
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр Д.Хаянхярваа гишүүн “Монгол Улсын валютын нөөц яг хэд байгаа юм бэ? Энэ талаар мэдээллийг өнөөдрийг хүртэл би олж хараагүй” хэмээн гомдоллов. Энэ асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Валютын нөөцийн талаар мэдээлэл Монгол банкны сайтад нээлттэй байгаа” хэмээн хариулсан юм. Одоо үед аливаа мэдээллийг олж авахын тулд салбарынх нь сайт уруу ороод харчихаж болно гэдгийг мэддэггүй эрхэм гишүүд олон байдгийн нэг нь л Д.Хаянхярваа юм. Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсох үеэр С.Дэмбэрэл гишүүн “Ажлын хэсгийн дүгнэлт өнөөдрийн түвшинд хангалттай сайн болсны дээр эдийн засгийн байдалд иж бүрэн үнэлгээ өгсөн анхны оролдого болжээ. Гэхдээ цаашид юу хийх вэ гэдэг дээр дутуу ажилласан тал бий. Ажлын хэсгийн гишүүний хувьд би 65 зүйл заалт бүхий 14 хуудас материал бэлтгэсэн байгаа. Үүнийг уншаад надтай маргах хүн байвал гараад ирээрэй” хэмээн гишүүдийг дуэлд дуудсан юм. Мөн тэрээр “Монгол Улсын эдийн засаг макро түвшиндээ өсч байгаа ч энэ өсөлтийг иргэдийн амьдралд шууд тусгах хэрэгтэй” гэдгийг анхааруулсан юм.
М.СУРА