгүй байгаа нь энэ цаг үед гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт , томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой хуримтлагдсан олон асуудлууд байгааг анхаарч яаралтай шийдвэрлэх.
- Эдийн засаг бүхэлдээ уул уурхай, импортоос хэт хамааралтай, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдслээс шалтгаалан эдийн засагт цэвэр дүнгээр орж ирэх валютын хэмжээ буурч, улмаар гадаад худалдааны алдагдал нэмэгдэж болзошгүй.
- Урсгал дансны алдагдал тогтмол өндөр, бууралт ажиглагдахгүй байгаа нь дотоодын эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэж болзошгүй.
- Урсгал дансны алдагдалтай зэрэгцэ, гадаад өрийн түвшин нэмэгдэж байгаа нь урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай.
- Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан.
- Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтийн хуваарьт хүндрэл гарч зарим нэгэн төлбөр хүлээгдэж байгаа нь томоохон хэмжээний дахин санхүүжилтийн эрсдлийг бий болгосон.
- Манай улсын эдийн засаг цөөн тооны зах зээл, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт, импортоос хэт хамааралтай байгаа нь хүндрэл дагуулж, БНХАУ-тай хөгжүүлж буй худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь хэт давамгайлж байгаа.
- Сүүлийн үед гуравдагч хөрг орнуудын дунд манай хөрөнгө оруулалтын орчин тогтвортой, эрсдэлтэй болсон гэсэн ойлголт бий болсон.
2. Эдийн засагт нөлөө бүхий томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилт
- -Монгол Улсын уул уурхайн салбар нь дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болж байгаа ч уул уурхайн салбарийг цаашид хөгжүүлэхэд тээвэр, эрчим хүч, ус хангамж зэрэг дэд бүтцийн асуудлыг одоог хүртэл шийдээгүй байгаа нь хүндрэл үүсгэж байна. Уул уурхайн салбарт хийгдэж байгаа борлуулалтын болон хөрөнгө оруулалтын гэрээнүүдтэй холбоотой асуудлууд ихээхэн гарч, тэдгээрийг сайжруулах чиглэлээр ажиллахад олон хүндрэл гарч, үүнээс шалтгаалан төслийн хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлөх үзэгдэл цөөнгүй.
- Байгаль орчны стандарт баримталдаггүй хариуцлагагүй компаниудаас үүдэн зөвшөөрөл, лицензийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, эрх зүйн орчинд өөрчлөлт хийсэн явдал нь дэлхийн түвшний стандарт, тэргүүний технологитой компаниудад хүндээр тусч байна.
- Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн нөөц маш их шаардлагатай байгаа тул хувиарлалтыг оновчтой хийх.
- Хөрөнгө оруулалтын төслийн судалгаа, тооцоо, зураг төсөв муу хийгдэж байгаагаас хөрөнгө оруулалтын төлөвлөлт алдаатай болох, хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах үзэгдэл гарч байна.
- Уул уурхайн томоохон ордуудыг түшиглэсэн төмөр замын сүлжээ одоог хүртэл баригдаж эхлээгүй байгаагаас гадна одоогийн сүлжээ ачаа нэвтрүүлэх хүчин чадал бага, төмөр замын суурь бүтэц эзэмшигчдийн зүгээс тээвэрлэлтэд тавьдаг хориг саад их, төмөр замын тээврийн тарифын бодлого, тогтолцоо төлөвшөөгүй, үндсэндээ төмөр замын тээврийн үйл явцыг нарийн зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байна.
- Сүүлийн жилүүдэд эрдэс бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсч, үнэ ханш нэмэгдсэнээр дэлхийн бусад орнуудад уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, өмнө нь ашиггүй байсан төслүүд одоо ашиглах бололцотой болсон зэргээс шалтгаалан тус салбарт өрсөлдөөн хурдтай нэмэгдэж байгаа.
- Төрийн өмчит томоохон уул уурхайн төслүүдийн менежмэнт, компанийн засаглал, хариуцлагын тогтолцоо сул байгаагийн улмаас өр болон авлага өсөх, бараа, материалын үлдэгдэл нэмэгдэх, улмаар санхүүгийн байдал хүндрэх тохиолдол гарч байна.
3. Гадаадын шууд хөрөнгө оруулалт
- Монгол улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2000 оноос аажмаар өсөх хандлагатай явж ирсэн боловч дэлхийн болон бүс нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Монгол улсад орж ирж байсан уул уурханй томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын үе шат дууссан, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулсан зэрэг тодорхой шалтгааны улмаас 2012 оноос буурч эхэлсэн.
- Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч хариуцлагагүй үг, үйлдэл мэдээлэл буруу ойлгогдож байгаа зэргээс шалтгаалан хөрөнгө оруулалттыг үргээх явдал гарч байна.
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүтэц ихээхэн өрөөсгөл, нийт шууд хөрөнгө оруулалтын 85 хувийг уул уурхайн салбарт ногдож байгаа нь улсын эдийн засаг, экспорт нь цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамаарсан бүтэцтэй болсныг харуулж байна.
- Гадаадын шууд хөрөнгө оруултын хөрөнгө оруулагчийн гарал үүслийг анхаарч үзэхгүй бол БНХАУ тэрүүлж, Нидэрланд, Люксембург, Виржини Арлууд зэрэг дэлхий дахинд офшор хийдэг бүсүүд удаалж байна.
- Хөрөнгө оруулалтыг бусад улс орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байгаа ч эрсдэлтэй гэсэн ангилалд байна. Татварын хувь хэмжээ, хориг тавьсан байдал, гаалийн тарифийн босго зэргийн хувьд авч үзвэл хөгжиж буй орнуудын дундаж түвшинд байгаа ч Засгийн газрын хүнд суртал, ажиллах хүчний боловсролын түвшин, авлига, дэд бүтэц, санхүүгийн салбарын хөгжил зэргээр сул үзүүлэлтэйд тооцогдож байна.
- Манай улсад хөрөнгө оруулалтыг дэмжсэн, урамшуулсан эсхүл хөнгөлөлт олгосон эрх зүйн цэгцтэй орчин бүрдээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шаардлагатай салбар, үйлдвэрт болон хөдөө орон нутагт ялгавартай татах "урамшууллын" тогтолцоо байхгүй.
- Татварын хууль тогтоомж тодорхойгүй. шийтгэх, торгох, яллахад чиглэдэг, шүүгч нарын боловсрол дутмаг, иргэний эдийн засгийн шинжтэй маргааны шүүхээр шийдвэрлүүлэхэд хүндрэлтэй байдаг зэрэг хүчин зүйлийн улмаас хөрөнгө оруулагч нар хохирдог тул дахин хөрөнгө оруулалтыг идэхижүүлэх боломж хомс.
- Монгол Улс бол албан ёсны фронтиер зах зээл буюу "эрсдэл өндөртэй зах зээл" гэсэн ангилалд багтаж, зээлжих зэрэглэлийн ВВВ-с доош буюу хөрөнгө оруулалт хийхэд хангалтгүй гэсэн ангилалд байгааг анхаарах.
- Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих стратеги, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулат нэн шаардлагатай салбар, бүс нутагт хөрөнгө оруулагчдыг урамшуулах тогтолцоог бий болгох.
4. Макро эдийн засгийн байдал
- 2012 онд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал өмнөх жилүүдэд байгаагүй өндөр түвшинд хүрсэн нь мөчлөг дагасан төсвийн бодлого, ирээдүйн экспортын орлогоо барьцаалж авсан богино хугацаатай зээлээр санхүүжүүлсэн нийгмийн хавтгайрсан халамж буюу бэлэн мөнгө тараалт, гадаад секторын эрсдэлд өртөмтгий байдал, эрдэс баялгийн салбараас хэт хараат байдал зэргээс шалтгаалсан.
- Эдийн засгийн өсөлт 13-16 хувь өсөхөөр байгаа боловч эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлж байгаагаас эдийн засгийн төлөв нэлээд тогтворгүй байна. ОТ төслийн үйл ажиллагаа зургадугаар сараас эхэлбэл эдийн засагт томоохон өсөлт гарахаар байна.
- Сүүлийн 3 жилд уул уурхайн салбарын өсөлтийн улмаас гадаад худалдааны эргэлт ДНБ-ий хэмжэнээс давж, экспортын орлогын 93 хувийг эрдэс бүтээгдэхүүний орлого бүрдүүлэх болсноор манай эдийн засаг гадаад гэнэтийн шоконд улам өртөмтгий болгож байна.
- Бондын хөрөнгийг ашиглан хэрэгжүүлэх томоохон төслүүдийн хувьд төлөвлөлтийн бэлтгэл байдлыг хангаж, техник эдийн засгийн үнэлгээ хийхэд хугацаа шаардлагатай байгаа тул их хэмжээний хөрөнгө оруулат түрүүлж гарах магадлал бага байна. Өсөлтийн хурдац эдийн засгийн үйлдвэрлэх хүчин чадлаас түрүүлж байгаа учраас Чингис бондын эх үүсвэрээр улсын хөрөнгө оруулатын төсөл, арга хэмжээг нэмж санхүүжүүлэх нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шахаж, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө нь хязгаарлагдахын зэрэгцээ инфляцийн дарамт үүсгэж болзошгүй юм.
- Төсвийн бодлого байнга тэлж, мөчлөг дагасан шинжтэй байгаа нь эдийн засаг тууштай, тогтвортой өсөхөд эрсдэл болсон хэвээр байна. Төсвийн алдагдал ихээр хуримтлагдаж эхэлсэн энэ үед эрсдэл болсон хэвээр байна. Төсвийн алдагдал ихээр хуримтлагдаж эхэлсэн энэ үед эрдэс баялгийн зах зээл дээр гэнэтийн цочрол үүссэн тохиолдолд Сангийн яам асуудлыг зохицуулан шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байна.
- Нэгдсэн төсвийн орлогын хэт өндөр төсөөлөл, гадаад орчны таагүй орчноос шалтгаалж тасарсан тохиолдолд төсвийн алдагдал 6-8 хувь болох магадлалтай байна. Энэ нь өндрөөр төлөвлөсөн хөрөнгө оруулатын төлөвлөгөө тасрах эрсдлийг дагуулж байна.
- Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны санхүүжилт, мөн Чингис бондын зарцуулалт төсөвт дарамт учруулахаар байна.
- Тогтворжуулалтын санд хангалттай хэмжээний эх үүсвэр бүрдээгүй байгаа нь түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хараат хэвээр байгааг харуулж байна.
- Санхүүгийн зах зээлийн тэнцвэрт байдал алдагдсан, банкны салбар хэт давамгайлснаас санхүүгийн зах зээл нь эдийн засгийн эрчимт өсөлтөө гүйцэлгүйгээр саад тотгор болох төлөв ажигладаж байна.
- Үнэт цаасны зах зээлд салбарын өсөлтийг дэмжихүйц бодлого, эрх зүйн орчин болон бүтээгдэхүүн, үйлчилгээ дутагдалтай, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа хангалтгүй байна.
- Монгол улсын эдийн засгийн сектор хоорондын уялдааг хангасан макро эдийн засгийн загвар, түүнд суурилсан төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.
- Макро эдийн засгийн байдлын судалгаа, нэгдсэн төлөвлөлт хийхдээ Үндэсний тооцооны нэгдсэн дансууд, салбар хоорондын бланс, төлбөрийн тэнцэлийн суурь үзүүлэлтүүд, Үндэсний нийт орлого, Түрүүлэгч индикатор, хэрэглэгчийн итгэлцлийн индекс зэрэг үзүүлэлтийг бодлогын түвшинд шийдвэр гаргахад эдгээр үзүүлэлтийг ашиглах явдал хангалтгүй.
- Валютын хямралаас сэргийлэх үндэсний механизмийг бий болгох шаардлагатай.
- Төсөв мөнгөний бодлогын уялдаа сул байгаагаас өнгөц харахад мөчлөг сөрсөн бодлого явж байгаа мэт боловч бодит байдал дээр аль аль нь тэлэлттэй явагдаж, энэ нь эдийн засагт халаалт үүсгэж улмаар тогтворгүй байдлыг бий болгох байдал ажиглагдаж байна.
- Төсөв, сангийн бодлогын хэт тэлэлт нь инфляцийг онилсон мөнгөний бодлогын нөлөөг сулруулж байна.
- Урсгал төсөв, хөрөнгийн зарлын төлөвлөлт тусдаа хийгдэж байгаа нь нэгдсэн төлөвлөлт хийхэд хүндрэл учруулж байна. ЭЗХЯ болон СЯ-ны хөрөнгийн болон урсгал зарлуудад тавих үүрэг хариуцлагыг хуваасан нь төслийг үр ашигтай бэлтгэх болон хяналт тавихад саад учруулж байх талтай.
- Монгол Улсын стратеги төлөвлөлт, бодлогын баримт бичгүүд нь Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялддаггүйгээс үр өгөөж багатай, тооцоо судалгаагүй, зөвхөн "амлалт" биелүүлэхэд чиглэгдэж байна.
- Төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлого тодорхойгүй, төрийн оролцоо өндөр, хүнд суртал, шат дамжлага ихтэй.
- ЖДҮ -ийг хөгжүүлэх чиглэлээр гарсан бодлогын баримт бичгүүд, хуулийн хэрэгжилт хангалтгүй, санхүүжүүлэх механизм боловсронгуй бус, шат дамжлага ихтэй.
Дүгнэлтийн тавдугаар хэсэгт бусад асуудлыг хамааруулсан бөгөөд байгаль орчин, ногоон хөгжил, эрүүл мэнд, ядуурал, худалдан авах үйл ажиллагаа зэрэг эдийн засаг дахь төрийн оролцоо зэрэг асуудлыг багтаасан байна.
Б.МАНД